Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.


-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

– Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *