Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 22 хувиар нэмэгджээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 458.5 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхай олборлолт 352.4 (24.8 хувь) тэрбум, боловсруулах үйлдвэрлэл 87.2 (20.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 352.4 (24.8 хувь) тэрбум төгрөгөөр  өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 267.1 (47.4 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолт 104.2 (14.3 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 3.4 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт чулуун нүүрс, мөнгөний баяжмал, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 16.3-93.2 хувиар өсөж, зэсийн баяжмал, хүрэн нүүрс, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр 0.9–22.1 хувиар багассан байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт янжуур тамхи, гурил, нүүрсэн шахмал түлш, шингэн сүү, цэвэр спирт, малын мах, ус, ундаа жүүс, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, цагаан архи, самнасан ноолуур, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.2 хувиас 11.9 дахин өсөж, харин металл бэлдэц, катодын зэс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4– 1.9 хувиар багасжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 557.1 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 564 (20.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 14.8 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөхоны мөн үеийнхээс 564 (20.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 497 (32.2 хувь) тэрбум, газрын тос олборлолт 74.7 (70.7 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 7.1 (36.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 2.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 64.6 хувийг нүүрс, 28.5 хувийг металлын хүдэр, 6.1 хувийг газрын тос олборлолтын, 0.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *