Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал өлдөж, тамирдсандаа үхэж, малчид ядарч туйлдсандаа уйлж байна DNN.mn

Нэгэн жаранд тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл Монгол Улсад ид болж байна. Нийт нутгийн 80 орчим хувь нь цастай, 21 аймгийн дийлэнх нь буюу 19 аймаг зудтай байгаа. Тэр дундаа нутгийн зүүн хэсгээр нэлэнхүйдээ төмөр зудтай байгаа нь хүн, мал амьдрах нөхцөлийг асар хүндрүүлсэн байдалтай байна. Төвийн болон хойд, баруун бүсээр ч зудын эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах, хүндэрсэн аймаг, сум, багт хүрч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мал, малчдад туслах шуурхай багийн хуваарилалт гарган ажиллуулж байна. Энэ хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай багт нэгдэн Төв аймгийн зургаан сумаар хоёр багт хуваагдан явлаа.

Ингэхдээ Төв аймгийн баруун болон баруун урд талын сумд болох Лүн, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан гэсэн зургаан сумаар явж, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа. Эхний очсон газар Төв аймгийн Эрдэнэсант сум байв. Тус сумын хувьд Төв аймгийн бусад сумаас нөхцөл байдал хамгийн их хүндэрчээ. Төв замаараа Эрдэнэсант руу саадгүй явсан ч сумын төвөөс холгүй орших айлын хот руу очно гэдэг жийп автомашины хувьд ямар ч боломжгүй болтол цас даржээ. Бартаат замын “хаан”, туулах чадвар сайтай, хурд хүчний гайхамшиг гэж яригддаг “V8” хөдөлгүүртэй ланд-200, 300, бүрэн тоногтой ниссан патрол, уаз-469-үүд энэ хөр цасанд зүтгэх нь хүүхдийн удирдлагатай машин гэлтэй. Алсаас хүчтэйхэн дайрсан ч автомашины хамартай зэрэгцэх цасанд тулж мөргөөд л зогсож байв. Ийнхүү ёстой хоёр алхам хойшилж гаргасан мөрөөрөө дахин дайрч, цасаа ухаж нэг алхам урагш чадан ядан явсаар эхний айлдаа очлоо. Том, хүчтэй жийп ингэж явж байхад малчдын унаа тэрэг, тэр дундаа портер бол энэ хатуу цасанд ёстой шонгүй юм байх. Магадгүй хөнгөхөн мотоцикль, жижиг автомашинууд хатуу цастай газраар нь цөмөрчихгүй бол явчихмаар санагдлаа.

Бидний эхний очсон айлын эзэд гэрийнхээ доохно талд хунгарласан цас малтаад зогсож байв. Цаана нь алга дарам газрын цасыг хүрздэж гаргаад тойруулан овоолжээ. Тэр багахан тойрог дотор зуднаар мэнд үлдсэн хэдэн богоо оруулчихсан харагдана. Сульдсан тамиргүй харагдах хэдэн мал нь хагдарсан хатуу дэрс, өвс зулгаах гэхээс илүү цас хунгарт шигдэхгүй хуурай хөрсөн дээр хөлөө амрааж, шороо үнэрлэн зогсоно. Энэхүү айлын өвөлжөө нь сумын төвөөс баруун хойд зүгт ердөө 16-хан километр зайтай. Гэвч зам харгуй хаагдаж төв зам руугаа орох битгий хэл өвөлжөө хавиараа явган алхахад ч хүнд хэцүү болжээ.

МАЛЧНЫ ХОТОНД МАЛЫНХ НЬ 10 ХУВИЙГ Л ҮЛДЭЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ГАМШИГ ИД ЯВАГДАЖ БАЙНА

Ийм маягтай арав гаруй хоног болж байгаа гэдгийг гэрийн эзэн болох Эрдэнэсант сумын малчин Г.Галсандорж хэлж байлаа. Тэрээр “Манай энд цас зудын байдал эрт эхэлсэн. Өнгөрсөн жилийн намар оройхон буюу 11 дүгээр сарын эхээр орсон их цаснаас хойш өнөөдрийг хүртэл бараан газар харуулсангүй цас орж, заримдаа хүчтэй шуурч байна. Бид 40 дөнгөж гарч байгаа хүмүүс. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань сумын төвд хичээлдээ явж, сургуулийн дотуур байранд амьдардаг. Хоёр хүүхдээ эргэж очиж чадалгүй бараг сар орчим боллоо. Утсаар л холбогдож байна. Энэ жилийн өвөл маш хүнд байсан. Энэ хавар ч бүр илүү хүнд болж байна. Цагаан сарын баяр гэдгийг энэ жил л бид огт тоосонгүй өнгөрлөө. Одоо болтол аав, ээж ах дүүстэйгээ золгож чадаагүй л байна. Өөрсдөө хоосон хоночихгүй, үлдсэн хэдэн бага малаа үхүүлчихгүйхэн шиг л хаврын урт өдрийг өнгөрөөж байна даа” гэсээр нулимс дуслуулан зовлон бэрхшээлээ ярилаа. Үнэхээр зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Гамшигт үзэгдэл удаан үргэлжлэхийн хэрээр энэ бүсэд амьдарч байгаа хүн, мал ялгаагүй туйлдаж, ядарч, шантарч байгаа нь бодитой үнэн ажээ. Малчид нь ядарсандаа уйлж, мал нь өлдөж, даарч бээрсэндээ хотондоо үхэж байгаа энэ мэт дүр зураг хөдөөгийн ихэнх малчны хотонд тохиож байна. Айлын эзэгтэй “Хоёр хүүхэд ч яах вэ, дулаахан байранд хичээл номоо сайн үзээд сууж байхад удахгүй уулзчихаж болно биз. Хамгийн гол нь зам харгуй хаагдсанаас болж хэдэн малдаа өвс, тэжээл татаж авах боломжгүй болсон” гэдгийг хэллээ. Үнэхээр энэ айлд задлаад талдаа орчихсон ганц шуудай хивэг, тэжээл л үлдэж. Өвөлжөөн дээрээ хураасан өвсний үлдэгдлээ цуглуулан малдаа өгч байгаа нь өр эмтэрмээр ажээ.

Яг энэ хүнд цаг үед Засгийн газраас тусламж ирж, өвс, тэжээл, хүнс, эрүүл мэндийн багц олгосонд малчид баярлаж байв. Өвс, тэжээл, хоол хүнстэй болж баярласнаас илүүтэйгээр зам харгуй гаргаад өвөлжөөнд нь ирсэнд туйлын их баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Малчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол өвс, тэжээл, хоол хүнс гэхээс илүү чөлөөтэй явах зам харгуй ажээ. Зам нээлттэй байвал өвс, тэжээлээ авчихна, хоол хүнсээ цуглуулчихна. Үр хүүхдээ эргэж тойроод байна гэдэг хамгийн чухал гэдгийг малчид хэлж байлаа.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ХҮНДЭРСЭН ГАЗРУУДАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ ЗАМ ХАРГУЙ ГАРГАХ АЖИЛ БАЙНА

Тиймээс Засгийн газрын зүгээс өвөлжилт, хаваржилт хүндэрсэн газруудад нэн тэргүүнд зам харгуй гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Бидний ирсэн эхний суманд нөхцөл байдал хүнд байна. Эрдэнэсант сум өнгөрсөн жилийн сүүлээр явагдсан мал тооллогын дүн мэдээгээр нийт 404 мянга орчим мал тоолуулж. Гэтэл өнөөдрийн байдлаар 630 өрхийн 23 мянган мал хорогдсон мэдээ бий. Гэтэл цаашид цаг агаарын нөхцөл байдал сайжрах яагаа ч үгүй байна. Зарим малчдын хувьд нөөц боломжоо хэдийнэ шавхсан нь зудын эрсдэл улам нэмэгдэж, мал хорогдох нөхцөл байдлыг эрчимжүүлж байгаа юм. Тиймээс Засгийн газрын зүгээс нөхцөл байдал хүндэрсэн малчдад хүнс, эрүүл мэндийн багц болон өвс, тэжээлийн тусламж ийнхүү хүргүүлж байна. Мөн сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахууны асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Ер нь асуудалтай танилцах биш, газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор явж байна. Асуудал тодорхой, тиймээс асуудлаа бид яаж шийдэх вэ гэдгээ шуурхай хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой. Эрдэнэсант сумын нийт нутаг дэвсгэр хатуу цасан бүрхүүлтэй байгаа. Тиймээс нэн тэргүүнд зам харгуй гаргах ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд нөхцөл байдал харьцангуй дээр байгаа Дархан-Уул аймгаас хоёр ковш ирүүлж, зам гаргахаар боллоо. Нэмэлтээр таван тонн түлш, 80 тонн хивэг, улаанбуудайг малчдад олгохоор шийдвэрлэлээ. Мөн зарим сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгох зэрэг ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна” гэв.

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ТАВЬСАН СУМДЫН ӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Ийнхүү зам харгуй хүндрэлтэй нөхцөл байдалд өдрийн тал шахуу хугацаанд явж ирсэн эхний айлын хаваржилт ямаршуу байгаатай танилцаж, Засгийн газрын тусламж, сэтгэлийн дэм өгснөөр дараагийн сум руу хөдөллөө. Эрдэнэсантаас наашилж Өндөрширээт суманд ирлээ. Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зарим газраараа мөсөн зудтай байна. Ерөнхий нөхцөл байдал Эрэдэнэсант сумтай адилхан аж. Цасны зузаан хээр тал газраараа 40-50 см, гуу жалгандаа 60-110см болж, гурван багийн 825 км зам цасанд боогдсон талаарх мэдээллийг аймаг, сумын онцгой комиссоос өглөө. Яг өнөөдрийн байдлаар тус сумын нийт малын гуч гаруй хувь нь хорогдсон гэв. Сумын 504 малчин өрх 2023 оны сүүлээр 218 мянган толгой мал тоолуулсан бол он гарсаар малын зүй бус хорогдол 11 мянгыг давжээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх эрсдэл өндөр байгаа гэв. Тиймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг тус сумын нөхцөл байдлын мэдээллийг сонсож, асуудлыг нь шийдвэрлэлээ. Өндөрширээт сумын хэмжээнд туулах чадвар сайтай нэг автомашин байдаг тэр нь мотор нь цохиж, явах боломжгүй болжээ. Тиймээс ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Мөн удаан үргэлжилж байгаа зуднаар сумын хэмжээнд зам харгуй гаргах, малчдын хотонд өвс тэжээл хүргэх зорилгоор шатахуун түгээх станцуудаас өр тавьж түлш, бензиний хэрэглээг зохицуулж ирсэн байна. Харин энэхүү өр нь нийтдээ 20 гаруй сая төгрөг болсон гэдгийг Өндөрширээт сумын Засаг дарга шуурхай багийн хүмүүст танилцуулсан юм. Сангийн сайд шатахуун түгээх газруудад тавьсан 20 сая төгрөгийн өрийг тэглэх, нэмж таван тонн түлш, бензин олгох, мөн хивэг, улаанбуудай нэмж 40 тонныг олгох, өвс тэжээлийн хоёр сарын нөөцийг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Бидний явсан бусад сумдад ч нөхцөл байдал болон тулгамдсан асуудал адилхан байв.

Э.МӨНХТҮВШИН

 

One reply on “Мал өлдөж, тамирдсандаа үхэж, малчид ядарч туйлдсандаа уйлж байна DNN.mn”

наад тусламж гэж байгаа хогоо одоо боль ядарсан ардын сэтгэлээр тоглож бна төрийн хулгайч нар одоо төрд ажиллаж хөрөнгөжсөн хулгайч нарын хөрөнгийг хурааж шоронд хорь бас тэднийг хамгаалдаг шүүх цагдаа тагнуулын дарга ажилчдыг мөн адил хөрөнгийг нь хурааж хорь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *