Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүх хурлаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.
Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн талаарх мэдээллийг сэтгүүлч Д.Бүдрагчаа 2022 оны есдүгээр сард цацсан юм. Энэхүү мэдээлэлд Ж.Соронзон хариу тайлбар хийх үеэрээ дээрх сэтгүүлчийг ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин зэргээр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, Засгийн газраас Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон бусдыг угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан юм.
Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан” гэж мэдээлж байв.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орж байжээ.