Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Эрдэнэбаатар: Малчдын хувьд маргаашийг харсан, байгаль цаг уурын эрсдэлийг хохиролгүй даван туулах нэг боломж бол малын даатгал DNN.mn

Монгол Улсын зөвлөх мал зүйч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Орон даяар зудын эрсдэл нүүрлэж, малын хорогдол өдөр бүр нэмэгдсээр байгаа. Цагийн байдлыг та хэрхэн тоймлож байна вэ?

-Бүх нутаг дэвсгэрийг бараг нэлэнхүйд нь хамарсан зудын улмаас бий болоод байгаа нөхцөл байдлын тухайд энэ гамшигт эрсдэлд өртөөгүй малчин бараг байхгүй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз. Манай улс 330 сумтайгаас 260 шахам нь цагаан, мөсөн, сүүлийн үеийн хэллэгээр шилэн зудын байдалтай боллоо. Дунджаар нэг сум 200 орчим мянган малтай гэвэл 50 гаруй сая толгой мал зудтай бүс нутагт өвөлжсөн, хаваржихаар байна. Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 20-дын эхээр өгсөн мэдээгээр малын хорогдол 2.9 сая толгойд хүрсэн, өдөр хоногоор огцом нэмэгдэж, зарим мэдээллээр хоногт 100 мянгад хүрч байгаа ажээ. Энэ тун ноцтой хандлага, мал цагийн хатууд ядарч муудсан, аргагүй туйлдаж байгаа гэсэн үг л дээ. Цаг наашлах яагаа ч үгүй байна. Өнөөдөр л гэхэд цаг уярч нал шал болно хэмээдэг найман ес аль хэдийнэ эхэлчихээд байхад цас орох, шуурах, эрс хүйтрэх цаг уурын хүнд үзэгдэл тохиолдоно гэж урьдчилан сэргийлэх мэдээ цацагдсаар л байна.

Зудын эрсдэлийг хэрхэн багасгаж хохирлыг бууруулах тухай бодох нь тэргүүлэх зорилт байх нь мэдээж. Эрсдэлийн менежмэнтийн сонгодог онолоор эрсдэлийг даван туулах бодлого, үйл ажиллагааг чиглэлийн хувьд, хариу үйлдэл, бэлтгэл, бэлэн байдал, чадавхаа бэхжүүлэх гэж ерөнхийд нь заагладаг. Тэгвэл өнөөдөр яригдаад байгаа өвс тэжээл хямдруулж тараах, малчдад туслах сэтгэлийн хандив цуглуулах аян, өөр бусад арга хэмжээ бол хариу үйлдлийн нэг жишээ. Харин малчдын хувьд маргаашийг харсан, байгаль цаг уурын эрсдэлийг хохиролгүй даван туулах нэг боломж бол малын даатгал мөн гэж би хэлэх гээд байна л даа.

-Малчид зээлийн дарамтад орлоо. Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн зээлтэй гэсэн дүн бий. Ядуурал улам нэмэгдэнэ гэж эдийн засагчид ярьж эхэллээ. Уг нь банкууд малчдад зээл олгохдоо малын даатгалд хамрагдахыг зээлийн хөнгөлөлт үзүүлэх болзол болгон шаарддаг байх аа?

-Малчдад цаг агаарын хэцүү нөхцөл байдал тулгарч буй үед банкны зээл, малын даатгалын тухай ярих нь зарим хүнд цагаа олоогүй мэт санагдаж болох. Гэвч сургамжаасаа шийдэл олох тун чухал асуудлыг хөндөж байгаа талаас нь харах хэрэгтэй байх. Монголбанкны мэдээллийн санд байгаа мэдээллээр 140 мянга гаруй малчдын Төрийн банк, ХААН банкнаас авсан зээл 1.2 их наяд төгрөг болжээ. Зээл малчдад зохих хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг харгалзан Засгийн газраас арилжааны банкуудтай зөвшилцөөд эргэн төлөлтийг энэ оны зургадугаар сар гартал хойшлуулсан байна. Гэхдээ зээлийг тэглэх, хүүг бууруулах, чөлөөлөх тухай яригдаагүй. Мал хорогдоход малчдын амьжиргааны эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, хөдөөгийн ядуурлыг нэмэгдүүлэх нь мэдээж, байдлаас үзвэл нэлээд хүнд тусах төлөв харагдаж байна.

Зээл олголтыг индексжүүлсэн даатгалд малаа даатгуулахтай чухам ямар шижмээр холбох вэ гэдэг дээр тайлбар хэрэгтэй. Зээл олгоход мал, малын тоог барьцаалдаг практик олон жилийн өмнөөс хэрэгжиж ирсэн. Малчид үүнд дассан гэхэд болно. Малаар барьцаалсан зээл авалтыг малчдыг байгалийн эрсдэлээс хамгаалах хэрэглүүр болгон ашиглах үүднээс малаа даатгуулсан малчинд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар индексжүүлсэн даатгалыг өргөжүүлэх санаачилга гэж үзэж болно. “Та даатгуулах уу, эсхүл эрсдэлээ өөрөө даах уу” гэдэг сонголтыг санал болгож, малын индексжүүлсэн даатгалд банкууд дэмжигчээр ажиллаж ирсэн.

-Манай улс Малын индексжүүлсэн даатгалын хуультай. Аливаа эрсдэлийн үед нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар энэ хуульд юу гэж заасан байдаг юм бол?

-Хуулийн нэр маань малын гэсэн тодотголтой. Тухайлан заасан тул аливаа эрсдэл гэж ярих, ойлгох нь ташаа юм. Түүнээс гадна эрсдэлийн үед нөхөн төлбөр авдаг юм уу олгодог хэмээх яриа мөн л учир дутагдалтай. Сумын малын том хорогдол Засгийн газраас тогтоосон нэгдүгээр босго үзүүлэлтээс давсан бол даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ. Малын хорогдлын босго гэх үзүүлэлт байдаг, үүнийг Засгийн газраас сум бүрт малын төрлөөр ялгавартай тогтоосон том малын хорогдлын хувь гэж ойлгоно. Заримдаа малчид өөрийн сумынхаа босгыг мэдэхгүй, бусад сумынхаар ойлгож өндөр байна гэх мэтээр ташаарах нь бий. Ер нь даатгуулах малын төрөл, үнэлгээгээ сонгох, даатгалын хураамжийг даатгалын гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх зэрэг үүрэгтэйг малчид сайн ойлгох шаардлагатай. Сумын хэмжээнд гарсан төрөл бүрийн малын хорогдлын нийт хувиас Засгийн газраас тогтоосон босго үзүүлэлтийг хасаж, үлдэх хувьд ногдуулж даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоодог журамтайг даатгуулагчид нэн сайн ойлгож мэдсэн байвал зохино. Гэтэл босго үзүүлэлтээс давсан бол нөхөн төлбөрийг босго үзүүлэлтээр тооцдог мэтээр төсөөлөх явдал байдаг нь ташаа гэдгийг тодруулах нь зүйтэй.

-Ингэхэд малчдын хэдэн хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг вэ?.

-Туршилтын үе шатыг оруулан тооцвол индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхлээд 20 шахам жил өнгөрсөн хэдий ч хамрагдалтын хувь тогтвортой мэдэгдэхүйц ахихгүй явж иржээ. Тухайлбал, сүүлийн таван жилд, 2019 онд 32.3 мянга, 2020 онд 28.5 мянга, 2021 онд 34.7 мянга, 2022 онд 35.7 мянган малчин өрх малаа даатгуулжээ. 2022 онд дээр дурдсан 35.7 мянган малчин өрх долоон сая орчим толгой малаа 149 тэрбум төгрөгөөр үнэлэн даатгуулсан нь нийт малчин өрхийн 18.7 хувьтай тэнцэж ийнхүү малаа даатгуулсан малчин өрхийн тоо өмнөх оныхоос 4.1 хувь өссөн дүн гарчээ. Нийт дүнгээрээ даатгагчид 4.96 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлж 13930 малчин өрхөд дөрвөн тэрбум 177 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон дүн бий.

-Ер нь энэ төрлийн даатгалыг явуулахад учирч болох ямар хүндрэл бэрхшээл байдаг бол?

-Малын индексжүүлсэн даатгал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгаас хамгаалах эрсдэлийн удирдлагын нэгэн хэлбэр юм. Малын индексжүүлсэн даатгалын талаарх ойлголт, тайлал, тайлбар бага сага зөрүүтэй байгаа нь цаагуураа асуудал үүсгээд байгаа юм. Жишээлбэл, хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангадаг үйлчилгээ гэдэг санаагаар яригдах нь бий. Мөн чанартаа даатгуулагч болон даатгалын байгууллага харилцан тохиролцож зуд, гоц халдварт өвчин, хулгай, араатанд бариулах зэрэг том малын хорогдлоос учрах эрсдэлээс даатгуулах, даатгалын хураамж төлөх, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгох болон холбогдох бусад асуудлыг тусгасан даатгуулагч ба даатгагч харилцан тохиролцсон хэлцлийг даатгалын гэрээгээр зохицуулахаар хуульчилсан болно. Нэмж тодруулахад, 2024-2026 онд мөрдөх малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг Засгийн газрын 2023 оны 473 дугаар хуралдаанаар шинэчлэн Увс, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод аймагт 6 хувь байхаар хэвээр үлдээж, бусад аймгийнхыг 5 хувь болгон бууруулсан. Малчдын дунд байдаг “харзнах”, “гайгүй өнгөрөх болов уу хэмээн хий тайвшрах” явуургүй хандлага нэлээд хойш татдаг, түүнчлэн “олон хаврын нэгэнд“ гэдэг хэлцийг “хавар хаварт” гэж солихоос аргагүйд хүрч байхад хохирол гаргадаггүй юм аа гэхэд хохирол гарвал тодорхой хэмжээгээр нөхөх арга сүвэгчилдэггүй тайвшрал ихээхэн саад болж байгаа юм. Индекжүүлсэн даатгал хэрэгжиж эхэлсэн үед даатгалын хураамж төлөх мөнгө байхгүй гэж шалтагладаг байсан нь малчид өөрсдөө тооцож шийдэх өргөн боломжтой учраас энэ мэт асуудал одоо “бэрхшээл” байхаа нэгэнт больжээ. Энэ жилийн хувьд хүндхэн өнгөрлөө гэхэд хотонд үлдсэн малаа хамгаалах, ирэх жилд юу ч тохиолдож болзошгүй гэдэг болгоомжлолоор даатгал зэрэг эрсдэлээс хамгаалах хэрэгслийг сонгохоо одоогоос тооцож эхлэхийг зөвлөж байна.

-Энэ жилийн зудын байдал малчдад том сургамж боллоо. Тэгэхээр малын индексжүүлсэн даатгалд хамрагдсанаар малчдад ямар боломжууд бий болох вэ?

-Даатгал бол хувийн гэхээсээ аль болох олон малчид буюу даатгуулагчдыг хамруулах нь илүү зохистой гэж үздэг. Яагаад гэвэл эд хөрөнгөтэй холбоотой аливаа даатгалыг хувийн компани хариуцдаг, даатгалын хураамжаар даатгалын сангаа бүрдүүлдэг. Манай орны хувьд индексжүүлсэн хэмээх босготой даатгалыг тусгай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа. Боломж гэвэл ганцханыг, тодруулбал мал хорогдож хохирол гарвал нөхөн олговор авах тухай ярих нь түгээмэл байгаа нь арай учир дутагдалтай. Индексжүүлсэн даатгалын давуу бас өгөөжтэй байж болох тал бол сумын хэмжээнд тухайн төрлийн малын хорогдол хуульд заасан босгоос давсан тохиолдолд малаа даатгуулсан бүх малчид нөхөн төлбөр авна. Мал хорогдуулаагүй ч сумын хэмжээнд нөхөн төлбөр авах нөхцөл бүрдсэн л бол тухайн даатгуулагч нөхөн төлбөрөө тооцуулж авах ёстой.

-Та олон улсын туршлагаас жишээ дурдахгүй юу?

-Газар зүйн тухайн бүсийн ургацаар индексжүүлсэн даатгалын хувилбарыг Энэтхэг, Мексик, Испанид, цаг агаарын үзэгдлээр индексжүүлсэн даатгалыг Канад, Энэтхэг улсад нэвтрүүлсэн мэдээ бий. Уругвай улсын Мал аж ахуй, газар тариалан, загасны аж ахуйн яамны хүсэлтээр Дэлхийн банкнаас бэлчээрийн ургацын төлөв байдлыг харгалзсан даатгал хэрэгжүүлэх боломжийг турших төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ арга нь тухайн бүс нутагт тохиромжтой гэж дүгнэсэн байна. Цаг агаарын болон ургацаар индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжиж буй орнуудад жишээ нь, Перу, Вьетнамд цөөн тооны аж ахуй эрхлэгчдийг хамруулан туршсан, боломжийн үр дүнд хүрсэн тохиолдол бий. Хамгийн гол нь иймэрхүү туршилтын үр дүнг цаашид хэрхэн түгээх, дэлгэрүүлэхэд асуудал гардаг ажээ. Манай улсад гэхэд Баянхонгор, Увс, Хэнтий аймгийн сумдыг хамруулан эхний үе шатыг туршиж бүх малчин өрхийн 10 шахам хувь нь хамрагдсан сайн үр дүнд хүрсэн бөгөөд гэтэл одоогоор 20 хувиас даваагүй, төдийлөн хангалттай бус байгаа нь даатгалын хамтын санг зузаатгах, олон даатгуулагчид хамрагдаж эрсдэлийн хохирлыг нөхөх боломжоор хангагдах, даатгал тогтвортой арга хэмжээ болж чадсаныг тоон ба чанарын үзүүлэлтээр нотлох зэрэг асуудлыг нухацтай авч үзэхийн чухлыг харуулж байна. Иймэрхүү байдал бусад оронд байдаг нийтлэг асуудлыг амжилттай шийдвэрлэж буй жишээ цөөнгүй.

-Дотоодын даатгалын компаниуд олон улсын даатгалын компанид давхар даатгуулах ёстойг мэргэжилтнүүд онцолдог. Байгалийн гамшиг, гэнэтийн ослын үед олон улсын даатгалын компаниас нөхөн төлбөр авах боломжтой. Малын индексжүүлсэн даатгалыг явуулдаг компаниуд олон улсын даатгалд хэрхэн хамрагдсан байдаг юм бол?

-Даатгагч өөрийн эрсдэлийг удирдах зорилгоор бусдын өмнөөс хүлээж буй хариуцлагыг бүхэлд нь болон тодорхой хэсгийг өөр даатгагчид шилжүүлэх ажиллагааг давхар даатгал хэмээн тодорхойлдог. Даатгалын компаниуд нь их хэмжээний эрсдэлээс болж өөрсдийгөө их даатгалын нөхөн төлбөр төлөх, эдийн засгийн хувьд хүнд байдалд орохоос хамгаалж давхар даатгалын компаниудад давхар даатгуулдаг. 2021 оны мэдээгээр мал, амьтдын даатгалын хураамжид 68.7 сая төгрөг төлжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *