Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Ардчиллаас ухарч байгаа долоон улсын нэгээр монгол шалгарсан DNN.mn

Ардчилсан намын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаатай ярилцлаа.


-Монгол Улс авлигын индексээр энэ жил таван байр ухарч, 180 орноос 121 дүгээр байрт жагслаа. Ер нь сүүлийн жилүүдэд авлигын индексээр ухарч байгаа үзэгдлийг та юу гэж дүгнэж байна?

-Төрийн албан хаагчдын гэр, оффисоос нь тэрбум тэрбумаараа тэр ч бүү хэл оймсноос нь хүртэл мөнгө төгрөг гарч, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, боловсролын зээлийн сангийн хулгай гээд шил шилээ дарсан авилгын дуулиан тасрахгүй байгаа ийм үед энэ нь нэг их цочирдоод байх үзүүлэлт биш л дээ. Гэхдээ бид асуудлыг тоо баримтад тулгуурлаж, харьцуулж авч үзэх хэрэгтэй. Транспэрэнси интернэшнлийн 2023 оны тайланд 2012-2023 оны хооронд 180 орноос авлигын индекс нь эрс муудсан зургаан улсын нэгээр шалгарсан “амжилттайгаар” Монгол маань сонгуулийн жилээ угтаж байна. Үүнийг задлаад үзвэл Ардчилсан намын засаглалын үед буюу 2012-2016 оны хооронд авлигын индекс эрс сайжирсан байгаа юм. Тодруулбал, МАН-ын засаглалын сүүлийн жил буюу 2012 онд 94 дүгээр байранд байсан бол 2015 онд бүр 72 дугаар байрт орж, бүхэл бүтэн 22 байраар урагшилсан. Ха рин 2016 оноос буюу МАН засаглаж эхэлсэн үеээс мууд саар өнөөдөр 121 дүгээр байрт орж, бараг л 50-иад байраар ухарч. Дайн тэмцэлтэй Сьерра Леон, Шри ланк, тоталитар дэглэмтэй Беларусаас хойгуур жагсаж байна. 100 онооноос 33-ыг авна гэдэг нь авлигад маш их идэгдсэний нотолгооноос гадна энэ оноо нь Ардчилсан бус дэглэмтэй улсуудын дундаж гэхээр бид олон ч үзүүлэлтээрээ энэ ангилал руу явж байна даа гэж санаа зовж байна. Авлигын индексийг шудар га ёс, хуулийн засаглал, бизнесийн орчин, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагын байдал гэх мэт харилцан хамаарал бүхий нийгмийн маш олон үнэлэмжид суурилж тооцдог. Тиймээс нэлээд өргөн хүрээний цогц асуудлыг тойрч ярина гэсэн үг. Тэгэхээр энэ индекс муу байгааг ардчиллын зарчим, үнэт зүйлийг тойрсон олон асуудлын зангилаа гэж харж байна. Үүнд юуны түрүүнд эрх баригч МАН-ын зүүний буюу төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай холбож тайлбарлахаас эхэлж болно. Мөн Монголын улс төр мөнгөнөөс хэт их хамааралтай байгаа нь бас нэг том хүчин зүйл болж давхацдаг. Тодруулбал, шударга бус, мөнгөний сонгуулиар МАН засгийн эрхэнд гарахаараа дараагийн сонгуулийн саалийн үнээгээ бэлдэх гэдэг.

Чөтгөрийн тойрог шахам болчихсон. Ашигтай, ашиггүй, ажиллагаатай ажиллагаагүй хамаагүй төрийн нэрээр өөртөө өмч овоолж, аж ахуйн нэгжүүдийг ихээр бий болгодог.

-Гэтэл Засгийн газраас авлигатай тэмцэхээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа шүү дээ. Хаана нь алдаа гараад байна вэ. Ер нь алдаагаа яаж засах вэ?

-Харин тийм. Засгийн газар өнгөрсөн 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон сүржин зарласан ч харамсалтай нь үйл ажиллагаа нь даржин байж, үр дүн нь тэг заалаа. Уг нь ч бас театрт жүжиг тавьж буй мэт сүр дуулиантай сонсгол, шүүх хурлууд хийгээд л байдаг. Авлигыг багасгах өөрчлөлтүүд тууштай, зоригтой хийгээд сайжрах ёстой атал улам дордоод байхаар нь үүсгээд байгаа шалтгаануудаа ер нь зөв оношилж байгаа юм уу даа гэж гайхахад хүрч байна. Уг нь ч олон улсын байгууллагууд зааж, зөвлөж л байх учиртай. Жишээ нь наад зах нь шаардлагатай мэдээллээ ил гаргахад л оноо нэмэгдэх ч үзүүлэхийн эцэсгүй л юм байгаа байх л даа, мэдээж.

Илбийн юм шиг засрахгүй, өөр хоорондоо авлигын сүлжээгээр хэлхэлдсэн системийн шинжтэй хүчин зүйлс бий нь бий. Гэхдээ л найман жил гэдэг бол бага хугацаа биш тул эрх баригчдад ер нь авлигатай тэмцэх улс төрийн чин хүсэл үнэхээр байгаа юм уу гэж эргэлзэхэд хүрч байна.

Дахин ухрахад нөлөөлсөн найман шалтгааныг тайланд дурдсан байснаас би хамгийн чухалд тооцож буйгаа эхний асуултад базаад дурдсан. Түүнийхээ хүрээнд л хэлэхэд төрийн өмчит компаниудаа нэмэх бус, хувьчлах, олон нийтийнх болгох, удирдлагыг нь ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, сонгох, үйл ажиллагаа, худалдан авалт, тендерээ ил тод болгож, бүрэн цахимжуулах, элдэв зөвшөөрөл, лицензийг цуцлах, төрийн албаны уялдаа холбоог нь сайжруулж, цомхон, чадварлаг болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. 46 сая хүн амтай Аргентин улс есхөн яамтай ажиллахаар болж байхад 13 дахин бага хүн амтай манайд 22 сайдын хэрэг огт алга. Бас дээрээс нь намын залуучуудын байгуулагын идэвхтэнүүддээ өгдөг дэд сайд гэгч сэтрийг нь нэмбэл бүүр 44 сайдтай болно. 1996-2000 оны үед Монгол Улс есөн яамтай ажиллаж болж байсан жишээг дурдаж болно. Тэр үед одоогийн энэ нийгэм, эдийн засгийн харилцааны гол үндсүүд тавигдаж, реформ хийгдсэн байдаг.

Авлигын индексийг доош татаж буй бас нэг томоохон зүйл бол чөтгөрийн тойрогт орсон сонгуулийн авлига. Сонгогчдын саналыг татах зорилгоор Их хуралд үлдэхийг эсвэл орохыг санаархагчдын хуулиараа тараадаг 3.5 жилийн авлига, мөн Засгийн газрын нэрийн дор эрх баригч намын тараадаг элдэв халамжийн сюрпризүүд. Үүнийг засахад уг нь амархан. Төрд орохыг санаархагч хувь хүмүүсийг дөрвөн жил, Засгийн газрыг Гүрж шиг найман сар эсвэл зургаан сар хориглоход л авлигачид бус бодлоготнууд сонгогдох магадлал нэмэгдэнэ.

-Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендер, хөтөлбөрт хамрагдахгүй байх зохицуулалттай хуулийн төслийг баталсан. Үүний үр дүнг та хэрхэн дүгнэж байна.

-Төрийн хүнд суртал, авлигад дарлуулж буй бор зүрхээрээ бизнес хийх гэж тэмтчин яваа залуусын нүдэн дээр эрх баригч намын улстөрчдийн ар гэр, ах дүү хамаатны бизнес тендер, концессод үндэслээд цэцэглээд байдаг нь монголд дабл стандарт гүнээ тогтсоны илрэл. Энэ утгаараа бол тодорхой хэмжээнд бууруулах л байх. Гэхдээ авлигын асуудалд орооцолдсон хүнийг их хуралд дэвшүүлэхгүй тухай хууль гаргаад л авлига буурна хэмээн санаа нь амарч байгаа шигээ энэ хууль хэрэгжээд л үр дүнд хүрнэ гэж хөнгөмсгөөр найдаж бас болохгүй.

Бизнес, бүлэглэлийн далд ашиг сонирхол хэр байна гэдгийг Авлигын индексийг тогтоохдоо хэмждэг юм билээ. Монголд бол бизнесийн бүлэглэлийн улс төр дэх нөлөө, оролцоо хэмээс хэтэрсэн. Тиймээс ч иргэдэд том тендер, том концессын ард тэд л байна гэсэн харыг төрүүлэх нь зүй ёсных. Зөвхөн өөрийнхөө мөнгө санхүүг өсгөх, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллах зорилготой бизнесмен гэгчид Монголын аль ч намуудаар дүүрэн, авлигачдаар хахсан байгаа. Тэд одоо энэ сонгуулиар ч улс төрчдийн дүр эсгээд олноороо дэвшинэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга нүүрсний сонсголоор дуудагдаад лав ирээгүй. Мөн намынх нь хэвлэл мэдээлэл хариуцсан өмнөх хойдох хоёр ч дарга нь дуудагдсан гэлүү, орооцолдсон гэлүү. Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө хариуцлагатай байж, авлигын сүлжээний үүр уурхай байхаа болих хэрэгтэй.

-Та хүний эрхийн асуудлаар тод дуугардаг, энэ талаар бас асуудал дэвшүүлсэн нийтлэл бичдэг. Гэтэл авлигын индекс гаргадаг зургаан хүчин зүйлийн нэгт хүний эрхийг хангаж байгаа тогтолцоо ордог гэж сонссон. Тэгэхээр хүний эрх авлигын индекст нөлөөлдөг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Авлигын асуудал бол ардчиллын чанарыг хэмждэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Хүний эрх бол ардчиллын суурь зарчим. Ухарсан шалтгаануудын нэгд төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмж, мөн шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо тус тус сул гэсэн байсан. Шүгэл үлээгчийн тухай хуулиа хойшлуулаад, одоо хүртэл батлуулаагүй мөртлөө “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах” нэртэй хязгаарлах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг завдсан.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бас л АН-ын засаглалын 2015 онд 54 дүгээр байрт байсан бол 2023 онд 90 дүгээр байрт орж бас л 36 байраар ухарсан. “Худал мэдээлэл тараах” гэсэн заалтыг 2002 оны Эрүүгийн хуульд “гүтгэн доромжлох” гэж байсныг нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй хэмээн АН үзээд, 2015 онд Зөрчлийн хуульд оруулсан байсан. Тэгтэл МАН гарч ирээд 2017 онд үүнийг буцаагаад Эрүүгийн хуульд оруулахдаа цар хүрээг нь бүр өргөтгөөд худал мэдээлэл нэрийн доор юуг ч яаж ч оруулж болохоор хуулийн хонгил үүсгэсэн. Үүгээр сэтгүүлчийг хамгаалах нь байтугай бариад хорьчихсон байвал яах вэ. Үүнээс гадна Авлигын индексийг гаргахад V-dem буюу “Ардчиллын олон талт байдал” институцийн үнэлгээг авдаг. Үүгээр Монгол ардчиллаас ухарч буй долоон улсын нэгээр шалгарсан үзүүлэлттэй байна. Үүний цаана хүний эрх, шударга сонгууль гэх мэт маш их зүйл бий. Тэгэхээр ардчиллын индекстэй шууд хамааралтай гэсэн үг.

-Авлигын индекс буурах өгсөхөд үнэхээр олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна. Харин энэ индекс нь муу байх нь өөрөө юунд нөлөөлдөг вэ. Ялангуяа, та ардчилалтай их холбож тайлбарлалаа. Ардчилалд ямар нөлөөтэй вэ?

-Нөлөөлнө өө, нөлөөлнө. Би ярианыхаа эхэнд дурдсан. Авлига бол маш олон зүйлийн зангилаа гэж.

Дэлхийн банкнаас улс орнуудын засаглалын индексийг зургаан шалгуур үзүүлэлтээр гаргадгийн нэгэнд нь авлигын индекс ордог. Иймээс манай засаглалын индекс муу гарахад шууд нөлөөлдөг. 192 орноос манайх аанай л хойгуур 103-т билүү дээ, орсон байсан 2018 онд байх аа. Ийм хойгуур байна гэдэг нь манай улстөрчид, эрх баригчдын үйл ажиллагаа, менежмент муу байна, улс орныг авч явж чадахгүй байна л гэсэн үг. За тэгээд хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг бизнес хийх, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой эрэмбэлж дараалсан зүйл бүрийг яривал санаа зовмоор асуудал маш их байна.

Зарцуулалтаа эргээд мэдээлнэ гэж амлаж олон улсын хандив тусламж авчихаад таг алга болдог гэж тайланд байгаа нь бүр ичмээр. Тэгэхээр яаж зээлжих зэрэглэл ахиж, гаднаас тусламж орж ирэх вэ дээ. Мөн баялгийн тэгш бус хуваарилалт, нөөцийн үр ашиггүй байршуулалт, улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар, амьжиргааны түвшин зэрэгт бүгдэд, өөрөөр хэлбэл улс орны хөгжилд хамгийн их нөлөөтэй дөө.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн байдал ч бас хамрагддаг сэдэв. Социализмын үед ч Монгол гадаадын тусламжаар л төдий зэрэгтэй байсан. Бид ер нь малаа л сайн маллахаас бусдаар яг бие дааж хийж чаддаг зүйл маруухан. Гэтэл эрх баригчид 65-уулаа байж төслөө унагаачихсан. Үүнийг одоо арчаагүй л гэхээс өөр юу ч гэхэв. Эцэстээ эдийн засгийн өсөлт, ардчиллаас ухрахад сөргөөр нөлөөлнө. Авлига авсан хүний тоогоор бус ардчилсан улсад хийж болохгүй нэг алхам чиг л авлигын индексийг бууруулна гэдгийг санаж явах хэрэгтэй.

7 replies on “Ж.Баярмаа: Ардчиллаас ухарч байгаа долоон улсын нэгээр монгол шалгарсан DNN.mn”

Монгол Улсаас ардчилалаас ухарсан гэж хаана тийм шийдвэр гаргачихсан юм бэsays:

Ингэж ичих булчирхайгүй мэдэмхийрч Монгол Улсын нэрийг өөрсдөө гутааж болох уу. Монголын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулж чадаагүй шалдан гуянууд ингэж улс орны нэрийг гутаахыг хүлээн зөвшөөрч болохгүйгээр барахгүй тэлэнд хариуцлага тооцох хэрэгтэй юм

Тэр үнээн.Одоо яая гэхэв.Хөх тэнгэр мэдэж дээ.

Монгол улс бол ардчилсан улс биш ээ… Ардчилсан улс гээд л яриад байх юм. Ярихаа хүрвэл өөрсдийгөө Хойд Солонгос ч гэсэн Ардчилсан Солонгос гэдэг шүү.

Баярмаа Улс төрч хүний шинж бүрэн агуулсан мундаг бүсгүй амжилт хүсэе Баярмаа АН дэд даргат

Монголд ийм Америк Ардчилал огт хэрэггүй бид хүсэхгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *