Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танай яамнаас боловсруулаад, улмаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн онцлог, ач холбогдлын талаар эхлээд ярихгүй юу?
-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод “Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ” гэсэн зорилт тавьсан. Мөн алсын хараа 2050, Монгол Улсыг хөгжүүлэх 2020-2024 оны хөтөлбөрт бас тэтгэврийн тогтолцоог олон давхаргат болгоё, улсын тэтгэврийн ачааллыг багасгая гэсэн зорилтуудыг тусгасан байгаа. Энэ хүрээнд манай яам нийгмийн даатгалын багц хуулийг батлуулах ажлын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д 2021 онд өргөн мэдүүлсэн.
Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад улс орнууд тэтгэврийн тогтолцоондоо хоёр төрлийн өөрчлөлтийг хийж байгаа. Одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүс зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авч байгаа. Яваандаа улсын сан ачаалал даахад хүнд болно гэж судлаачид үздэг. Тиймээс энэ зах зээл дээр хувийн хэвшлийг оруулж ирэх хандлага дэлхий нийтэд сүүлийн 20 жил маш идэвхтэй явж ирлээ. 2022 оны байдлаар 32 улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлээд явж байна. Хамгийн сүүлд 2023 онд БНХАУ хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн байгаа.Энэ үүднээс манай улс дэлхийн жишгийн араас дагаж явъя гээд уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Дээр нь Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд манай улсыг тэтгэврийн тогтолцооныхоо ачааллыг задлах хэрэгтэй гэж байнга зөвлөсөөр ирсэн. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн оны хаврын чуулганаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжсэн. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналуудаа хэлэлцээд дууссан. Оны өмнө Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн байгаа.
-Энэ бол Монголд анхдагч хууль. Тэр утгаараа даатгуулагчдад ямар боломж байгаа вэ. Бас эрсдэлийг нь хэрхэн тооцсон бэ?
-Хэрэв энэ хууль батлагдвал даатгуулагчид хувийн тэтгэврийн сангуудад нэмэлтээр сайн дураараа хандаж, гэрээ байгуулах эрхтэй болно. Зарим улсын туршлагаас харахад “Улсынхаа тэтгэвэртээ даатгуулахгүй байж болно. Хувийн тэтгэврээ сонгож болно” гэж хуульчилснаас болж нэлээд алдаа гарсан юм билээ. Улсын тэтгэврийн сан, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хооронд өрсөлдөөн болж нэлээд асуудал гарсан байх жишээтэй. Тиймээс манайд зөвлөж байгаа олон улсын байгууллагууд “Сайн дураар улсын тэтгэврийн даатгалаас гадна нэмэлтээр даатгуулах нь зөв” гэж байгаа юм. Насны хувьд 18-аас тэтгэвэрт гарах хүртэлх насны хүмүүс даатгуулах эрх нь нээлттэй гэж хуульд тусгасан.
Хуулийн төслийг боловсруулахдаа хувийн хэвшлүүд, ажил олгогчид, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг олон талтай хамтарч ажилласан. “Энэ хуулийг батлуулахад ямар нэг саад тотгор байхгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуультай болъё. Хяналтад оруулъя” гэж нэгдсэн. Яагаад гэвэл одоо хувийн тэтгэврийн сангийн шинж тэмдэг хадгалсан үйл ажиллагааг зарим компаниуд явуулаад байгаа. Тэд Компанийн тухай хуулиар, ТББын зохицуулалтаар үйл ажиллагаа явуулаад хүмүүсээ аль хэзээнээс татаад эхэлчихсэн. Тэгэхээр хуультай болгоод хяналтыг нь сайжруулаад, нээлттэй болгох ёстой.
-Одоо хөдөлмөр эрхлэгч, ажил олгогчид нийлээд 17 хувийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа. Тэгэхээр хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо хэрэгжээд эхэлбэл одоо төлж байгаагаасаа хуваалцах юм уу. Эсвэл нэмэлтээр төлөх үү?
-Нэмэлтээр сайн дурын даатгал учраас одоо улсад төлж байгаа 17 хувийн шимтгэл нь хэвээрээ байна. Дээр нь нэмээд хувийн тэтгэврийн сантай гэрээ хийхдээ тохиролцоно гэсэн үг. Ингэхдээ хоёр хувилбар санал болгоно. Эхнийх нь цалин хөлснийхөө дүнгээс хувьчилж нэмэлтээр шимтгэл төлж болно. Эсвэл тогтмол мөнгөн дүнтэй байж болно. Хуулийн төсөлд энэ талаар хатуу тэдэн хувь гэж заагаагүй. Гэрээний харилцаа учраас нээлттэй орхисон. Олон улсад хувийн тэтгэврийн сангийн хамгийн гол хөшүүрэг бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг юм билээ. Жишээлбэл, арван ажилтантай ажил олгогч байя гэж бодъё. Компанийн эзэн хоёр сайн ажилтнаа хувийн тэтгэврийн даатгалд хамруулъя гээд дэмжээд өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө төлөөд даатгууллаа гэхэд тухайн гарсан зардалд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой. Олон улсад бол тэр төлж байгаа зардлыг татвар ногдох орлогын бүрэлдэхүүнээс, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасдаг юм байна. Тэгж байж ажил олгогч хөнгөлөлт эдлээд хүмүүсээ дэмждэг. Манайх тэр зарчмын дагуу хуулиа боловсруулсан. Нэг ёсондоо таны төлж байгаа шимтгэл нийгмийн даатгалын төлөх шимтгэлтэй давхцахгүй, чөлөөлөгдөнө. Мөн ХХОАТ-аас, байгууллага бол ААНОАТаас чөлөөлөгдөөд явна. Тухайн байгууллага шинэ зах зээлийг дэмжсэн гэдэг агуулгаараа энэ хуулийн амин сүнс оршиж байгаа.
-Хувийн нэмэлт тэтгэврийн санд үүссэн мөнгийг хэн удирдах вэ?
-Энэ мөнгө аюулгүй бас өсч байх ёстой. Үүнийг хэн удирдах вэ гэдэг дээр хуулийн төсөлд сонгодог хөрөнгө оруулалтын харилцааг тусгасан. Тэр нь юу вэ гэхээр тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани буюу мэргэжлийн хөрөнгө удирддаг компанитай гэрээ хийгээд хөрөнгөө итгэмжлэн удирдуулахаар хуулинд оруулсан. Энэ хоорондын харилцааг Санхүүгийн зохицуулах хороо байнга хянаж явна. Тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой өдөр тутмын гүйлгээг Кастодиан гэдэг байгуулага нэг бүрчлэн бүртгэх юм. Иргэн Дорж шимтгэлээ шилжүүллээ. Тэр шимтгэл нь хөрөнгө оруулалт руугаа гарлаа. Ямар өгөөж олсон гээд бүх гүйлгээг нь тухай бүр бүртгэж хянана.
Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн аюулгүй найдвартай байдлыг нэг номерт тавьж өгнө. Энэ мөнгийг даатгуулагч нэг, хоёр жилийн дараа авахгүй. Хорь, гучин жилийн дараа ашиглана. Тийм учраас нэгдүгээрт, сангийн хөрөнгө бүрэн бүтэн байх ёстой. Хоёрдугаарт, үнэ цэнээ алдаагүй байх. Гуравдугаарт, өгөөжөөр өссөн байх ёстой. Энэ дарааллаар хуулийн төслийг боловсруулсан. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани буюу мэргэжлийн байгууллага тэтгэврийн сантай гэрээ байгуулж ажиллана. Өдөр тутмын хөрөнгийг нь удирдана. Хийж байгаа бүх гүйлгээг нь дээр хэлсэнчлэн Кастодиан байгууллага тусад нь бүртгэж хөтөлнө. Хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани, Кастодиан гурав тулгын чулуу шиг бие биенээ хооронд нь хянах юм.
-Даатгуулагчид хуримтлуулсан мөнгөнөөс ашиглах боломжтой юу?
-Даатгуулагч нэг удаа нийт цуглуулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулж болно гээд хуулийн төсөлд заасан байгаа. Энэ бол таны ирээдүйд хүртэх тэтгэвэрт зориулсан мөнгө учраас бүгдийг нь зарцуулах боломжгүй. Нэг удаа 30 хүртэлх хувийг нь дээрх гурван чиглэлээр зарцуулах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан.
-Хувийн нэмэлт, тэтгэврийн сангаас тэтгэвэрт гарах насыг нь хэд байхаар тооцоолсон бэ?
-Улсынхаа тэтгэвэрт гардаг настай адилхан. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэр гарахтай зэрэгцээд хувийн тэтгэвэрээс тэтгэвэр авах эрх нь үүснэ. Тэтгэврээ гурван янзаар авах сонголттой. Нэгдүгээрт, хуримтлуулсан тэтгэврээ бөөнд нь нэг удаа авч болно. Ингэхдээ заавал холбогдох татвар төлөх юм. Хоёрдугаарт, цуглуулсан мөнгөө 10 жилээр хувааж авч болно. Ингэж авбал татваргүй. Гуравдугаар ангилал нь насан туршдаа буюу бурхан болтлоо авах. Эсвэл хувийн тэтгэврийн санд нь 20 сая төгрөгийн үлдэгдэл байлаа гэхэд “Эхлээд таван саяыг нь бөөнд нь авчихъя. Үлдэгдэл 15 саяыг нь 10 жилдээ хуваагаад авъя” гэж болно.
-Иргэд насан туршдаа нэмэлт тэтгэвэр өгч, өгчихөөд яг тэтгэвэрт гарах үед хуримтлал үүсгэж байсан компани дампуурчихвал яах вэ. Хуучны хадгаламж зээлийн хоршоод шиг дампуурчихвал хохирлыг нь хэн хариуцах бол?
-Хуулийн төсөл энэ талаар маш нарийн зохицуулалтууд оруулж ирсэн байгаа. Жишээлбэл, сангийн үйл ажиллагаа эрхлэгч компанид “Та энэ хүний мөнгийг аваад удирдахдаа заавал баталгаат өгөөж өгнө шүү” гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, жил бүр Монголбанкны бодлогын хүүтэй тэнцүү хэмжээний өгөөжийг даатгуулагчдадаа заавал өгөх ёстойг хуульчилсан.
Хэрэв өгч чадахгүй бол дүрмийн сангаасаа төлнө. Магадгүй дүрмийн сангаасаа төлж чадахгүй бол тухайн сан дээр тусгай комисс ажиллана. Шууд үйл ажиллагаанд нь хяналт тавиад, зогсоож тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ. Том хэмжээний алдагдал болохоос өмнө барина гэсэн үг. Энэ бол нэг, хоёр сарын дотор шийдэгдэх ажил. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо индикаторуудаараа байнга хянаад явна. Хэрэв зөрчлөө арилгачихвал үйл ажиллагааг нь хэвийн болгоно. Харин арилгахгүй бол татан буулгах арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан.
-Дүрмийн сангийн хөрөнгийг яаж тогтоож байгаа вэ?
-Одоогоор хуулийн төсөлд 20 тэрбум төгрөг байхаар тусгаад байгаа.
-Даатгуулагч тэтгэврээ авч чадалгүй нас барчихвал яах вэ?
-Мэдээж өвлөлийн харилцаа үүсч байгаа. Хуулинд хоёр төрлийн өвлөгч байна гэж зааж өгсөн. Нэгдүгээрт, эрх залгамжлагч. Гэрээгээ анх байгуулахдаа тэтгэврээ хэнд өвлүүлэхээ шууд зааж өгнө. Тэр хүн нь хэн ч байж болно. Үр хүүхэд, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд ч юм уу.
Эсвэл заасан эрх залгамжлагч нь нас барсан тохиолдолд шууд өвлөлийн харилцаа үүснэ. Иргэний хуулиар тухайн хүний тэтгэврийг хэнд өвлүүлэх вэ гэдгийг шийдэх юм. Энэ бол хуулийн бас нэг амин сүнс нь.
-Хувийн нэмэлт тэтгэврийн сан нь банкинд мөнгөө хадгалахаас ямар давуу талтай вэ?
-Банкны хүүгийн хадгаламжийн орлогоос татвар авдаг Тэгвэл хувийн нэмэлт тэтгэврийн сан бол татвараас бүрэн чөлөөлчихнө. Бас банкин дахь хадгаламж өөрөө тогтвортой биш. Иргэн хадгаламжинд хийсэн мөнгөө нэг аваад, нэг хийгээд явдаг. Эсвэл хадгаламжаа шууд цуцлаад мөнгөө зарцуулчихдаг. Таван жилийн дараа хадгаламжгүй байх ч тохиолдол өндөр шүү дээ.
-Тэтгэврийн зээл авах боломж бүрдэх үү?
-Энэ бол тэтгэврийн бүтээгдэхүүн учраас тийм боломж байхгүй.
-Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулах компанид ямар шалгуур тавьж тусгай зөвшөөрөл олгох вэ?
-Компанийн тухай хуулиар ХХК үүсгэн байгуулна. Үйл ажиллагаагаа явуулаад нэр хүнд бүхий байгууллагаар аудитын тайлангаа гаргуулж баталгаажуулсан байхыг шаардаж байгаа. Дүрмийн сангийн 20 тэрбум төгрөгийг зээлээр бүрдүүлээгүй байх, ямар нэг банкны хар дансанд орсон мөнгө биш байх зэрэг шалгуур тавьсан. Удирдах бүрэлдэхүүнд бас хатуу шаардлага тавина. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагад ажиллах хүн ямар шалгууртай байхыг хүртэл хуульчилна. Урьд нь банк дампууруулж байгаагүй байх, хугацаа хэтэрсэн өр зээлгүй, ял шийтгэлгүй хүн санг удирдана. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан байх зэрэг шалгууруудыг тавьж байгаа. Ийм хуулийн төсөл өргөн баригдаад хэлэлцэгдэхэд бэлэн болсон байна.
М.МӨНХЦЭЦЭГ
One reply on “Б.Батжаргал: Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хууль батлагдвал даатгуулагч нэг удаа нийт цуглуулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг зарцуулах боломжтой DNN.mn”
Нэмэлт тэтгэвэр яг хэзээнээс хэрэгжих вэ