Categories
гадаад мэдээ

Итали улс эсэргүүцэл илэрхийлэв DNN.mn

Унгарын шүүх хуралд оролцож буй гартаа гавтай, хөлөө холбуулж, гинжээр нохой шиг хөтлүүлсэн 39 настай Илариа Салис бүсгүйн гэрэл зураг Италийн гол сонинуудын нүүр хуудаст нийтлэгдэв.

Миланы ойролцоох Монза хотын оршин суугч, багш мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Будапешт хотод неонацистуудын жагсаалын эсрэг жагсаалд оролцоод баривчлагджээ.

Унгарын шүүх түүнийг зүүний экстремист хөдөлгөөнд оролцсон, бусдын биед халдсан зэрэг хэрэгт буруутгаж шүүхээр оруулж байгаа юм. Хэрвээ буруутай нь тогтоогдвол Салис 11 хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ.

Иргэнийг нь гинжилсэн байгааг Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяани “Энэ удаа тэд арай хэтрүүлсэн гэж би бодож байна” гэж мэдэгдэн Унгарын Гадаад хэргийн сайдтай болсон явдлын талаар утсаар ярьсан байна. Мөн Италийн тал Ром дахь Унгарын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, гаргасан үйлдэлдээ тайлбар хийхийг шаардсан бол Будапешт дахь Итали улсын элчин сайд Унгарын хууль зүйн яаманд очиж, иргэнийхээ асуудлаар уулзжээ. Харин Салисын өмгөөлөгч Евгенио Лоско хэвлэлд “Түүнийг нохой шиг хөтөлж явааг хараад үнэхээр цочирдсон. Энэ бол солиорол. Итали улс энэ асуудлыг зогсоох ёстой” гэж ярьсан байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *