Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Жамбын Батсуурь: Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.
Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.
Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.
Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малчдын гар дээр мөнгө алга. Хөдөөгийн айлыг утаа гарч байгаа яндангаар нь баримжаалж очиж олж байна. Энэ гамшиг биш юм уу. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудал руу оръё гэх тодорхой шийдвэрүүдийг санаачлаад явж байна. Тухайлбал
- УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж гамшиг оруулж гэнэтийн аюулын үед түр хороо байгуулж, эрх баригч, сөрөг хүчин гэхгүйгээр асуудал руу хамтарч орох
- Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон “Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Уг төсөл нь гурван зүйл заалттай” гэв.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна.
Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна.