Categories
мэдээ нийгэм

Зудтай аймаг, сумдад 318 резидент эмчээр хүч нэмэгдүүлэв DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тушаал гаргаж нийт нутгаар хаваржилт хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зудын нөхцөлд байгаа аймаг, сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн үзүүлэх зорилгоор ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад суралцаж байгаа резидент эмч нарыг  гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд харьяа орон нутагт нь ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд 21 аймгийн 266 суманд зудын байдалтай байгаа бөгөөд зудтай газруудад амьдарч буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутагдаж байгаа тул резидент эмч нарыг харьяа аймгуудад нь ажиллуулах юм.

Орон нутагт ажиллах резидент эмч нарын судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 20 гаруй үндсэн мэргэшлийн 318 резидент зудтай аймаг, сумдад ажиллах бөгөөд тэднийг ажиллах хугацаанд үндсэн цалин, Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэлх замын зардал болон томилолтын мөнгийг нэмэлтээр тооцож өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Мөн энэ тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний 2024 оны мэргэшлийн зэргийн шалгалт, төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсны дараа эхлүүлэхээр зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгасан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *