Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас гуравдугаар сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно.
Түүнчлэн
- 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар
- 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус хүрнэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаарна.
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.
Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэдгийг мэдээлэв.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар