Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн их хамба Д.Жавзандорж: Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм DNN.mn

Монголын Бурханы шашинтны төвгандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба дуламрагчаагийн жавзандоржийн Монголын ард түмэндээ илгээсэн мэндчилгээг хүргэж байна.


Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй усан туулай жил монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө.

Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт дээдэс Монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. X Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцах зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна.

Ирээдүйд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань Монгол болон Энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш лхаарамба, гавжийн дамжааг амжилттай хамгаалж мяндаг цол хүртсэн лам хуврагууд төрөн гарсан жил байв.

Бурхан багшийн сургаалд бидний зөв сэтгэл, зөв үг, үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл, зохисгүй үг, үйлдлээс зовлон гардаг. Энэ нь гагцхүү хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учраас бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм.

Иймд гарч буй модон луу жилдээ Бурхан багшийн энэхүү сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе.

Миний бие энэхүү ажлыг хүлээж аваад Монголын уламжлалт шашин соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсрол, ахуй нөхцөл, орон хийдийн өнгө үзэмжийг дээшлүүлэх, сүсэгтэн олон номын адис жинлав хүртэх, зорин ирсэн сүсэгтэн болон жуулчдад ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт лам хуврагууд, бусад хүмүүсийн хамтаар онцгой анхааран ажиллаж байна.

Мөн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд МБШ Төв-Гандантэгчэнлин хийд Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цуврал нэвтрүүлэг эхлүүлсэн нь “Бурханы шашин бол шинжлэх ухаанч шашин” хэмээн барууны эрдэмтэд онцлон хэлсэнтэй нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахаар зорьж байна.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдээс төлөвлөж буй олон үйл ажилд идэвхийлэн дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлийн талархал өргөе.

Ингээд МБШ Төв Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, санасан сайн үйл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий бэлгэт ерөөлийг өргөн, багш гурван эрдэнэ, номын сахиусанд даатган залбиръя.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

One reply on “Тэргүүн их хамба Д.Жавзандорж: Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм DNN.mn”

Ерөөл бат оршигээ Залуу хамба маань шинэлэг сайхан ажил хийж байгаад талархаж байна Гандан хийдийг цэвэр цэмцгэр хир тоос шороогүй өнгө үзэмжтэй байх нь сүсэгтэн олны сэтгэлд дулаахан сайхан сэтгэл төрүүлэнэ дээ Үнэхээр хүн бүр зөв сэтгэл зөв үг зөв үйлдэлтэй байхад л бүх юм тэгшрээд явчихана даа гэж боддогдоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *