Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Зулпхартай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуульэнэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуульд ямар, ямар өөрчлөлт оров?
–УИХ-аас 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар Монгол Улс 1995 оноос шимтгэлтэй нийгмийн даатгалын тогтолцоонд шилжсэн түүхтэй. Энэ тогтолцоо нь иргэдийг өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирох, ажилгүй болох, тэжээгчээ алдах зэрэг санхүүгийн баталгаа нь алдагдсан үед тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулинд 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж байв. Харин өмнөх оны долдугаар сард баталсан Нийгмийн даатгалын багц хуулинд олон зохицуулалтыг шинээр тусгасан. Тухайлбал, тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх,олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх, тэтгэврийг өвлүүлэхийг хуульчилсан. Мөн багц хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд оруулах, хуулиудын уялдааг хангах, ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт оруулж иргэд, даатгуулагчид чирэгдэлгүй үйлчлэх, ажил олгогчдод олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны зардлын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын засаглалыг оновчтой болгох юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт оров уу?
–Энэ талаар хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй, шимтгэлийн хувь нэмэгдээгүй. Харин ажил олгогчийн даатгалын төрөл бүрт шимтгэл төлөх хувь хэмжээг хооронд нь гүйлгэсэн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 0.8-2.8 хувиар ялгаатай ажил олгогчоос төлдөг байсан. Энэ хувь хэмжээнээс 0.3 пунктийг ажил олгогчийн төлөх ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээн дээр нэмж 0.5 хувь болсон. Өмнө нь ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог байсан бол хуулийн шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар 0.5-2.5 хувиар тогтоодог болсон.
-Ингэхэд ажил олгогчийг дэмжих ямар зохицуулалт шинээр туссан юм бол?
–Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор ажил олгогчид хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Энэ нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 10 хүртэл хувиар үзүүлдэг байсан. Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд дээрх хоёр хөнгөлөлтийг хэвээр мөрдөнө. Үүний зэрэгцээхөнгөлөлт үзүүлэх хувь хэмжээг 15 хувь болгон өсгөсөн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийг 12 сар хүртэлх хугацаагаарүзүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн дээр хэлсэнчлэн ажил олгогч үйл ажиллагааны чиглэлээсээ хамаарч 0.5-2.5 хувиар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг төлдөг байсан бол энэ оноос эхлэн ажлын байрны нөхцөлөөс нь хамаарч 0.5-2.5 хувиар шимтгэл төлөхөөр зохицуулсан. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ багасгах юм.
-Та сая олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлнэ гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?
–Даатгуулагчийг улсын нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдаж, тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд давхар даатгуулж хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авдаг байх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулах хуулийн төсөл юм. Энэ хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар 2023 оны намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор тус тус хэлэлцэж дэмжсэн. Манай яамны зүгээс энэ оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх саналаа хүргүүлээд байна.
-Тэтгэврийн бодолт тогтоолт дээр иргэд шударга бус байна гэж их шүүмжилдэг. Ер нь тэтгэврийг яаж бодвол шударга байх вэ?
–Манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо нь хуваарилалтын зарчмаар буюу одоогийн даатгуулагчийн төлсөн шимтгэлээр тэтгэвэр олгодог. Тэтгэвэр бодолтын хувьд одоо цалинд суурилсан аргаар, шимтгэлд суурилсан аргаар гэсэн хоёр сонголттой болсон. Цалинд суурилсан арга нь бол та бидний сайн мэдэх дараалсан таван жилийн цалингаа сонгож тэтгэврээ бодуулах. Хуулийн шинэчлэлийн хүрээнд 1960 оноос өмнө төрсөн даатгуулагч энэ аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн даатгуулагч дээрх хоёр аргаас сонгох боломжтой. Харин 1979 оноос хойш төрсөн даатгуулагч зөвхөн шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр бодуулахаар зохицуулсан. Шимтгэлд суурилсан арга нь ямар учиртай вэ гэвэл даатгуулагч хэр их хэмжээний шимтгэл төлсөн байна түүнтэй уялдаатай тэтгэвэр авна гэсэн үг. Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох үеийн нэрийн дансны үлдэгдлийг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэврийг бодно гэж ойлгоно. Энэ нь өөрөө тэтгэврийг бодитой, шударга тогтоох зарчим гэж бодож байна.
-Монголчууд насаараа НДШ төлж, төлчихөөд тэтгэвэрт гараад удалгүй нас бардаг. Тэтгэврийг өвлүүлэх асуудал багц хуульд багтсан уу?
–Гадуур иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байх шиг байна. Тэтгэвэр өвлүүлэх асуудлыг өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт буюу 20 хувьтай андуурч асууж лавлаж байна. Энэ 20 хувийн нэмэгдэл олгох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулж байгаа. Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан хүн нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг авч байсан тэтгэврийнх нь 20 хувиар нэмэгдүүлэн олгох юм. Мөн өвлөлтийн нэг элемент бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр юм. 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 20.5 мянган тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид 119.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгоод байна.
-Нийгмийн даатгалыг иргэд зөвхөн тэтгэвэр л гэж хардаг. Нийгмийн даатгалаас хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?
–Нийгмийн даатгал бол зөвхөн тэтгэвэр биш л дээ. Нийгмийн даатгал нь дөрвөн төрлийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгодог. Тэтгэвэр гэх агуулгын доор тэтгэврийн даатгалын сангаас гурав, цэргийн төрлөөр гурав, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэврийг тогтоож олгож байна. Тэтгэмжийн хувьд тэтгэмжийн даатгалын сангаас гурав, ажилгүйдлийн даатгалын сангаас нэг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэмж олгодог байх жишээтэй. Мөн төлбөр, зардал, ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийг үзүүлдэг. Мэдээж дээрх үйлчилгээг авахын тулд холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл болзолыг хангасан байх шаардлагатай шүү дээ. Өнгөрсөн оны байдлаар гэхэд 205.6 мянган даатгуулагчид нийтдээ 182.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна.
-Өнгөрсөн онд тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний дараа иргэдийн дунд итгэлцүүр гэх яриа их гарсан. Ямар аргачлалаар боддог юм бэ?
–Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох жилүүдийн цалинг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан өнөөгийн үнэ цэнд ойртуулах коэффициентийг итгэлцүүр гэж хэлээд байгаа. Итгэлцүүрийг 1997 оноос хойш зургаан удаа баталсан. Хамгийн сүүлд буюу одоогийн мөрдөж байгаа итгэлцүүрийг есөн жилийн өмнө буюу 2014 онд 2011 оныг “1” гэсэн, 1990 оны хувьд “715” суурьтайгаар баталж байсан. Харин 2023 онд шинэчлэн тооцсон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан 2022 он суурьтай тооцож гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулинд итгэлцүүрийг жил бүр Засгийн газар шинэчлэн баталж байхаар, тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуульд тус тус тусгасан. Тэгэхээр цаашид тэтгэвэр бодох итгэлцүүрийг жил бүр шинэчилж, зөвхөн тухайн жилд шинээр тэтгэвэр тогтоолгосон хүнд ашиглана.
-Нэрийн дансан дахь хуримтлалыг шимтгэл төлөгч хэзээнээс ашиглаж болох юм бэ?
–Нэрийн дансны харилцааг зохицуулсан хууль анх 1999 онд батлагдаж, 2000 оноос эхлэн 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад нэрийн данс нээж байсан. Одоогийн байдлаар нэрийн дансанд бүртгэлтэй 1.5 сая даатгуулагч байна. Мөн түрүүн хэлсэнчлэн 1960-1979 оны хооронд төрсөн даатгуулагч тэтгэвэр тогтоох аргаас сонгоно. 1979 оноос хойш төрсөн даатгуулагч шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр тогтоолгох юм. Тэгэхээр тэтгэвэрт олгох санхүүжилт нь тухайн даатгуулагчийн нэрийн данс дахь орлогоос санхүүжүүлэх юм. Шинэ хуулиар нэрийн дансны орлогыг 2030 оноос эхлэн мөнгөжүүлэхээр тусгасан.
-Ер нь олон улсадтэтгэврийн даатгалын тогтолцоонд ямар шинэчлэлийг чухалчилж байна вэ?
–Улс орон бүр л өөрийн орны онцлогт нийцсэн нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлдэг. Дэлхийн ихэнх улс орнууд нэгдүгээрт параметрийн шинэчлэл хийж байна. Энэ нь нас, тэтгэвэр бодох аргачлал, шимтгэл төлөх доод хэмжээ, хугацааг өөрчилж байгаа гэсэн үг юм. Мөн тогтолцооны өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих зохицуулалт юм.
Дэлхий нийтийн чиг хандлага тухайн хүн хэр хэмжээний шимтгэл төлнө түүнтэй уялдаатай тэтгэвэр авах чиглэл рүү тогтолцоогоо өөрчилж байна. Манай улс ч ялгаагүй хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхний алхмыг хийсэн.