ОХУ-ын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд орших шоронд гэнэт нас барсан. Энэ сарын эхний өдөр Навальныйг оршуулах ёслол Москва хотод амьдарч байсан гэрийнх нь ойролцоох жижиг сүмд болж, түүнийг хамгийн ойрын оршуулгын газарт оршуулсан.
Олон хүн багтахгүй жижиг сүмд ээж Людмила, аав Анатолий нар нь түүнийг сүүлийн удаа үнсэж, гашуудагсад эцсийн хүндэтгэлээ үзүүлсний дараа номлогч лам Навальныйн нүүрийг цагаан даавуугаар бүрхсэний дараа авсны тагийг тавьснаар сүмийн ёслол нэг их удалгүй дууссан. Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр Орост суугаа АНУ, Францын болон барууны хэд хэдэн улсын Элчин сайд нар тэргүүтэй гадаадын дипломатууд хүрэлцэн ирсэн байв. Оршуулах ёслолд ирсэн нэгэн эмэгтэй Навальныйг “баатар” гэж нэрлэсэн бол өөр нэг залуу сөрөг хүчний улстөрчийг “эсэргүүцлийн бэлгэ тэмдэг” гэж магтаж, Орост хүн бүр эрх баригчдыг дэмждэггүй гэдгийг харуулахын тулд энд ирсэн гэж хэвлэлд ярьж байв.
Навальныйн шарилыг машинд ачихад гадаа нь цуглан уйлж байсан олон хүн бүгд алга ташиж түүний эцэг эхэд “Та хоёрт баярлалаа” хэмээн хашгирч байсан. Ингээд шарил ачсан машины араас хэдэн км үргэлжилсэн иргэдийн цуваа хөвөрч эхэлсэн. Москвагийн цагаар 17 цагт хаах байсан оршуулгын газар хаах аргагүй болж иргэдийн урт цуваа хөвөрсөөр байв. Навальныйн шарилд цэцэг өргөж буй иргэд “Бид хэзээ ч уучлахгүй”, “Путин бол алуурчин”, “Орос эрх чөлөөтэй болно”, “Дайнд үгүй гэж хэл”, “Путингүй Орос”, “Украинчууд сайн хүмүүс” бүр украинчуудын хэрэглэдэг “Баатруудын алдар бадраг!” гэх мэт туйлын зоримог уриа цуурайтуулж байсан.
Цагдаагийн алба хаагчид ёслолын газарт олноороо ирсэн байсан ч хөндлөнгөөс нэг их оролцоогүй юм. Гэхдээ “ОВД Инфо” агентлаг энэ өдөр ОХУ даяар 32 хотод нийт 400 гаруй хүн Алаксей Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирээд баривчлагдсан гэж мэдээлсэн.
Навальныйд хүндэтгэл үзүүлэх ёслолд эхний өдөр 16500 орчим хүн оролцсоныг “Белый Счетчик” олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн оролцоог хэмжих төслийн баг тооцоолсон бол 23000 хүн талийгаачийн булшинд очсон тухай хараат бус “Дождь” телевиз мэдээлсэн. Навальныйд хүндэтгэл үзүүлэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Харин Кремлийн эрх баригчид камер шүүн Навальныйд хүндэтгэл үзүүлсэн иргэдийн гэрээс нь саатуулж, шүүхэд өгч эхэлжээ.
Гэхдээ ийм олон хүнийг шоронд хорих боломж ОХУ-д ч байхгүй юм. Энэ явдлыг олон улсын судлаачид “Алаксей Навальныйн оршуулга Кремлийн дэглэмийн оршуулга болж хувирлаа” гэж бичиж байна.