Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.
-Танд багагүй хугацаанд ярилцах санал тавьсных энэ удаа нэлээн дэлгэрэнгүй, ний нуугүй ярина гэж бодож байгаа. Ер нь өмнө нь хэвлэлд нээлттэй яриагүй юм билээ?
-Хэвлэлд яръя гэж боддоггүй. Гэхдээ хариуцаж байгаа ажлын чиг үүрэгтэй холбоотой асуултад хариулахаас татгалздаггүй. Нэгэнт ярилцахыг зөвшөөрсөн учраас өөртэй холбоотой зүйлд цааргалалгүй хариулахыг хичээе.
ТӨРИЙН ОРДОНД ӨГЛӨӨ ГЭНЭТ ДУУДАГДААД ОРОЙ НЬ САЙДЫН ТАНГАРГАА ӨРГӨСӨН
-Ерөнхий жишгийг харвал намын дэргэдэх залуучуудын байгууллагаар ч юм уу дамжиж тодорхой хэмжээнд улс төрийн сонгуульт албан тушаал хашиж байгаад улс төрд орж ирэх нь элбэг. Намын хамаарал бүхий байдал, нөлөөтэй байх “тоглоомын дүрэм” харагдаад байдаг. Харин таны хувьд эмнэлгийн даргаас шууд сайдаар томилогдоод ороод ирсэн?
-Би өмнө нь намын хамааралтай аль нэг байгууллагад ажиллаж байгаагүй. 2006 оноос хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчээр ажиллаж байгаад 2016 онд эмнэлгийн даргаар томилогдсон. Дараа нь 2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар жил гаруй ажиллаж байгаад сайдаар томилогдсон. Ерөнхийдөө Эрүүл мэндийн сайд болох хүртэл аль нэг намд ямар нэг улс төрийн чиглэлийн оролцоо байгаагүй. Хувийн зүгээс улс төрийн талаар ч тэр бүр сонирхдоггүй. Тийм цаг зав ч хомс байлаа. Мөн сайд болох бодол, зорилго төрж байгаагүй. Тэр тусмаа сайд болчихно гэж төсөөлөөгүй л дээ. Их гэнэтийн зүйл болсон гэхээр хүмүүс итгэдэггүй юм.
-Гэхдээ сайдаар томилогдохоос өмнө улс төрийн хүрээнд таны нэр яригдаж л байсан. Ил, далд багагүй өрсөлдөөн өрнөсөн. Яг хэзээ нь сайд болохоо мэдэж, хэрхэн хүлээж авсан бэ?
-Тухайн үед мэргэжлийнхээ ажлыг хийж байсан учраас зарим хэвлэлээр сайдад миний нэрийг бичсэнийг хараад анхаарч ач холбогдол өгөөгүй. Сайд болох хүний нэр намын удирдах зөвлөлөөр дэмжигдээд тодорчихсон байсан санагдаж байна.
Гэтэл сайдуудыг томилогдож тангараг өргөх өдрийн өглөө гэнэт Төрийн ордонд дуудсан. Тэр өдрөө ордноос гарч амжилгүй байсаар орой нь тангаргаа өргөсөн. Их гэнэтийн байсан л даа.
Эрүүл мэндийн салбарт эмчээс эхлээд удирдлагын түвшинд арваад жил ажилласан. Энэ хугацаанд салбарт болж бүтэхгүй, өөрчилмөөр багагүй зүйлсийг олж харсан л даа. Эмнэлгийн удирдлагаар ажиллаад ч шийдэж чадахгүй хананд тулсан үе бишгүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогод тусгахгүйгээр засаж залруулахад хүндрэлтэй асуудлууд бий. Энэ бүхнийг шийдэх юмсан гэж бодол хүсэл эмч, залуу хүний хувьд цөөнгүй удаа төрдөг байлаа. Тиймээс Эрүүл мэндийн сайдаар ажиллах санал тавихад татгалзаагүй. Намайг яагаад сайдаар томилж байгааг ч асуугаагүй. Харин эрүүл мэндийн салбарыг өөрчлөх боломж гэж хүлээж авсан.
Мэдээж эмчээрээ ажиллах сайхан. Мэргэжлээрээ ажиллахад хэдэн мянган хүн эмчилнэ. Гэтэл шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлж хүн эмчлээд л хийж чадах зүйл хананд тулдаг. Эмнэлэг удирдахад хэдэн зуун мянган хүн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж чадахаас биш салбарын хэмжээнд, тогтолцоогоор нь өөрчлөх боломж хомс. Дараагийн шатны шийдлүүд зайлшгүй шаардлагатай болдог. Харин бодлогын түвшинд Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахад Монгол Улсын 3.6 сая хүнийг эрүүл байлгах, амь насыг нь аврах боломжийг нээж өгч чадна. Үүний төлөө хичээж байна. Боломж туршлага байгаа цагт үр дүн гарна гэж харж байгаа. Ийм л амбицаар зүтгэж байна. Тиймээс улс төрд орсон шийдвэртээ харамсдаггүй. Буруу зөрүүг бодож суух хугацаа, цаг зав их хомс.
-Таны намтрыг харахад Дурангийн нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүн, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ажлууд их сонирхол татлаа?
-Түлэнхийн санг их том зорилгоор байгуулсан. Тэр хэрээрээ чамлахааргүй үр дүн гарсан гэж хардаг. Гэмтлийн эмнэлэгт халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд олон ирдэг. Эмч байхад л хурал дээр долоо хоногт 2-3 хүүхэд түлэнхийгээр нас барсан тоо яригддаг байлаа. Тэр бүрт эмзэглэнэ. Тэдгээр хүүхдийн амь насыг яаж аврах вэ гэж байнга бодож, гадаад дотоодгүй судалсан. Түлэгдлээр жилдээ гурав хүртэлх насны 30-40 хүүхэд нас бардаг гэхээр жилд 400-500 хүрдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Гэмтлийн эмнэлгийн дарга болоод эхний ээлжинд хүүхдүүд түлэгдэж нас бардаг байдлыг бүрэн зогсоох зорилго тавьсан. Үүний тулд авсан цогц арга хэмжээ, бодлогын хамгийн эхнийх нь хиймэл арьс нөхөх эмчилгээг нэвтрүүлэх байсан. Хиймэл арьс өндөр өртөгтэй. Хэдийгээр төлбөрийн 75 хувийг даатгалын сангаас хөнгөлдөг ч үлдсэн 25 хувь нь бас бага мөнгө биш. Дээр нь халуун тогоонд ихэвчлэн гэр хороолол, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд түлэгддэг учраас санхүүгийн боломж тааруу. Үндсэндээ хиймэл арьс нөхүүлэх эмчилгээ хийлгэх боломжгүй байсан учраас даатгалд хамрагдахгүй 25 хувийг нь төлөх боломжийг бий болгохыг зорьж Түлэнхийн санг байгуулж байлаа. Эргээд харахад олон мянган хүүхдийн төлбөрийг төлж жилд түлэнхийгээр нас бардаг байсан 30-40 хүүхдийг аварч, тоог тэглэж чадсан. Одоо гэмтлийн эмнэлэгт түлэгдлээр хүүхэд нас барахаа больсон. Харин хөдөө орон нутгаас төв эмнэлэг рүү ирж чадахгүй хугацаа алдаж хүндэрснээр хүүхэд нас барах тохиолдол гарч байна. Тиймээс дараагийн ээлжинд тусламж үйлчилгээг орон нутагт яаж хүргэх, эмч нарыг яаж чадавхжуулах вэ гэдэг чухал байгаа. Энэ бодлого улс даяар хэрэгжих бүрэн боломжтой.
Үений дурангийн мэс заслыг Монголд анх нэвтрүүлсэн учраас Олон улсын үе судлалын нийгэмлэгийн гишүүн гэж явдаг. Нийгэмлэгийн хуралд оролцож өөрийгөө боловсруулах, чадавхижуулах ажил их чухал.
–Төрийн өмчийн эмнэлгүүдийг удирдаж байхаас эхлээд сайд, төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байна. Тав арваас эхлээд олон зуун хүнийг ч удирдлаа. Ажлын арга барил, зарчмыг сонирхмоор байна?
-Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа олон улсын стандартыг нэвтрүүлэх, иргэдэд хэрхэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг болох вэ гэдэгт зорьсон. Аль ч байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөөг зөв боловсруулж чадах юм бол алсын хараа, эрхэм зорилго, ажлын дэс дарааллаас эхлээд түүнийгээ дагаад гарц, шийдэл ойлгомжтой болж ирдэг. Энэ бол миний ажлын хамгийн гол зарчим. Өдөр тутмын тулгамдсан асуудалтай зууралдаж, “гал” унтраагаад яваад байх юм бол хөгжихгүй, урагшлахгүй.
Ажлын олон арга хэлбэрийг туршиж, тэр дундаасаа оновчтойг нь ашиглаад явдаг. ГССҮТ, УНТЭ-ийн 700-800 ажилтанг нэг арга барилаар удирдах боломжгүй. Харин хүн нэг бүрийн онцлогийг мэдрэх ёстой. Урам өгөх, шахаж шаардах гээд янз бүрийн арга барилаар ажиллаж байж үр дүн, бүтээмж гарна. Ер нь ихэнхдээ өглөө эмнэлгээ бүтэн тойрчихоод ажлаа эхэлдэг, эргээд шийдвэрээ хянах маягаар ажиллаж ирсэн байна.
-УНТЭ, ГССҮТ хамтарсан багийн гишүүд УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван нар “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд нь Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” олгосон нь саяхан. Том эмнэлгүүдийн хамтарсан баг “Төрийн соёрхол” хүртэж байсан удаагүй. Монгол Улсын анхны “Төрийн соёрхолт” сувилагч мөн бидэнтэй хамт төрж байгаа гэж та тухайн үед хэлсэн?
– Миний үндсэн мэргэжил гэмтэл согогийн мэс засалч. Анагаахад зургаан жил сураад мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Солонгос улсад үений дурангийн мэс заслын нарийн мэргэжлээр суралцсан. Тухайн үед манай улсад үений дурангийн мэс засал хийгдэж эхлээгүй байсан үе. Тоног төхөөрөмж нь ч байгаагүй. Цоо шинэ ойлголт байлаа. Солонгост суралцаж ирснийхээ дараа үений дурангийн аппаратыг оруулж ирээд дурангийн мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүст үнэ төлбөргүйгээр мэс засал хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өвдөг, үений дурангийн мэс заслыг Монгол Улсад анх нэвтрүүлж нутагшуулсан л даа. Би өөрөө хийсэн болоод надаас суралцсан, манай багийн гишүүд 14-15 мянган хүнд энэ төрлийн мэс заслыг хийсэн байна. Үений дурангийн мэс заслын чиглэлээр магистр, доктор хамгаалсан. Тодруулбал, Монгол Улсад өвдөгний үений дурангийн мэс заслыг нутагшуулсан үр дүн сэдвээр доктороо хамгаалсан. Энэ төрлийн өвчлөлийг бууруулахад ямар гарц шийдэл байгааг судалгаагаар гаргаж ирж байж анагаахын докторын зэргээ хамгаалсан. Одоо ч мөн адил судалгааны ажлууд дээр нэлээн төвлөрч байна. Тоо баримтуудаа гаргаж ирж байж зөв бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой.
Хүмүүс хиймэл үе суулгах мэс заслыг үений дурангаар хийдэг мэтээр андуурах тохиолдол бий. Өвдөг хоорондын жийргэвч мөгөөрсөн холбоос гэмтлийн үед үений дурангийн мэс заслаар тасарсан холбоосыг холбож, урагдсаныг нь буцааж оёдог. Манай улсад энэ төрлийн гэмтлийн тохиолдол өндөр. Ер нь өвдөгний үений бүх төрлийн хагалгаа хийгдэж байгаа.
Бараг дэлхийн түвшинд хүртэл хөгжсөн гэж хэлж болно. Мөрний дурангийн мэс заслын хөгжил ч хурдацтай хөгжиж байна. Ойрын хоёр жилдээ олон улсын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа.
2011 оноос хойш арав гаруй жилийн хугацаанд 14-15 мянган хүнд үений дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн. Гол онцлог нь Монголд анх удаа нэвтрүүлж, нутагшуулсан үр дүнг төр үнэлсэн гэж боддог. Үений дурангийн мэс засал улсын болон хувийн хэвшлийн 10 гаруй эмнэлэгт хийгдэж, дээр дурдсан 15 мянган хүнд энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгээрээ Монголд нутагшсан, олон хүний хөдөлмөрийн чадварт эерэгээр нөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна гэдгийг Ерөнхийлөгчийн зарлигт онцолсон байна лээ. Мэс заслын дараах хүндрэл манай улсад олон улсын дунджаас доогуур, эрсдэл багатай гэсэн үзүүлэлт бий. Мөн мэс засал хийлгэсэн 15 мянган хүн гадагшаа явж эмчлүүлсэн бол тэр хэрээр валют зарах гээд олон талыг нь харж нэр хүндтэй, эрхэм шагналыг манай багт олгосон юм болов уу.
БОГИНО ХУГАЦААНД ЦАЛИН НЭМЭХ ХАМГИЙН ЗӨВ ХУВИЛБАР БОЛ ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТ
-Монголд эмчлэх боломжгүй өвчтэй хүмүүс, тэр дундаа бага насны хүүхдүүдийн хандив тусламжийн асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Монголын төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл өндөр төлбөртэй эмчилгээнд гадаад руу явж чадахгүй амь насаа алдаж байна. Энэ асуудалд анхаарч байсан хүмүүсийн нэг нь та. Ямар гарц шийдэл, бодит үр дүн олж харсан вэ?
-Монгол хүн гадагшаа явж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй болох энэ боломжийг төр олгох ёстой. Үүний төлөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, бодлого боловсруулж байгаа бүх хүн зорьж тэмүүлдэг байх. Миний хувьд ч ялгаагүй. Нэгдүгээрт, Монгол хүн гадагшаа явж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй байх, хоёрдугаарт, эх орондоо эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Өвдсөн тохиолдолд эрт илрүүлдэг, оношилдог, эмчилдэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Боломжтой хүмүүс гадаад руу яваад эмчлүүлдэг боловч хорио цээрийн дэглэм тогтоосон, хил гааль хаалттай үед ямар хүндрэл гарч болохыг бид харлаа.Тиймээс эх орондоо бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болох боломжийг богино хугацаанд бүрдүүлэх шаардлагатайг харууллаа. Энэ бол нэг номерын зорилго. Эрүүл мэндийн сайд байхдаа энэ чиглэлд анхаарч ажилласан. Монголд эмчлэгдэхгүй 26 төрлийн өвчин байна. Яагаад үүнийг эмчилж чадахгүй байна вэ. Хамгийн наад зах нь тэдгээр өвчнийг эмчлэхийн тулд хамаг боломжоо дайчилж чадаж байна уу гэдэг шалтгааныг олж харах ёстой. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй өдөр тутмын ажилтайгаа зууралдахаас биш хөгжил ярих, шинэ зүйлд тэмүүлэх боломж хомс байна.
Тогтолцоогоо өөрчлөх ёстой. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хүний нөөц, технологийн дэвшлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгочих юм бол 1-2 жилийн дотор шийдэгдчих зүйл шүү дээ. Түүнээс одоогийнх шиг өдөр тутмын ачааллаасаа гарч чадахгүй бол арван жилийн дараа ч бахь байдгаараа л байна.
Иргэд ихэнх нь лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэх сонирхолтой. Тусламж үйлчилгээ нь ч тэндээ төвлөрсөн учраас ачаалал ихтэй. Гэтэл аймаг, дүүрэг, сум, өрхийн эмнэлэгт ямар тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэхийг тодорхой болгож хөгжүүлж чадвал лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал хөнгөрч Монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх технологи, хүний нөөцийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ. Манай эрүүл мэндийн салбар дэлхийн хөгжилтэй орнуудаас хэдэн арван жилээр хоцорч яваа. Цаашид яаж зэрэгцэж алхах вэ гэдэг бодлого учир дутагдалтай байна. Энэ суурь шинэчлэл, төвлөрөл сааруулах бодлого руу чиглэх ёстой. Мөн эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр цаашаа явахгүй. Ар гэртээ байнгын санаа зовинолтой хүн яаж үйлчлүүлэгчтэй сайхан харилцах вэ. Сэтгэлээсээ сайхан үйлчлэхийн тулд ажилчны нийгмийн асуудал, цалин мөнгийг шийдвэрлэж байж эргээд ажлын уялдаа, гүйцэтгэлтэй холбогдоно. Үүний эхлэлийг тавихын тулд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн. Үр дүнгээ өгч байгаа хэсэг ч байна. Буруу хэрэгжээд хүссэн хэмжээний үр дүнд хүрэхгүй байгаа тохиолдол ч бий. Суурь шалтгааныг олж хараад хөгжлийн чигээ зөв гаргачих юм бол ямар ч ажил богино хугацаанд үр дүн өгнө. Бидний гол алдаа бол ямар нэг судалгаа шинжилгээгүйгээр сэтгэлийн хөөрлөөр эхлүүлдэгт байна гэж хардаг даа.
-Монголд өрхийн эмнэлгийн хөгжил ямар байгаа. Монголчууд бүгд лавлагаа шатлал руу “дайрдаг” гэдгийг 13А маягтын жишээ харуулсан. Ер нь эрүүл мэндийн салбар, эмнэлгүүд хэрхэн хөгжих ёстой юм бэ. Таны сайд байхдаа гардан хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүн хэр гарсан бэ?
-Манайх 13А маягтгүй анхны улс болсон байж магадгүй. Нэршил хэрэглээ өөр болохоос бүх оронд 13А маягт байдаг. Эрүүл мэндийн төвлөрсөн тусламж үйлчилгээг задлах ёстой байтал 13А маягтгүй болчихоор эргээд төвлөрлийг бий болгож байна. Мэдээж 13А маягтын хэрэглээнд учир дутагдалтай зүйлс байсан. Цахимжуулж, сайжруулаад явсан бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй болгох гол зарчим л даа.
Өрхийн эмнэлэг хорооныхоо иргэдэд өдөр тутмын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Эхний ээлжийн арга хэмжээг өрх дээр авах үүрэгтэй. Өрх боломжгүй бол дүүрэг, дүүрэг чадахгүй бол лавлагаа шатлал руу явуулдаг ийм л тогтолцоо.Тэгэхээр өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүд сайн хөгжиж байж лавлагаа шатлалын төв дээр үүсээд байгаа хиймэл ачааллыг багасгана. Өвчин хүнд, хөнгөн хамаагүй хүн болгон лавлагаа шатлал дээр сайн эмч нар байдаг гэж ойлгоод зохиомол ачаалал нэмээд байгаа нь нэг талдаа ард иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой. Хоёрдугаарт, өрх, сумын эмнэлгүүдээ чадавхжуулахгүй болохоор ард иргэдэд итгэл төрж өгөхгүй байна. Энэ бүхнийг өөрчлөх ёстой.
Эмч нарын цалин мөнгө, нийгмийн асуудлыг харахаар үнэхээр харамсалтай санагддаг. Мэдлэг, чадвартай эмч нар амралтаараа Солонгос явж ажил хийчихээд ирж байна. Амралтаараа амраад, сурч боловсрох байтал гадагшаа мөнгөний төлөө явж байна шүү дээ. Эмч хүн байнга уншиж судалж мэдлэг боловсролоо нэмж байх шаардлагатай байтал ажлын төлөө, мөнгөний төлөө бүх цаг заваа зориулж байна. 2010 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарынхны цалин 80 хувь нэмэгдээд нэг сая төгрөг болсон. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад цалин бараг нэмэгдээгүйтэй адил. Хуучин тогтолцоогоор явсан бол ирэх 10 жилд хоёр сая төгрөг болно. Дахиад л ялгаа гарахгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарын санхүүгийн тогтолцооны реформыг зайлшгүй хийж байж богино хугацаанд хэд дахин өсгөх боломжтой гэж үзэж гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлтийг нэвтрүүлсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжсэн гурван жилийн хугацаанд цалин нь гурав дахин нэмэгдсэн эмч, сувилагч ч байна. Гуравхан хувиар нэмэгдсэн нь ч бий. Тухайн байгууллага удирдаж байгаа менежерүүдээс шалтгаалж байгаа зүйл бий. Мөн бодож төлөвлөж хүссэн хэмжээнд хүрч хараахан чадаагүй байна. Хугацаа жаахан орох байх. Өнгөрсөн 100 жилийн хугацааны тогтолцоог хоёр жилийн дотор өөрчилж чадахгүй ч засч залруулаад сайжруулаад явахад үр дүн гарна. Ямар ч байсан эрүүл мэндийн салбарынхан хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг болсон. Богино хугацаанд цалин нэмэгдэх хамгийн боломжит хувилбар бол гүйцэтгэлийн санхүүжилт. Ганцхан жишээ хэлэхэд, ГССҮТ-ийн яаралтай тусламжийн хүлээх авах дээр өдөрт 500-600 хүн ирдэг. Гэмтлийн хүлээн авахад жижүүрт гарна гэдэг маш хүнд. Согтуу хөлчүүгээс эхлээд янз бүрийн нүд хальтрам осол аваарт орсон хэдэн зуун хүнтэй ажиллахад эмч сувилагч нар халширдаг. Жижүүрт гарах хүн олддоггүй байсан. Харин өнөөдөр байдал огт өөр болсон. Гүйцэтгэл, ачаалал нэмэгдэхийн хэрээр цалин урамшуулал 4-5 дахин нэмэгдсэн. Сарын 5-6 сая төгрөгийн цалин авч байгаа эмч нар бий. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны ганцхан жишээ л энэ. Өдөр ирэх тусам үр дүн гарсаар байгааг эрүүл мэндийн салбарынхан бодитоор мэдэрч байгаа нь сайхан юм даа.
ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙХАД МӨНГӨ ЗАВШААД СУУЖ БАЙХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ХЭР БАЙДАГ ЮМ БОЛ…
-Дэлхий нийт цар тахалтай нүүр тулсан амаргүй сорилтын үед та Засгийн газрын гишүүн, салбарыг удирдсан нь онцгой үе таарсан. Ковидын хүндхэн үед эрүүл мэндийн салбар ачааны цөмийг үүрсэн. Магтаал, шүүмжлэл аль алийг нь сонслоо. Цар тахлын үед ямар арга барил зарчмаар ажиллав, одоо эргээд харахад юу бодогддог вэ?
-Дүнг ард түмэн тавина. Бүх зүйл олон нийтэд ил тод байгаа. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод албаа хүлээлгэж өгөх хүртэл ковидоор нэг ч хүн нас бараагүй. Халдвар өргөн хүрээнд тархсан нөхцөл байдалд дотооддоо цар тахлын халдвар бүртгэгдсэн аймаг байгаагүй. Эрүүл мэнд талаас нь харвал ийм зүйлийг хэлэх байна.
Цар тахлын сорилтоор эрүүл мэндийн салбар алдаа оноогоо огт өөр түвшинд олж харсан. Энэ салбарыг хөгжүүлэхгүй бол ямар хүнд байдалд орохыг дээр, дооргүй мэдэрсэн амаргүй цаг хугацааг даван тууллаа. Дэлхий нийтэд цар тахалтай нүүр тулж ажилласан туршлагатай нэг ч хүн байсангүй. Тухайн үед салбарыг удирдахад хурдтай, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлага тулгарсан. Ганцхан жишээ хэлэхэд Сэлэнгэд халдвар бүртгэгдэхэд эхлэлийг нь олохын тулд олон хувилбаруудыг гаргаж байсан л даа. Бусад аймгууд руу тараахгүйн тулд эхлээд суурин дагасан газруудынхаа хүн амыг шинжлэх, маш шуурхай хяналтандаа авахыг хичээсэн. Шинжилгээ авахаас эхлээд эргээд яаж богино хугацаанд чадавхаа сайжруулах вэ, илүү олон газар шинжилгээ хийх, эмнэлгийн ачааллаас эхлээд дараагийн төлөвлөлтөө оновчтой хийх зэргээр цаг минуттай уралдсан хугацаа байлаа. Эргээд харахад нас баралтгүй, өвчний тархалтын нөхцөл байдал томоохон алдаа дутагдал гаргаагүй юм болов уу гэсэн итгэл төрдөг.
-Урд хөршид ковид илэрснээс 7-8 сарын дараа Монголд бүртгэгдсэн. Энэ бол богино хугацаа биш. Нэгэнт бүртгэгдэх нь тодорхой байсан энэ үед Монгол Улс бэлтгэл ажил хэр хийсэн бэ. Эрүүл мэндийн салбар хүний нөөцгүй болчих вий, эм, тариа, маск тасрах вий гэсэн айдас болгоомжлол бараг хүн болгонд л төрсөн. Ер нь танд айдас байсан уу?
-Айхаас илүү энэ ажлыг хийх, даван туулах үүрэг надад оногдлоо гэдгийг гүн гүнзгий ухамсарласан. Тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой айдас бол байнга шахуу л төрнө.
Дотоодод халдвар бүртгэгдэх үед хэрхэн ажиллах талаар нэлээн зузаан төлөвлөгөө бэлтгэсэн. Бүх төрлийн нарийн судалгаа шинжилгээг хийсэн. Дэлхий нийтээр бүх зүйл хомстолд орсон, хил гааль хаагдсан үед бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж захиалахад Монголд маш их удаж ирэхээр байсан. Харин бид хэрэгцээтэй бүхнийг цаг алдалгүй судалж захиалсан нь хугацаа хожих боломж олгосон. Дэлхий нийтэд ковид илэрлээ гэхэд л бүх талын мэдээллийг авч судалж цаг алдахгүйгээр хэрэгцээтэй бүхнийг захиалсан учраас Монголд бүртгэгдэх үед хэрэгцээтэй зүйлс эхнээсээ ороод ирчихсэн байлаа. Хэрэв дотоодод халдвар бүртгэгдэхээс 6-7 сарын өмнө шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, амьсгалын аппаратаа шуурхай захиалаагүй байсан бол оройтох, илүү эрсдэл үүсэж мэдэхээр байлаа. Дотоодод халдвар гарсны дараа захиалсан бол хохирол амсаад дууссаны дараа 7-8 сарын дараа л хилээр орж ирэх нөхцөл байдал үүссэн. Хугацаа хожиж бэлтгэлээ базаасны үр дүнд ковидыг арай хохирол багатай даван туулсан юм болов уу.
“Нэг хаалга-Нэг иргэн” шинжилгээний дараа халдварын тохиолдол эрс нэмэгдээд ирэхэд эрүүл мэндийн салбарынхан нэлээн халширсан. Энэ үед ковидын үеийн урамшууллын хөшүүргийг бий болгож өгсөн нь оновчтой шийдвэр болсон гэж хардаг. Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотойгоор улаан бүсэд ажилласан урамшууллыг боломжийн хэмжээнд тогтоож өгснөөр эмч, ажилтнуудын урам зориг сэргэх, ажиллах идэвхийг сэргээсэн гэж хэлж болно.
Ковидын үеийн хамгийн том бэлтгэл ажил бол гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт байсан. Хэрэв эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж урамшуулах тогтолцоо бүрдээгүй байсан бол боловсон хүчний асуудал хүндрэх байсан. Эргээд бодоход маш зөв томоохон бэлтгэл ажил байж дээ гэдэг нь харагддаг. Олон улсын томоохон судалгаанууд ч ийм үр дүнг онцолж байна.
-Дараагийн том асуудал ковидын үеийн төсөв. Цар тахлыг далимдуулж нэг хүнийг 10 гаруй сая төгрөгөөр эмчиллээ, маскны мөнгө хэд нугалсан гэдэг шүүмжлэл тасрахгүй байна. Төсөв, худалдан авалт, хандивын зарцуулалт хууль журмаараа явсан уу. Салбар удирдсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Цар тахлын халдвар гарч дэлхий нийт, улс орон даяар олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад мөнгө завшаад сууж байх хүн хэр байдаг юм бол. Тийм хүнд хэцүү үед шүү дээ. Хэн ч халдвар авах, эрсдэлд орж мэдэх үед мөнгө төгрөг завших талаар бодох сэтгэл зүй, ухамсартай хүн байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яг нөхцөл байдлыг мэдэрч салбарыг удирдаж байсан хүний хувьд бол байхгүй болов уу гэж бодож байна.
Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар 2020 оны долдугаар сард томилогдоод дараа оны нэгдүгээр сарын 28-нд ажлаа өгсөн. Сайдаар томилогдох үед тухайн оны төсөв мөнгө хуваарилагдаад шаардлагатай зүйлдээ зарцуулагдчихсан байсан үе. Мөн ирэх оны төсөвт вакцин худалдаж авахаас эхлээд бэлтгэл ажил хийгдэж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхижуулах ажил эхэлсэн байсан ч оны эхэнд ажлаа хүлээлгэж өгсөн учраас зарцуулалтад оролцох, хянах боломж байгаагүй. Ер нь сайдаар ажилласан хагас жил гаруйн хугацаанд тухайн болоод дараагийн оны төсөв мөнгөтэй ямар нэг байдлаар холбогдох боломж байгаагүй. 2020 оных нь зарцуулагдаж дууссан, 2021 оны төсөв мөнгийг захиран зарцуулахаас өмнө ажлаа өгсөн ийм л зурвас үе таарлаа. Хүмүүсийн хэлдгээр ямар нэг байдлаар ковидын үеийн төсөв хөрөнгөнд “гар” дүрэх, захиран зарцуулах боломжгүй гэсэн үг.
-Тухайлбал, N95 маскны худалдан авалт гурван тэрбумаар яригдсан. Тендерийг нь авсан “Энхийн шүүдэр” гэдэг компани тантай холбоотой гэсэн мэдээлэл гарсан л даа?
-Шаардлагатай тохиолдолд яаралтай худалдан авалт байсан л байх. Сайдаар ажиллаж байхад богино хугацаанд шууд худалдан авалтаар гүйцэтгэх ажил цөөн байсан. Ер нь ихэнх тохиолдолд тендер, сонгон шалгаруулалт нь зарлагдаад хууль журмын дагуу явсан байдаг. Таны асуусан N95 маск гэхэд тендер нь зарлагдаад худалдан авах ажиллагаа нь хийгдсэн юм билээ.
Энэ маскыг оруулж ирсэн “Энхийн шүүдэр” компанийг судлаад үзэхэд таван аж ахуйн нэгж нэгдсэн консорциум юм билээ. Би болон миний хамаарал бүхий хүн эдгээр таван компанийн аль нэгэнд нь хувьцаа эзэмшдэг ч юм уу, ямар нэг оролцоо байхгүй. Цахимаар шүүгээд үзэхэд бүх зүйл ил тод байгаа шүү дээ. Хууль хяналтын байгууллага нь шалгаад Сангийн яам тооцоог нь хийгээд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдсөнийг нь оруулаад үзэхэд гурван тэрбумын худалдан авалтын ашиг 400 сая төгрөг гэсэн дүгнэлт гарсан байсан. Хувиар нь тооцвол 14 байсан санагдаж байна. Тендерт оролцсон компанид 14 хувь гэдэг байж болохгүй ашиг уу гэдгийг мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа хийж байгаа. Ямар нэг байдлаар надаас тайлбар авсан, шалгасан зүйл алга.
Надад УИХ-ын гишүүд шиг бүрэн эрх байх биш шалгах нээлттэй. Ялангуяа, цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарын “ядарсан” төсвөөс мөнгө төгрөг олно гэдэг увайгүй.
Сайдын хувьд худалдан авалтад оролцох боломжгүй. Яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд хариуцдаг хүмүүс бий. Гэхдээ сайд ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй. Цар тахлын үед бүх бараа материал, тоног төхөөрөмж хомстолд орж түүнийгээ дагаад үнэ ханш нэлээн нэмэгдсэн үе таарсан. Үүнтэй холбоотойгоор ташаа ойлголт төрүүлсэн байж магадгүй.
-Цар тахлын үед хүний эрхийн зөрчил их гарсан. Хатуу хязгаарлалтаас болж 22-ын товчооны цаана хүний амь эрсэдсэн, халдвар илэрсэн байрны орцыг лацадсан гээд хүний эрхийн наад захын мэдрэмжгүй шийдвэрүүд гарсан. Алдаа, оноогоо хэрхэн дүгнэсэн бол?
-Хүний эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн үндсэн зарчим бий. Тухайн үед халдварын нөхцөл байдал хүндрэх тусам хүн ардын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах аюултай. Нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хөндөгдөх зүйл дээр шүүмжлэлтэй, хүний эрх зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ таны асууснаар айлын хаалгыг түгж зэрэг шийдвэрүүд УОК дээр гарч байгаагүй. Гүйцэтгэлийн шатанд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.
-Тусгай үүргийн нислэг хэл ам дагуулсан. Ямар зарчим баримталсан юм бэ?
– Тусгай үүргийн нислэгээр иргэдээ гадаадаас татах үед миний бие эмнэлгийн даргаар ажиллаж байсан учраас ямар зарчмаар ажиллаж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна.
-Төрөх эмнэлгээс нярай биетэй эмэгтэй өвлийн хүйтэнд углааштай гарснаар Шадар сайд, Эрүүл мэндийн сайд өргөдлөө өгсөн. Улмаар Засгийн газар танхимаараа огцорсон шүү дээ. Нэгж дээр гарсан асуудлын хариуцлагыг сайд үүрэв үү, жагсаалын эрсдлээс болсон уу?
-Тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнээд харвал “Өргөө” амаржих газраас хүн шилжүүлэхдээ гаргасан алдаа эрүүл мэндийн салбарт гарсан нь үнэн. Салбарыг удирдаж байгаа хүн нь сайд шүү дээ.
Таны хэлдгээр “Өргөө” амаржих газар яам биш Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад байдаг нь үнэн. Нөгөө талаас тухайн эмэгтэйг хүлээж авч байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв бол Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага. Шилжүүлж өгч байгаа болон хүлээж авч байгаа аль алиных нь хандлагын асуудал л даа. Нэгж дээр гарч байгаа хандлага хариуцлагын асуудал яамны удирдлагатай шууд холбогдохгүй ч шууд бусаар холбоотой гэж ойлгодог. Гэхдээ эрүүл мэндийн сайдаар 4-5 жил ажилласны дараа салбарт иймэрхүү асуудал гарсан бол хариуцлага хүлээх нь зөв гэдгийг тухайн үед олон хүн хэлсэн л дээ. Мөн тэр үед төв талбайд иргэд жагсаж эхэлсэн. Халдварын тархалтыг хумих, эсрэгээрээ нэмэгдэх маш эрсдэлтэй шилжилтийн үе таарсан. Олон хүнийг хамарсан жагсаалын үеэр халдварын тархалт хяналтаас гарах эрсдэл өндөр байсан. Жагсаал цуглаан илүү олон хүнийг хамарч хугацаа алдсан бол халдварын тархалт нэмэгдэж олон хүний амь эрсдэж мэдэхээр байсан. Тиймээс эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд УОК-ын дарга болон миний бие хамгийн түрүүнд өргөдлөө өгснөө мэдэгдэж, сүүлдээ танхимаараа хариуцлага хүлээсэн.
-Ер нь салбарыг сайн менежер удирдвал үр дүнтэй юм уу. Мэргэжлийн хүн удирдах ёстой юу гэдэг дээр хүмүүс янз бүрийн л байр суурьтай байдаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Мэргэжлийн мөртлөө сайн менежер байх аль алиныг нь агуулж байж өндөр үр дүнд хүрнэ. Аль ч тохиолдолд хамгийн чухал нь богино хугацаанд үр дүнд хүрэх шүү дээ. Мэргэжлийн бус сайн менежер байлаа гэхэд салбараа ойлгох гэсээр байтал хамаг цаг хугацаагаа алдах сул талтай. Салбарын онцлогоо ойлгож байж зөв бодлого гарна. Ажлаа ойлгохгүй мэдэхгүй хүн доод албан тушаалтнуудын өгсөн мэдээллээр, өөрөө дүгнэж цэгнэх биш бусдын үгээр шийдвэр гаргах эрсдэлтэй. Мэдээлэл зөрүүтэй, бодит бус очих тохиолдол олон давтагдах тусам алдаа дутагдал гарах аюултай.
ИТГЭЛ НАЙДВАР ТӨРЖ БАЙНА, ШИНЭЧЛЭЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛМООР САНАГДЛАА
-Эрүүл мэнд сайдын дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр үргэлжлүүлж ажиллалаа. Энэ хугацаанд монголчуудын эрүүл мэндийг алган дээрээ тавьсан мэт бүх судалгаа шинжилгээг харсан байх. Тоймлоод харвал монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Зөв бодлого гаргаад үр дүнтэй хэрэгжүүлж чадвал боломж харагдаж байгаа. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хэрхэн сайжруулах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандууллаа. Өөрөөр хэлбэл, хүнийг өвдсөнийх нь дараа яаж эмчлэх вэ гэсэн бодлого боловсруулснаас биш яавал өвдүүлэхгүй байх вэ гэдэг орхигдсон. Энэ алдаагаа засахын тулд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ард иргэдийг яаж эрүүл байлгах вэ. Үүний тулд аюулгүй орчин, эрүүл хоол хүнс хэрэглэдэг болгох, эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь олж амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх вэ гэдэгт хөтөлбөр бүхлээрээ чиглэж байгаа. Энэ хүрээнд судалгаа хийгээд үзэхээр монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөлж байгаа нь архи согтууруулах ундаа гэсэн үр дүн гарч ирсэн.
Судалгааны дагуу цогц бодлогоо боловсруулж Ерөнхийлөгч зарлиг гаргаад Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байна. Энэ мэтчилэн монгол хүний эрүүл мэндийг цогцоор нь хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхгүй бол өнөөдөр хэчнээн мянган ортой эмнэлэг баригдаад өвчлөлөө дийлэхгүй. Ийм хэмжээнд манай улсын нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэлт алдагдсан.
Зарим нь урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог нийгмийн эрүүл мэнд гэж буруу ойлгодог. Хүмүүст үзлэг хийхэд өвчнийг илрүүлж оношлохоос биш урьдчилан сэргийлэх арга хэмжээ биш шүү дээ. Эрүүл мэндийн салбарт гурван зүйлийг анхаарч чадвал бодлого амжилттай хэрэгжинэ. Нэгдүгээрт, тухайн өвчлөлийн шалтгаан, түүнийг яаж бууруулах, юу хийвэл өвдөхөөс сэргийлэх вэ гэдэг чухал. Хоёрдугаарт, өвчлөлийг хэрхэн эрт илрүүлж оношлох, эцэст нь богино хугацаанд оновчтой эмчлэх вэ гэдгээ зөв хуваарилж явуулж чадах юм бол 5-10 жилийн дотор бодит үр дүн гарна.
-“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн цогц үр дүн хэзээ гарах вэ. Эхний ажил хэрэгжээд жил гаруй боллоо?
– “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг 10 жилээр төлөвлөсөн. Эхнээсээ тодорхой болсон зүйлүүд дээрээ арга хэмжээ аваад явж байна. Эхний ээлжинд согтууруулах ундааны хатуулгыг хоёр жилд хоёр градусаар бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Үндсэн хэрэглээний 38 градусыг 2023 онд 36-аас дээш градустай согтууруулах ундааны онцгой албан татвар огцом нэмэгдсэн. Ингэснээр бизнесийн зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдаж эхэлнэ.
Манай улс 2022 оны эхний найман сард 16 сая литр архи борлуулж байсан бол 2023 оны эхний найман сард 14 сая литр болж 12.5 хувиар буурсан. Яг бодитоор буурсан уу гээд хэрэглээнээс үүдэлтэй нийгмийн нөлөөллөө харвал согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 15 хувиар багассан байх жишээтэй. Энэ бол бодит үр дүн. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа бүх зүйл дээр зөв бодлого гаргаад явах юм бол энэ мэтээр үр дүн гараад явах боломжтой. Эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй архи, тамхи, ундны ус, үдийн хоол хөтөлбөр гээд дэс дараалалтайгаар цогц арга хэмжээ аваад явна.
-“Эрүүл монгол хүн” хөтөлбөр энэ цаг үед хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа утааны асуудалд гарц шийдэл хайж, урт хугацааны төлөвлөлт хийх үү?
-Утаа, түгжрэл гээд Засгийн газрын гол анхаарлаа хандуулж байгаа асуудлууд бий. Ерөнхийлөгчийн институцийн хувьд Засгийн газрын анхаарч хийж хэрэгжүүлж буй ажлууд руу давхар хутгалдаад явах нь зохисгүй. Богино хугацаанд гэхээс илүү олон жилийн төлөвлөлттэй асуудлууд руу анхаарч байна. Гэхдээ агаарын бохирдлын асуудлыг ор тас орхиогүй. Тэрбум мод хөтөлбөрөөр дамжуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлж орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт рүү чиглэсэн илүү алсыг харсан бодлого руу төвлөрч байна. Мөн иргэндээ ээлтэй, эрүүл хүнсээр хангах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн өндөр боловсролтой ард иргэдтэй болбол өвчлөл буурна. Эрүүл монгол хүн л энэ улс орныг хөгжүүлнэ шүү дээ.
Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлогыг гаргаж хэрэгжүүлж чадвал бага зардлаар өндөр үр дүнд хүрэх боломжтой. Тухайлбал, зургаан настай хүүхдийн зүрхний төрмөл болон олдмол гажигуудыг илрүүлэх ажлыг хийгээд явж байна. Эхний ээлжинд Архангай, Увс аймаг, Хан-Уул дүүрэгт хийлээ. 6000 орчим зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 30 хүүхэд яаралтай мэс засалд орох эрсдэлтэй байна. Мөн 300 гаруй хүүхдээс зүрхний төрмөл болон олдмол эмгэг илэрч байнгын эмчийн хяналтад орж байна. Ингэж багаас нь илрүүлж арга хэмжээ аваагүйгээс болж огцом ачааллаас үүдэлтэйгээр зүрх нь зогсч нас барах тохиолдол гардаг. Гэнэт зүрх зогсох өвчний улбаа үүнтэй холбоотой. Тиймээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндэд анхаарах бодлогыг нэн даруй зөв гаргах шаардлага гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд байгаа бүх зургаан настай хүүхдийн зүрхийг оношлодог тогтолцоог бий болгох хэрэгтэй. Жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа 70 мянган хүүхдэд зүрхний оношлогоо эмчилгээг хийж чадах юм бол багаар бодоход 700 хүүхдийн амь насыг аврах, 600-700 хүүхдийг зүрх судасны эмчийн хяналтад эрт оруулж чадах нь байна. Дахиад есөн настайд нь мэдрэл,хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үзлэг хийдэг болгож чадвал ерөнхий боловсролын сургуулиа эрүүл төгсдөг механизм бий болно. Үүний тулд аймаг, дүүрэгт ямар байх вэ гэдэг хувилбаруудаа бодож тооцож алдаа оноогоо дэнсэлж улсын хэмжээний бодлого болгох юм бол хүн ардын эрүүл мэндийг бага зардлаар өндөр үр дүнтэй хамгаалж чадна. Эрүүл мэндийн боловсрол олгох тусгай мэргэшлийн багш, хүүхдийн насны онцлогт тохирсон тэнхимийг олон улсын жишгээр нь байгуулахаар Японоос судалж байна. Багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг боловсролын яамтай ярилцаж байгаа. Асуудлыг сууриар нь өөрчлөх бодлогыг эндээс эхэлнэ.
-Улс төрд орж ирээд хүссэн шинэчлэлээ шууд хийхэд бэрхшээлтэй. Магадгүй үүний нэг шалгуур нь сайн улстөрч байх хэрэгтэй. Таны хувьд одоо ч улс төрийн албан тушаал дээрээс салбараа харж байна. Итгэл үнэмшил хэр төрж байна вэ?
-Итгэл найдвар өндөр төрж байна. Анхнаасаа зорьсон эрүүл мэндийн цогц шинэчлэлээ үр дүнтэй хийж хэрэгжүүлж болмоор санагдлаа. Цар тахлаас хойш төр, ард иргэд аль аль нь эрүүл мэндийн салбарыг ойлгох, харах өнцөг их өөрчлөгдөж байна. Бид ч алдаа оноогоо олж харж багагүй туршлага хуримтлууллаа. Тиймээс энэ цаг үе бол эрүүл мэндийн салбарынхны зөв зүйтэй гэсэн бодлогоо хэрэгжүүлэх боломж гэж харж байгаа. Бодож төлөвлөсөн зүйл ч их байна.
Миний гол амбиц бол монгол хүн хаана байгаагаас үл хамаараад тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй авах ёстой. Үүнийг л бий болгох нь эрхэм зорилго юм даа. Эрүүл мэндийн салбар улсын төсөвт дарамт ачаалал өгөхгүйгээр санхүүгийн хувьд тогтвортой болохын тулд юу хийх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа монгол хүний өвчлөлийг богино хугацаанд 10 хувиар бууруулах юмсан гэж зорьж, түүнийхээ төлөө чадах бүхнээ дайчилж байна.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөр бол эрүүл үндэстэн болох эхлэл буюу нийгмийн интервенц бодлого юм. Яаж өвчлүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэх ёстой. Эрүүл хүн, эрүүл үндэстэн улс эх орноо хөгжүүлнэ. Та бидний үр хүүхдэд үлдэх хамгийн үнэ цэнтэй өв бол эрүүл аюулгүй орчин юм.
-Тантай нэгэнт ярилцсаных асуух хэрэгтэй байх. Цар тахлын төсөв мөнгө, Хүчит шонхор захтай холбоотой мэдээлэл байнга гарч ирдэг. Энэ болгоныг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүчит шонхор захыг авто бааз байхад нь буюу зах зээлийн үед манай аав хүнсний чиглэлээр байгуулсан юм билээ. Миний хувьд хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг ч гэсэн захын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцдоггүй. Бүх зүйл ил тод цахим болсон үед шүүгээд үзвэл нээлттэй гараад ирнэ л дээ. Түрээс мөнгө нь нэмэгдсэн гэсэн мэдээлэл гарсных нь дараа тодруулж асуусан. Өнгөрсөн хугацаанд ямар нэг байдлаар түрээс нэмэгдэж байгаагүй. Цар тахлын дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор түрээс тодорхой хэмжээнд нэмэгдсэн юм байна лээ. Надад хамааралгүй тусдаа хүмүүс хариуцдаг бизнесийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Надтай хамааралтай сөрөг бүхэнд хариу өгөөд байх хүсэл сонирхол байдаггүй.
Б.ЗАЯА