Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уранчимэг: Нүдний даралттай хүнд шөнийн гэрэл солонгорч харагддаг DNN.mn

АШУҮИС-ийн доктор профессор Д.Уранчимэгтэй глаукома буюу нүдний даралт ихсэх өвчний талаар ярилцлаа.


-Глаукома гэж юу гэсэн үг вэ. Ямар өвчнийг нэрлэдэг юм бол?

-Глаукома гэдэг бол глаукос гэсэн грек үгнээс гаралтай. Энэ нь харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Өөрөөр хэлбэл, энэ нь ногоон гэсэн үг. Үүнийг монголчууд нүдний даралт ихсэх өвчин гэдгээр нь сайн мэднэ. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хүүхэн хараа нь хагас тэлж, ногоорч харагддаг учир ингэж нэрлэсэн. Харааны мэдрэл дээр эмгэг үүсгэдэг бүлэг өвчин гэж хэлж болно. Тиймээс нүдний даралт цор ганц шалтгаан биш. Нүдний дотоод даралт ихсэхгүйгээр хэвийн даралттай глаукома өвчин гэж байдаг. Энэ өвчин нь удамшдаг учир хамаатан, гэр бүл, ойр тойрны хүмүүс нүдний даралт ихэсдэг бол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв өвчилсөн тохиолдолд эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай. Сүүлд эмчлүүлсэн ч нүдний харааны үхэжсэн эс сэргэдэггүй.

-Энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ, шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?

-Шөнө тусч байгаа гэрэл солонгорч харагдана. Нүд чинэрч таталт өгнө. Дотор муухайрах, бөөлжих, толгой таллаж өвдөх гэх мэт бусад эмгэгүүдтэй андуурах тохиолдол их байдаг. Хүн харанхуй орчинд удаан байх, нэг дор хэт их шингэн зүйл хэрэглэх үед нүдний дотоод даралт нэмэгдэх, нүд улайх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

-Бага насны хүүхэд, насанд хүрсэн хүмүүст шинж тэмдэг нь ялгаатай байдаг уу?

-0-5 насны хүүхдийн нүд нь илт бүлтийж томорно. Үүнийг бухын нүд гэдэг. Тухайн хүүхдийн нүдний дотоод даралт нь ихэссэн тохиолдолд нүдний эвэрлэгийн хэмжээ хэвийн бус харагдах, бүдэгших, нүд улайх гэм мэт олон хам шинжүүд байдаг. Дөнгөж төрсөн нярай хэт их нулимстай уйлвал тухайн хүүхдэд нүдний ямар нэгэн цочрол байна гэж үзэж болно. Хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаарай. Харин насанд хүрэгчдийн хувьд дээр хэлсэнчлэн шинж тэмдгүүд илэрдэг. Өндөр настай хүмүүсийн нүдний болор цайх шинж тэмдэг илэрвэл өвчилсөн байх магадлалтай. Удаан хугацаагаар өвдсөн нүдний янз бүрийн хавдрын үед нүдний дотоод даралт ихэсч болно. Мөн чихрийн шижин өвчний хүндрэлийн нэг нь глаукома өвчин болдог. Ийм учраас харааны мэдрэл нь хатингиршиж нэг ёсондоо сохорно гэсэн үг. Эдгээр тохиолдолд бид дотоод шүүрлийн, дотрын эмч нартай хамтран ажиллах шаардлага гардаг.

-Глаукома нь бусад эрхтэнд үсэрхийлж халддаг уу?

-Энэ нь биеэ даасан нүдний өвчин болохоор үсэрхийлэх боломжгүй. Нэг ёсондоо энэ өвчин туссан хүн эмчлүүлэхгүй тохиолдолд эргэшгүй сохор болно. Анхдагч хоёрдогч гэсэн хоёр шалтгаантай. Анхдагч глаукома нь төрөлхийн буюу 0-5 насны хүүхдэд илэрнэ. Тэгэхээр бүх насаараа энэ өвчнөөр өвдөнө гэсэн үг. Хоёрдогч глаукома нь гэмтлийн гаралтай, эсвэл нүдний судаслаг бүрхүүл өвчилснөөс болж үүсдэг. Жишээлбэл, сагс тоглож байгаад толгойдоо хүчтэй цохиулах, толгойгоороо хүчтэй юм мөргөх гэх мэт.

-Манай Улсад энэ төрлийн өвчлөл ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Дэлхийн 2.2 тэрбум хүн ямар нэгэн байдлаар хараа алдалттай байна гэсэн судалгаа байдаг. Глаукома өвчнөөр 2024 оны байдлаар 80 гаруй сая хүн өвчилсөн гэсэн тооцоололтой. Үүний 1.4 хувь нь Монголд тархалттай байна. Манай Улс энэ өвчлөлөөр БНХАУ-тай ижил хувьтай байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл монголчууд глаукоматай тэмцдэггүй, анхаардаггүй гэдгийг харж болно. Эргэшгүй сохор болгодог өвчин учир үүнд олон нийт анхаарлаа хандуулах шаардлагатай. Зарим үед энэ нь чимээгүй хэлбэрээр үүсэх тохиолдол байдаг. Тийм болохоор шинж тэмдэг илрээгүй ч гэсэн, толгойдоо гэмтэл авсан, толгой доргисон үед хараа зүйн төвд хандаж нүдэнд ямар нэгэн өөрчлөлт гарсныг үзүүлэх шаардлагатай.

-Хараа тэглүүлэх талаар сүүлийн үед их ярьдаг болсон. Ямар насны хүмүүс энэ эмчилгээг хийлгэдэг юм бол?

-Хүний биеийн өсөлт зогссон үед харааг тэглүүлж болдог. Ихэвчлэн 20-40 насны хүмүүст хараа тэглэх эмчилгээ хийгддэг. Хараа тэглүүлэх бол глаукомагаас урьдчилан сэргийлэх нэг хэлбэр.

-Урьдчилан сэргийлж чадвал эмчлэгдэх боломжтой өвчин үү?

-Глаукома өвчнийг зөвхөн эмчин үзлэг, нарийн шинжилгээгээр илрүүлдэг. Шинж тэмдэг илэрсэн бол эмнэлгийн байгууллагад хандаж оношлуулах хэрэгтэй. Энэ долоо хоногийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатрын есөн дүүрэг Улсын болон хувийн эмнэлгүүд дээр урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байгаа. Энэ өвчин бол бүх насныханд илэрч болдог тул жилдээ нэг удаа заавал эмнэлэгт хандаж байгаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *