Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа.
Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын талбайн стандартыг хангуулахад цаашид анхаарч ажиллана. Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно” хэмээлээ.