Categories
мэдээ нийгэм

ХЭҮК Нийгмийн хамгааллын тусгай төв, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ажиллажээ DNN.mn

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн байдалд ХЭҮК үнэлгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусган Улсын Их Хуралд танилцуулахаар ажиллаж байна.

Энэхүү ажил нь иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар үнэлгээ хийх зорилготой.

Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407, 409, 419, 421, 437, 461 дүгээр хорих ангиудад “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалган, тулгамдсан асуудалтай танилцан дараах этгээдүүдээс судалгааны асуумж авч нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.

Үүнд:

Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн зан төлвийн ноцтой өөрчлөлтгүй хоригдол, тэдгээр хоригдлуудын шүүхийн шийтгэх тогтоолыг судалж дүн шинжилгээ хийх

Дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн хоригдол

Хорихоос суллагдсан хяналтад байгаа этгээд, тэдний ар гэрийн гишүүд, баг, хорооны Нийгмийн ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид хамрагдлаа.

ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас 2023 онд нийт 1633 хоригдол суллагдсан байна.

Нөхцөл байдлаас харахад, хорих ял эдлээд суллагдсан иргэд дахин гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж буй шалтгааны дийлэнх хувийг туслан дэмжих гэр бүлийн гишүүн байхгүй, орон гэргүй, очих газаргүй, согтууруулах ундааны хамаарал эзэлж байна.

Комисс дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллан төвийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж, тус төвөөс дэмжлэг, тусламж авч буй хорихоос суллагдсан хүмүүстэй ярилцлага хийлээ.

Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 417 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, түр хоноглох байраар хангаж, нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан тусгай статустай, төрийн үйлчилгээний байгууллага юм.

Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, хорихоос суллагдсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь тусалж дэмжин бичиг баримтжуулах, эрүүл мэнд, сэтгэл зүй, сургалт, соёл хүмүүжлийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг 12 үйлчилгээ үзүүлдэг.

Тус төвөөр 2023 онд 525 хүн үйлчлүүлсний 30 хувь нь хорихоос суллагдсан бөгөөд хорихоос суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах зорилгоор албан бичиг хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *