Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Намууд манлайлал үзүүлэх, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчээ таниулах боломж бол мэтгэлцээн DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Сошиал сүлжээ цензургүй, үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээллээр дүүрэх болсон. Удахгүй улс төрийн том сонгууль болно. Нэр дэвшигчдийн талаарх бодитой мэдээллийг сонгогчдод хүргэх үр дүнтэй суваг, арга юу байдаг вэ?

-Орчин үеийн нийгмийн амьдрал, ялангуяа улс төр үйл ажиллагаа, сонгуулийн кампанит ажилд дэлхий нийтээр ашиглах нэгэн шинэ харилцааны суваг нутагшиж байгаа нь цахим хэрэгсэл, сошиал сүлжээ. Манай улсын хувьд 2012 оны сонгуулийн үеэс эхлэн цахим орчныг ашиглаж эхэлсэн байдаг.

Харамсалтай нь бидний хувьд сошиалын зөв хэрэглээ, дадал, аюулгүй хэрэглээний асуудал нухацтай хандах хэмжээнд хүрсэн гэж хувьдаа үздэг.

2024 оны сонгуулийн хувьд цахим сонгууль, AI, өгөгдөлд суурилсан сонгуулийн кампани өрнөх төлөв харагдаж байгаа. Учир нь фэйсбүүкийн хэрэглэгч манай улсын хувьд өндөр үзүүлэлттэй байдаг. Тиймээс нэр дэвшигчийг таниулах, сурталчлах сувгийн хамгийн чухал нь байна. Гэхдээ сошиал сүлжээгээр нэр дэвшигчийн талаарх бодитой мэдээллийг хүлээн авах байдал харилцан адилгүй байх болно.

Ер нь нэр дэвшигчийг тодруулах тал дээр гадны улс орнуудын намууд сонгогчийн далд ухамсар дахь хүсэмжит, хүлээн зөвшөөрөхүйц, төлөөлөхүйц бие улстөрчийн дүр төрхийн судалгааг түгээмэл хийдэг. Судалгааны үр дүнд суурилан нэр дэвшиж буй улстөрчийн хувьд өөрийгөө “зөв” таниулах, сурталчлах ойлгуулахад хүндрэл багатай юм. Нөгөө талаар маш сайн сонгуулийн кампанит ажлын мэргэжилтэнтэй бол сонгогчдын хүсэмжит улстөрч байх боломжтой. Улс төрийн шинжлэх ухаанд сонгуулийн кампанит ажлын технологи тэргүүлэх чиглэлд хөгжиж байгаа. Тиймээс улс төрийн коммуникацийг ашиглахад улс төрийн маркетинг, улс төрийн сэтгэл судлал, улс төрийн социологи, хэвлэл мэдээлэл, их өгөгдөлд суурилах зэрэг олон салбар дундын шинжтэйгээр хөгжиж байна.

Үр дүн нь нэр дэвшигчийг маш “гоё сайхнаар” бүтээж чадах юм. Иймд нэр дэвшигчийг танихын тулд намын бодлого, намаас нэр дэвшүүлж байгаа журам, дотоод ардчиллыг сайн харах хэрэгтэй. Тухайн намын алсын хараа, урт хугацаанд оршин тогтнох, төлөвших зэрэг нь ямар нэр дэвшигч, улстөрчийг бэлдэж бойжуулж байгаагаас шууд хамаарах тул хамгийн чухал суваг нь нам хэнийг санал болгож байгааг анхаарах ёстой. Мэдээж мэдээллийг нягтлах дадал сурах аваас ямар ч сувгаар орж ирсэн мэдээлэлд цензуртэй хандаж сурна. Сонгуулийн кампани нь хүний сэтгэл зүй дээр маш сайн туршсан технологи ашигладаг тул аливаа төрлийн мэдээллийн үнэнийг эрэлхийлж сурах ёстой болов уу.

-Нэр дэвшигчдийн нүдийг нээхийн тулд намууд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг олноор хийвэл хэр үр дүн гарах бол?

-Улс төрийн сонгуульд мэтгэлцээнийг ашиглах байдал түгээмэл болсон. Тодорхой түвшинд тухайн хүний үнэн дүр төрх, улс төрийн хүсэл эрмэлзэл, бие хүний талаар таних боломжийг улс төрийн мэтгэлцээн олгодгийг 60-аад онд Америкийн ерөнхийлөгчийн сонгууль нотлоод үзүүлчихсэн. Тиймээс намуудын хувьд манлайлал үзүүлэх, мөрийн хөтөлбөрөө таниулах, хүсэмжит улстөрч, нэр дэвшигчийг дэвшүүлж байгаагаа таниулах боломж бол мэтгэлцээн юм.

-Сонгогчдын улс төрийн боловсрол маш чухал. Ер нь сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх үр дүнтэй арга юу вэ?

-Сонгогчийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Ардчилсан засаглалтай улсын хувьд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бодлогоор сонгогчдын боловсролыг тогтмол дээшлүүлж байх ёстой. Хамгийн үр дүнтэй байх нь таны амьдралд хамааралтай бүх шийдвэрийг сонгогдсон улстөрчид, улс төрийн намын мөрийн хөтөлбөр шийдэж байна гэдгийг ойлгуулах асуудал юм. Тиймээс аль болох ерөнхий боловсролын сургуульд байхаас эхлэх нь зүйтэй болов уу.

-Намуудын мөрийн хөтөлбөр ерөнхийдөө худал амлалт байдаг гэсэн дүгнэлт нийгэмд түгээмэл болчихлоо. Татвар нэмэхгүй гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгачихаад татвар нэмчихэж байна л даа. Бас халамжийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Өнөөдөр сонгогчид сонголтоо хийхээсээ өмнө юуг чухалчлах ёстой вэ гэсэн эргэлзээнд орчихоод байх шиг?

-Худал амлалт гэдэг нь гурван сонгуулийн өмнөх зүйл байж магадгүй. Үндэсний Аудитын газарт намууд сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө шалгуулдаг болчихсон. Тодруулбал, мөрийн хөтөлбөр нь манай улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төсвийн хуульд нийцэхүйц байхыг нягтлан үзэж дүгнэлт гаргадаг болсон. Хэрвээ мөрийн хөтөлбөр нь хэрэгжихүйц бус амлалт дэвшүүлсэн, төсвийн төлөвлөлт давсан байх аваас сонгуульд оролцох эрх нээгдэхгүй байхаар хуульчилсан байдаг. Сонгогч хамгийн түрүүнд намын институцичлал, мөрийн хөтөлбөрийн хэрэгжих боломж, арга замаа хэрхэн тайлбарлаж байгааг харах нь чухал.

-Улстөрчид сонгогчдод мөнгө амлах, тараахын гор нь улс оронд яаж нөлөөлж байгаа талаар та ярихгүй юу?

-Санал худалдан авалт бол төр улсын хөгжлийг сааруулах, шударга ёс, эрх зүйт төрийг төлөвшүүлэх хугацаа маань алсрах болно. Нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Манай улсын хувьд бэлэн мөнгөөр санал худалдан авалт, хууль зөрчсөн байдал тун цөөхөн тогтоогдсон байдаг. Гэтэл нийгэмд санал худалдан авалтын талаарх төсөөлөл, яриа их байдаг. Энэ бүхэн улс төрийн санхүүжилтийн орчин тунгалаг болоогүй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талаас улс төрийн тогтолцоо, нийгмийн ядууралтай шууд хамааралтай. Манай улс төрийн тогтолцоо мөнгөтэй хүмүүст боломж өгдөг. Тиймээс санхүүгийн хувьд илүү боломжтой нь сонгогдох, далд хэлбэрийн сонгуулийн санал худалдан авалтыг хийх чадвартай хэсэг “бизнес-улстөрч” болох нь элбэг байгаа нь бодит үнэн.

Иргэдийн улс төрийн боловсрол дээшилж, орлогын түвшин нэмэгдэж байж сонгуулийн далд хэлбэрийн санал худалдан авалт ямар ч байсан багасна. Гэхдээ хөгжингүй улс орнуудын хувьд улс төр-мөнгө хоёрыг салгах тал дээр байнга анхаарч, эрх зүйн зохицуулалтаа сайжруулж байдаг. Учир нь улс төр дэх мөнгөний урсгалыг хаахад шинээр дахин урсгал гарч байдаг голын урсгал шиг гэдгийг нийгэм мэддэг байх хэрэгтэй.

Р.Жаргал

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *