Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Онцгой байдлын жирийн албан хаагч цаг бусаар амиа алдсанаар биш энгийн ажиллаж байхдаа л орон байртай болдог бодлого хэрэгжүүлэх ёстой DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа


-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа учраас УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-д шаардлага хүргүүлж байгаагаа АН-ынхан мэдэгдсэн. Шаардлагад юу тусгасан бэ?

-Хоёр монгол хүн тутмын нэг нь оршин суудаг Улаанбаатар хотын амьдрах орчин бүхэлдээ гамшигийн түвшинд хүрсэн. Өдөр тутам иргэдийн амь нас, аюулгүй байдал өндөр эрсдэл дунд байна. Энэ нь араасаа гарч буй цуврал эмгэнэлт хэргүүд тасрахгүй байгаагаас харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүйорчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах ажил бодит амьдрал дээр огт биелэгдэхгүй хэвээр.

Асуудал нийгмийн системийн түвшинд гажуудалтай байгаа учраас дан ганц хариуцсан дарга удирдлагуудыг солиод өнгөрснөөр чанарын өөрчлөлт гарахгүйг нь нийслэл дээр харагдлаа л даа. Тиймээс хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд УИХ энэ асуудлыг онцгойлон анхаарч ээлжит бус чуулган зарлаж нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой гэж Ардчилсан нам үзсэн. Нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд нэгдүгээрт, иргэдийг мэдэх эрхийг хангах зарчмаар Улаанбаатар хотын агаар, тоосны чанар ямар байгаа, нэгдсэн ямар стандартаар хэмжиж байгааг үнэлэх. Хоёрдугаарт, улсын нөөц, гамшигийн худалдан авалтын талаар аудитын байгууллага, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсох, гуравт, онцгой байдлын аврагчдын цалин хангамжийг удирдах дунд түвшний албан хаагчдын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, орон сууцны асуудлыг нь шийдвэрлэх хөтөлбөр зарлах чиглэлээр Засгийн газарт үүрэг өгөх асуудал багтаж хэлэлцэх ёстой гэж хатуу үзэж байгаа.

-Та хариуцсан дарга удирдлагуудыг солиод өөрчлөлт гарахгүй байна гэж хэллээ. Нийслэл, онцгой байдлын удирдлагуудыг хэлж байна уу. Уг нь та хэвлэлийн хурал дээр огцрох ёстой гэж хэлж байсан?

-Ямбыг нь үүрээд хотын захирагч, генерал болцгоосон хүмүүс ялыг нь үүрээд хариуцлагаа ухамсарлаад явцгаах нь ёс зүйн асуудал. Түүнийг шаардах, хянах нь сөрөг хүчний үүрэг. Тэд явах ёстой. Гэвч тэд явахдаа асуудлаа аваад явахгүйгээс хойш шийдэлгүй үлдээд байна. Дараагийн дарга нь ирээд бүр л дордож байгааг хүн бүхэн л харж байгаа шүү дээ. Тогтолцооны гажуудлаа засахгүйгээр хүн солиод асуудал шийдэгддэггүй юм байна. Тиймээс бүр гүн өөрчлөлт буюу трансформэшн хийхгүй бол иргэдэд бухимдал, зовлон нэмж үүрүүлэхээс өөр өөрчлөлт алга. Ванга шиг хэлье. Онцгой байдлын удирдлага генералууд явлаа гэхэд дараагийн удирдлага нь генерал болох хүсэлтэй гурван нөхөр ирээд цолны асуудлаа шийдэхээс байгууллагын трансформацаа хийхгүй. Хотын даргыг гуравдахиа солилоо гэхэд дөрөв дэх нөхөр дүүжин тээвэр, метрогоо огцом хаяад автобус ярьж эхлэхээс хуримтлагдсан асуудлыг шийдэхгүй.

-Онцгой байдлын үйл ажиллагааг оновчтой, зөв зохион байгуулах гарцыг танай нам юу гэж харж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд, системийн буюу бүтцийн гүн өөрчлөлт хийх ёстой. Улсын нөөц, иргэний хамгаалалт, гамшиг гэсэн гурван өөр субъектыг хүчээр нийлүүлээд нэг гажуудсан бүтэц болгочихсон нь араа шүдээрээ нийлж явахгүй байна. Байгалийн гамшиг тойрсон бүтэц хийчихсэн түүнтэйгээ тэмцээд байгаа нь салхин сэнстэй тулалддаг үлгэртэй л адил. Хүнийхээ аюулгүй байдал дээр тойрсон бүтэц хийх ёстой юм.

-Тийм байх. Гэхдээ сонгуулийн дараагаас нааш бүтэхгүй байх. Ойрын хугацаанд хийх боломжтой ажил чинь шаардлагад туссан аврагчдын цалин, ахуй хангамжийг нэмэх санаа биш үү?

-Гурван генералтай онцгой байдлын салбарт хоёр сар дараалан дөрөв дэх оршуулгаа хийлээ гэж хэвлэлийн хурал дээр хэлсэнд удирдлагууд нь их эмзэглэсэн юм шиг байна лээ. Гудамжинд яваа иргэнд эмзэглэж байвал мэргэжлийн биш л байна гэсэн үг. Аврагчдынхаа сургалт, цалин хангамжид эмзэглэх ёстой юм шүү дээ, уул нь. Зүй нь онцгой байдлын албан хаагчид цаг бусаар амиа алдсанаар биш, энгийн ажиллаж байхдаа л орон байртай болчихдог бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Г.Ариунбуян генерал 300-350 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн байна лээ. 50 тэрбум төгрөгийн зөрүүтэй тооцоо хийдэг төрийн удирдлагыг татвар төлөгч бизнесменүүд юу гэж харж байгаа нь тодорхой.

-Монгол Улсад гамшиг, эрсдэлийн стандарт алга гэж та хэлсэн. Гэтэл нийслэлд хотын стандарт гэсэн алба хэлтэс бий шүү дээ. Энэ алба ямар хууль тогтоомжийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Бүтэц нь байна. Төсөв нь байна. Хариуцсан албан тушаалтан нь байна. Бүгд байгаа мөртлөө зөв ажиллахгүй байгаа учраас л гажуудчихлаа гээд байгаа юм. Зөвхөн нийслэл, стандарт, онцгойн салбар дээр биш төрийн бүх хүрээнд. Тэгэхээр асуудал системийн гажуудалдаа байна. Системийн гажуудлын шийдэл нь гүн өөрчлөлт буюу демократик трансформэшн юм гээд манай нам бодлогоо боловсруулаад явж байна. Үүнийгээ ч сонсгол дээр яримаар, танилцуулмаар байна.

Р.ЖАРГАЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *