Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.
-Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн саруудад хэр их байна вэ?
-Нийслэл хотын хэмжээнд 2023 оны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 3806 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 3559, зөрчлийн шинжтэй 247 тохиолдол бүртгэгдсэн байна. Хулгайлсан зүйлийн үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш бол Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ харин доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 63.9 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүртгэгдсэн. Алдагдсан эд зүйлсийн 92.5 хувь нь гар утас.
-Хулгайд алдагдсан эд зүйлсийг хэрхэн үнэлдэг вэ?
-Үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээний компаниудад цагдаагийн байгууллагаас мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан тогтоол хүргүүлдэг. Тухайн үнэлгээний компани нь худалдаж авсан цаг хугацаа, үйлдвэрлэсэн газар, эдэлгээний элэгдэл, зах зээлийн ханш зэргээс үндэслэн үнэлгээг тогтоодог.
-Цагдаагийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна?
-2023 оны байдлаар 133 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж илрүүлэлт 48,7 хувьтай байсан. Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, илүү үр дүнтэй болгох, хохирогчдын гар утсыг шуурхай олох зорилгоор манай хэлтэсийн бүтэц, орон тоо нэмэгдсэн. Мөрдөн байцаах тасгийн хэлтэст нэмэлтээр оруулж өгсөн. Халаасны хулгай үйлдэгддэг зах худалдааны төв, нийтийн тээвэр, томоохон гудамж талбайнуудад эргүүл, шалгалтыг зохион байгуулдаг. IMEI кодоор нь алдагдсан гар утас хаана байгааг тогтоох, ажиллагаагүй болгох боломжтой.
-Камерт гэмт хэрэг хийж байгаа дүрс бичлэг нь байхад хэрэг илүү амархан шийдэгдэх үү?
-Орчин үед ихэнх албан байгууллагууд камертай болоод байна. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх явцад эерэг нөлөө үзүүлж байгаа. Камертай бол хэрэг илрэх ёстой, камергүй бол хэрэг шийдэгдэх боломжгүй гэж бодож болохгүй. Камерт бичигдсэн бол шалгах, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд илүү үр дүнтэй.
-Хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээж байна?
-Эрүүгийн хуулийн 17.1.1 зааснаар хянан шийдвэрлэдэг. Ялын бодлогын хувьд хорих ял байгаа гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг. Давтан гэдэг ойлголт байхгүй болчихсон. Өмнө нь хоёр дахь удаа гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байлаа. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж байна. Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байдаггүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хоридоггүй.
-Нэг удаа халаасны хулгай хийсэн хүн дахин хийх эрсдэл байдаг уу?
-Халаасны хулгайг орлогын эх үүсвэр болгочихсон хүмүүс байдаг. Ялын бодлогын үр нөлөө бага байгаа болохоор тэдгээр хүмүүс зоригтой хулгай хийж байна. Халаасны хулгайн онцлог нь хэзээ ч гэмт этгээд ганцаараа үйлддэггүй. Үргэлж хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс хамтран үйлддэг. Тухайлбал нийтийн тээвэрт иргэн А гар утсаа хулгайд алдлаа. Иргэн А хэн гар утсыг нь авсныг мэдээд сэжигтнийг нэгжихэд гар утас нь байдаггүй. Учир нь сэжигтэн хамсаатандаа дамжуулчихсан. Түүний дараа гуравдагч этгээд нийтийн тээврээс буугаад явчихдаг. Нотлоход төвөгтэй гэдэг асуудлыг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс сайн мэдэж байдаг. Байнгын хяналтад байдаг 500 гаруй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс ямар нэг байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан.