Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын мэдээллийн сувгийг валютаар тэтгэж байгаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжмээргүй байна DNN.mn

Гуравхаан сая хүн амтай, уул уурхайгаас хараат монголчуудад өнөөдөр эх оронч үзэл юу юунаас чухал. Гэхдээ энэ бол мэдээж Монгол гэж цээжээ дэлдэхээс өөр ойлголтыг хэлж байгаа юм шүү, эдийн засгийн талаас нь. Эх оронч худалдан авалтыг манай сонин их хөндөж бичсэн дээ. Зарим хөгжсөн орнуудын туршлага ч үүнийг нотолдог. Биесээ дэмжиж, чирж байж улс орны хөгжил урагшилдаг юм байна лээ. Үүнийг учир мэдэх хүмүүс, захын улстөрчид ч мэдэж байгаа. Гэтэл саяхан нэг сонин зүйл харлаа.

Манай улстөрчид гадаадын мэдээлэл сурталчилгааны байгууллагад их хэмжээний мөнгийг зардаг юм байна. Наад талын жишээ. УИХын аравхан гишүүн зөвхөн фэйсбүүкт 500 гаруй сая төгрөгийг заржээ. Энэхүү түүвэр судалгаанд тухайн улстөрчийн зөвхөн албан ёсны нэг л хаягийг оруулсан. Дэмжигч хаяг, өөр бусад платформ, пэйжийг оруулаагүй юм билээ. Тухайн улстөрчийн мэдлийн ч нууцлалтай байдаг олон аккаунтыг оруулсан бол дээрх төгрөгийн хэмжээ мэдээж өснө.

УИХын гишүүн Г.Амартүвшин фэйсбүүк сурталчилгаанд 138 сая төгрөг, УУХҮийн сайд Ж.Ганбаатар 124 сая төгрөг гэхчлэнгээр гишүүд, сайд нарын зарсан мөнгө хөвөрч байна. УИХын гишүүн Г.Амартүвшинг дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэй мэдээ нийтлүүлж байхыг би лав мэдэхгүй юм. Бие даасан редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй мэдээ нийтлэлийг төлбөртэй гэсэн тэмдэглэгээ тавьдаг. Г.Амартүвшин, Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүдийн спонсорлосон постуудтай фэйсбүүкт их таарч байснаас хэвлэлээс харж байсангүй. Яахав, сонгуулиар хэд гурван мэдээ хуулийн дагуу өгч байсан байх.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тэд гадаадын хэвлэлд бус дотоодын мэдээллийн хэрэгсэлд мөнгө зардаг байх хэрэгтэй. Коммунист уншигдаж магадгүй. Гэхдээ бодит үнэн бол тусгаар улс байя гэвэл тусгаар хэвлэлийн салбартай байх ёстой. Тусгаар хэвлэлтэй байхын гол үндэс нь зар сурталчилгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бол буяны байгууллага биш. Яг л бусад салбарын хувийн аж ахуйн нэгжүүдийн нэг. Хүн цалинжуулна, татвар төлнө. Тэр бүрт мэдээж мөнгө хэрэгтэй. Тэгээд ч улстөрчид өөрийн ажлыг таниулахын тулд гадаадын мэдээлэл сурталчилгааны байгууллагад валют урсгаж байхаар дотоодын хэвлэлээ дэмжвэл мөнгө төгрөг нь яадаж л Монголдоо үлдэнэ. Монголд нэмүү өртөг шингэсэн нэг бүтээгдэхүүн бий болно. Гэтэл улстөрчид дотоодын хэвлэлд мөнгө зарахаас гар татдаг. Нөгөө талаас дотоодын хэвлэлийг эдийн засгийн сувгаар боомилох гэсэн хүсэл сонирхол нь ч байдаг байх. Иргэд ядуу байх нь, аж ахуйн нэгжийг дарж байх нь сонгуулиар тэдэнд ашигтай. Иргэдийн саналыг худалдаж авахад тустай.

Манай сонин “Монгол төрийн сонгуулийг Монголын хэвлэлээр явуулъя. Фэйсбүүк, твиттер, инстаграм гээд гадны сүлжээг хязгаарлая” гэж их ч бичсэн. Нийгмийн зарим хэсэг эрх ашгийнхаа үүднээс бичлээ гэж явцуу харсан байх. Угтаа бид тусгаар улс, тусгаар тогтнолын эрх ашгийн үүднээс бичсэн. Гадаадын сурталчилгааны платформ, мэдээллийн зах зээлд бид аюулгүй байдлаа алдчихвал Монголын эрх ашгийн үүднээс тэдний хэн нь бичих вэ. Хэн дуугарах вэ. Тэдэнд Монгол Улс түй ч хамаагүй.

Ажилчдынхаа НДШ, цалинг нь тасалчихгүй гэж гүрийж яваа хэвлэлийн эрхлэгчид нийтлэлийн бодлогоо Монголын,

олон нийтийн эрх ашигт л нийцүүлдэг юм шүү дээ. Өнөөдөр мөнгөгүй байлаа ч маргааш тураад үхчих гээд байгаа биш. Больё, үгүй, арга олдоно гэдэг хэвлэлтэй учраас үүнийг мэдэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн салбарт

олон саартай сайнтай хүн байгаа учраас өнөөдөртөө хэвлэл муухай харагдаж байж болох юм. Гэхдээ тэд Монголын хувь заяанд чухал үүрэгтэй, ойр ажилладаг хүмүүс шүү, хэвлэл мэдээллийхэн бол.

Тухайлбал, Солонгос улс хэвлэл мэдээллийн байгууллагаа дэмждэг жишээтэй. Солонгосын томоохон аж ахуйн нэгжүүд реклам сурталчилгаагаа заавал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаг. Ингэж тусгаар улсынхаа соён гэгээрүүлэх, мэдээллийн үүрэгтэй хэвлэлийн салбараа дэмждэг. Тэгж хэний ч нөлөөнд орохгүй хүчтэй бие даасан редакцуудыг бий болгодог. Гэтэл манай улстөрчид аль болох хэвлэл мэдээлэл, иргэдийн амыг боох аргыг сүвэгчилж суудаг.

Ер нь хэвлэлийн байгууллага түмэн олны амьдралд хэрэгтэй, боловсролд тустай мэдээллийг түгээдэг бол сошиал бол худал үнэн хов живээр олон нийтийн цагийг барж, тархийг угаадаг. Хэрэгтэйгээсээ хэрэггүй мэдээлэл дийлэнх байдаг. Нийгмээ хөгжүүлье, иргэдээ боловсруулъя гэвэл үзэж харж, уншиж судалж байгаа зүйл нь их нөлөөтэй. Тиймээс л гадаадын сошиал мэдээллийн сувгийг валютаар тэтгэж суугаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжихгүй байя гэсэн уриалгыг гаргаж байгаа юм.

Улс төрийн том сонгууль ойртож байна. Ухаанлаг энэрэнгүй, эх оронч царайтай улстөрчид монгол төгрөгийн үнийг унагахад ойрхон байна. Фэйсбүүкээр зөвхөн бүүст хийхэд 1-1000 ам.долларын ханштай байдаг. 250 хүнд нэг постыг харуулахад нэг ам.доллар төлөх ёстой. Таван мянган хүнд харуулмаар байвал 1000 ам.доллар төлнө. Гэхдээ энэ мөн л хугацаатай. Олон хоног байршуулбал үнэ дагаад л өснө. Ингээд бодохоор нэг тойргийн хүн ам хэдэн зуун мянгаараа тоологдоно. Тэр сигментэд харуулахын тулд улстөрчид мөнгө харамлахгүй цацах нь ойлгомжтой. Энгийн цагт хэдэн зуун саяараа тоологдож байгаа валют сонгуулийн эд халалтаар хэдэн тэрбумаараа гадагшаа урсах нь. Тиймээс нэр дэвшигчид болон улстөрчид өөрсдөө эх оронч байя. Эх оронч байж чадаагүй, гадаадын сошиал сувгийг валютаар тэтгэж, дотоодын хэвлэл мэдээллээс болохоор сохор улаан мөнгө ч харамлаж суугаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжих хэрэг байгаа юм уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *