Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд дөрвөн метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт олджээ.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, гурван эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашин ашиглаж оролцсон юм.
Мөн Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон долоон дуудлага бүртгэгдсэн.
Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо.
Бусад таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газараас мэдээллээ.