Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дорждагва: Уншдаг хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг DNN.mn

Профессор Т.Дорждагватай ярилцлаа


-Монголчууд нэг л их яарч тэвдэж бухимдсан стресстэй хүмүүс байх боллоо. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Үнэндээ бол өмнөх нийгмийн үед ч яарч тэвдэх үзэгдэл байсан. Тухайн үед хариуцлага өндөр байсан гэх үү дээ. Ажлаас хожимдвол нам, эвлэлийн хурлаар зэм дуулна. Ажлын хамт олны дунд нэр хүнд сэвтэнэ. Тэр үед өөрийн унаатай хүн цөөхөн байж. Олонх нь нийтийн тээврээр зорчиж ажлаа амжуулдаг, автобус хүрэлцээ муутай байсан. Одоо бол нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Хүмүүс мэдээллээс хоцорч, боломжийг алдвал хожигдож амьдрах болсон байна. Тийм учраас цагийг үр бүтээлтэй, зөв ашиглах ёстойг ойлгож байгаа байх аа. Харин бухимдлын хувьд өөр шалтгаан байгаа болов уу. Манай нийгэмд шударга бус байдал ихэд газар авах боллоо. Энэ бол үнэхээр үндэсний эмгэнэл юм даа. Ялангуяа эрх мэдэлтэй хүмүүс шударга бусаар амьдарч, түмэн олныгоо нулимаж байхад бухимдалгүй яах вэ. Өнөөдөр манай хүн амын дотор төдийгүй, бараг албан ёсны хэлэнд “хулгайч” гэдэг үг хэвийн хэрэглэгддэг нэр томьёо болоход хүрлээ шүү дээ. Өнөөдөр мэдээллийн хэрэгсэл хүрэлцээтэй, хүртээмжтэй болж, сүүлийн үеийн дуулиант асуудлууд болох “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн хуваарилалт”, “Хөгжлийн банкны асуудал”, “Таван толгойн нүүрсний хулгай” гээд олон бусармаг үйлдлийн тухай ард иргэд тодорхой мэдээлэл авч бодит байдалд үнэхээр харамсан бухимдаж байна. Бид ирэх сонгуульд маш хариуцлагатай хандах шаардлага нэгэнт бий болсон шүү.

-Мэдээж механик хүчин зүйлсээс гадна хүний дотоод мөн чанар нөлөөлнө биз?

-Манай өвөг дээдэс их ухаалаг, хүмүүнлэг хүмүүс байсныг түүхэн баримт, ном судраас бид уншиж суралцаж ирлээ. Үеийн үед уламжлагдсан эдгээр эерэг чанар бидний удмын санд хадгалагдаж, аливаа бусармаг зүйлд хөндлөн хандах боломжийг бидэнд үлдээсэн нь бахархууштай зүйл юм даа. Бидний ахмад үе, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид маань бидэнд үнэтэй сургаалаа хайрлан үнэнч шударга байж, бусдад тустай, амьдралын идэвхтэй зарчмыг баримталж явахыг хэвшүүлж байсан нь хойч үеийнхэн бидний үнэт баялаг.

-Ард түмэн мэдлэггүй, уншдаггүй, сошиалаар шуурдаг боллоо. Аливаа мэдээллийг тунгаан ялгаж, салгах ухаан үнэхээр дутаж байна. Яавал ард түмнийг соён гэгээрүүлэх вэ?

-Түмэн олон маань сүүлийн үед бага уншиж, тулгарсан асуудалд сошиалаар шуурч байгаа нь үнэн юм болов уу. Одоо сурч яах юм бэ, эрдмийн зэрэг хамгаалаад яах юм бэ гэж ярих хүмүүстэй хааяа тааралдаж байлаа. Энэ бол уг нь түр зуурын асуудал л даа. Угтаа бид уншигч ард түмэн байх ёстой юмсан. Өрнөдийн улс орнуудын иргэд үнэнхүү уншигч ард түмэн байдгийг тэдэнтэй ажил хэргийн холбоотой хийгээд тэдгээр улс оронд суралцаж байсан хүмүүс андахгүй. Манай хойд хөршийнхөн гэхэд л ажилдаа явахдаа цахилгаан галт тэргэнд бүгд л ном шагайсан харагддагсан. Ном уншсан, юм дуулж сонссон хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг нь үнэн. Энэ дашрамд нэг юм хэлмээр бодогдож байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шалгаруулах, томилоход бид жаахан алдсан болов уу гэж санагдах нь бий. Ялангуяа жижиг гэлтгүй аль ч байгууллагын удирдлагыг сонгон ажиллуулах практикаа эргэж нэг харууштай юм шиг байна. Шударга бусаар амьдрах, хамсрах хортой нөлөөлөл тэднээс сүрхий улбаатай гэж зарим хүн шүүмжлэхийг сонсож байлаа. Шударга ёсыг тогтоохгүйгээр бид урагшлахгүй. Удирдлага бол угтаа хамт олноо соён гэгээрүүлэгч байвал зохилтой юм даа.

-Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд хямдрал зарлах сургаар л урт очер дараалал үүсгэх юм байна шүү дээ. Би ч хоцорчих вий гэсэн хандлагаар дайрдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил И-Мартын нээлтийн үеэр халуун саван дээр очерлолоо. Сая “S-Out­les” дэлгүүрийн агуулах чөлөөлөх үеэр үнэхээр “алаан” болсон доо. Тэр үймээнийг зохицуулах гэж цагдаа нар очоод гурван удаа хий буудсан ч тоогоогүй байна. Монголчуудын энэ байдал аминчхан үзлийн тод илрэл үү?

-Амьдралын боломж, санхүүгийн хүрэлцээ тааруу бол хямдралыг бараадах нь аргагүй. Энэ бол иргэдийн буруу гэхээсээ ажлыг зохион байгуулж байгаа худалдааны байгууллагын ажлын арга барилтай холбоотой асуудал болов уу. Худалдааны байгууллагууд хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй юм л даа. Чөлөөт өрсөлдөөнд бас соёл байх хэрэгтэй. Худалдааны байгууллагын соёл нь иргэдийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдэх болохоос өрсөлдөгч байгууллагаасаа түрүүлж бараагаа борлуулах нь нэгдүгээр асуудал биш. Нөгөө талаас нийтийн үйлчилгээний газарт иргэд зохисгүй байдал гаргахгүй байх нь тэдний иргэний үүрэг мөн байлгүй яах вэ.

-Монголчууд бие биеэ даган дуурайх зан их байна. Тухайлбал, найз нөхөд, нутаг усных нь хэн нэгэн жийп авангуут түүнээс давж гарах гээд өр тавиад ч хамаагүй машин авч унадаг үзэгдэл хавтгай болсон. “Хүний дор орохгүй гэсэн” энэ хандлага хэзээнээс улбаатай вэ. Тухайн хүндээ эд материал болон сэтгэл санаа, зан байдлын хувьд ямар хортой вэ?

-Бусдыг дуурайх гэдэг бол амьд амьтны төрөлх шинж юм. Тэглээ гээд өөрийн хэрэгцээ, бололцоо, шаардлагыг үл харгалзан дуурайх явдал бол ухаангүй хэрэг байх шүү. Үүнээсээ болоод ямар нэгэн хохиролд орохыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хүн өөрийнхөө хандлагыг өөрчилж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж болох болов уу. Судлаачид хүний стресс үүсгэгч гол хүчин зүйл нь хувь хүний өөрийнх нь хандлага гэж үзэх нь бий. Мөн аливаа зүйлийн эерэг талыг харахыг хичээх, оюун бодлынхоо эзэн нь байж өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй гэсэн байдаг. “Хүний дор орохгүй гэсэн” хандлага бусдын түрэмгийллийн нөхцөлд дайсны дор орохгүй юм шүү гэсэн амин хэрэгцээнээс улбаатай байж мэднэ, нөгөө талаар хүний зэрэгтэй, хүн шиг явах гэсэн эерэг эрмэлзэлтэй ч холбоотой байж болно. Харин бусадтай хүндэтгэлтэй харилцаж, бие биенээ дэмжиж хамтран ажиллах нь иргэншлийн үндсэн агуулга болой.

-Монголчууд суурин иргэншилд шилжээд ердөө зуун жил болох гэж байна. Тэгэхээр бид хэзээ нийгэмшиж, бие биеэ хүндэтгэлтэй ханддаг болох бол?

-Суурин иргэншилд шилжсэн улс орнуудын хөгжлийг зэрвэс харж байхад асуудлууд бас л харагдаж байдаг, тэр ч байтугай шинэ асуудлууд үргэлж үүсэн гарч байна гэж эрдэмтэд нь ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байлаа. Иргэншил гэдэг нь бүдүүн бааргаар зүйрлэвэл үндсэндээ үй олноороо хамтран учраа ойлголцон амьдрах гэсэн санаа билээ. Иргэншил бол цагийн аясаар улам бүр төгөлдөржиж байх нь түүний хөгжлийн зүй тогтол юм. Харин бие биеэ хүндлэх бол соёлын тухай асуудал юм. Монгол хэлэнд “Соёл” хэмээх үг албан ёсоор Ардын хувьсгалын дараах жилүүдээс аажмаар хэрэглэгдэж эхэлсэн байдаг. Тэгэхдээ агуулгын хувьд ташаа ойлголтоор нэг хэсэг явчихсан нь эдүгээ ч төвөг учруулах нь бий. Тухайлбал, бид юм л бол “Соёл урлаг” гэж хэлж, яриад болохгүй юм. Угтаа “Соёл”, “Урлаг” хоёр нь өөр өөр утга тээх тусгаар ойлголтууд юм л даа. Товчхондоо бол “Соёл” нь хүний хүн байх чанарын үзүүлэлт. Харин “Урлаг” бол хүний уран сайхны үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээгдэхүүн, түүнийг хүн нь зорж, зурж, урлан барьж, дуу авиа, үг, хөдөлгөөнөөр үзүүлж харуулахаар бүтээсэн зүйл юм. Хүн бол ертөнцөд хосгүй эрхэм оршихуй тул нэгнээ дээдэлж, хайрлан хүндлэх нь бид бүхний эрхэм дээд зорилго юм.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *