Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын 2-нд олгож эхэлсэн байна. Эхэндээ Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 оноос Цагдаагийн байгууллагад, 1964 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 1971 оноос Онцгой байдлын байгууллагад энэ цолыг олгодог болжээ.
“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжилд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг гавьяа, хөдөлмөр үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй бүх цэргийн алба хаагчдын өдөр хэмээдэг билээ.