Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ээж DNN.mn

Хэд хоногийн өмнө арга хэмжээнээс гарч ирэнгүүтээ цүнхээ уудлаад утсаа хартал арваад дуудлага ирсэн байв. Орохын өмнө хонхыг нь хаачихсан байсан болохоор тэр олон дуудлагыг мэдсэнгүй. Зарим нь бүр гурав, дөрвөн удаа залгажээ.
Ээж, дүү, ажлын хамтрагч, дэлгүүрийн худалдагч, сүлжээний бизнес эрхэлдэг хажуу айлын эмэгтэй, хөдөөнөөс ангийн хүүхэд хүртэл залгасан байлаа. Эхнээс нь бүгд рүү нь утас цохив. Олон залгасан байхыг бодоход их л яаралтай хэрэг гарч дээ гээд ангийнхаа хүүхдийн дугаарыг хийтэл дүүд, дүүд гээд ярьж байгаа дохио өгч байна.
Дараа нь ажил хэргийн шугамаар холбогдсон хүмүүс рүү залгатал утсаа Ээж авсангүй. Шинэ бараа ирэх тоолондоо ярьдаг сүлжээчин хөрш рүүгээ залгалаа. Өөдөөс тасалж байна. Орох тоолонд янз бүрийн юм асуугаад байдаг дэлгүүрийн худалдагч эгч рүүгээ залгалаа. “Өглөө ороход хүүхдийнх нь 1072 хувьцаан дансанд нь орж ирэхгүй байна. Мэддэг хүнээс асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд асуух гээд залгаж дээ. Тодруулчихсан хэлье байз” гээд залгатал бас л авсангүй. Аминд нь тулсан юм шиг л ар араасаа залгачихсан байсан тэр олон дуудлагатай буцаад холбогдох гэхэд бүгд л харилцуураа авсангүй. Харин хамгийн сүүлд залгасан дугаар маань нэг дуудуулаад л авч байна шүү. Энэ бол ээж. “Ээж нь охиноо ажилтай байхад нь залгачихсан уу” гэх дууг нь сонсоод хоолой зангираад явчихав. Ээжтэй өдөр бүр ярьдаг хэрнээ хачин их сэтгэл эмзэглэсэн мэдрэмж төрж билээ. Амьдралын жамаар найз нөхөд, ажил алба, харилцаа холбоо үргэлж өөрчлөгдөж байдаг. Харин ээж бол хүнд цор ганц. Тэд үр хүүхдээ залгах хүртэл утсаа ширтсээр сууж чадах тэвчээрийн эзэд. Тийм болохоор буцаагаад залгахад бушуухан шүүрэн авдаг билээ. Даанч хүмүүний богино амьдралд хэзээ ч ээжийнхээ дуудлагыг тасалж боломгүй гэдгийг хүмүүс хожим нь ухаардаг. Тиймээс ямар ч ажилтай байсан ээж, аавынхаа дуудлагад заавал хариу өгч байгаарай.
М.МӨНХ ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *