Categories
гадаад мэдээ

Украиныг буруутгах арга DNN.mn

Оросын Белгород мужид Ил-76 онгоц сүйрсэнтэй холбогдуулан Украиныг буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг энэ сарын 24-ний лхагва гаригт яаралтай хуралдуулахыг Орос улс шаардсан юм. Харин Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж буй Францын шийдвэрээр уг хурлыг нэгдүгээр сарын 25-нд хийхээр товлосон байна. Иймээс Оросын тал Францыг яаралтай хурал хийхээс татгалзсан гэж буруутган НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский “Telegram”сувагтаа “цаг хугацаа хожих” зорилгоор Украины талд “юу болсон талаар үнэмшилтэй тайлбар гаргах” боломжийг олгосон гэж бичсэн байна.

Энэ өдрийн үдээс өмнө болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины тал Ил-76 онгоцны сүйрлийн талаар тайлбар өгөх ёстой гээд “Оросын онгоц Украины хоригдлуудыг солилцохоор тээвэрлэж явсан бөгөөд энэ нь Украины санаатай гэмт үйлдэл” гэж мэдэгдсэн юм.

Хариуд нь Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Ил-76 онгоцны ослын дараа мэдэгдэл гаргаж “Украины арми Белгород-Харьковын чиглэлийг оролцуулаад террористуудын аюулыг зайлуулахын тулд агаарын орон зайд хяналт тавьж дайсны нисэх бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн устгана” гэж мэдэгдсэн. Харин үүний өмнө Украины Зэвсэгт хүчний жанжин штабын Тагнуулын ерөнхий газар өөрийн “Tele­gram” сувгаар яаралтай мэдэгдэл нийтэлж, Энэ сарын 24-нд хоригдлуудыг солилцохоор төлөвлөж буйг батлан “Украин улс солилцооны бэлтгэлийг зохих ёсоор хангахын тулд бүх нөхцөлөө биелүүлж Оросын олзлогдсон цэргийн албан хаагчдыг цаг тухайд нь солилцохоор тохиролцсон газарт аюулгүй хүргэсэн. Гэрээний дагуу Оросын тал манай эх орноо хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гэтэл фронтын шугамаас 30 км зайтай байлдааны бүсэд тээврийн нисэх онгоц буух нь ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хангаж чадахгүй учир хоёр тал хэлэлцэх ёстой байсан. Эс тэгвээс энэ нь солилцооны бүх үйл явцад аюул учруулна. Үүн дээр үндэслэн бид үүнийг Оросын талаас урьдаас төлөвлөсөн, зориудаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэх болно. Учир нь энэ үйлдэл бол Украины нэр хүндийг унагаж, манай улсад үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулах зорилготой Оросын холбооны улсын санаатай үйл ажиллагаа” гэж мэдэгдсэн байна.

Оросын Ил-76 цэргийн тээврийн онгоц энэ сарын 24-нд Белгород мужийн Корочанский дүүргийн нутаг дэвсгэрт Яблоново тосгоны ойролцоо “Х” талбайд осолдож онгоцонд байсан бүх хүн нас барсан гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэн. Харин Оросын Батлан хамгаалах яамИл-76 онгоцонд солилцох зорилгоор тээвэрлэгдэж байсан Украины олзлогдсон 65 цэргийн албан хаагч, нисэх багийн зургаан гишүүн, бас дагалдан яваа гурван хүн байсан гэж тодруулаад уг ослыг “террорист халдлага” гэж нэрлэн, Киевийг үүнийг үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улсын дийлэнх олонх “ОХУ НҮБ ялангуяа Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээс “террорист улс” гэгдэн хасагдаж, ерөнхийлөгч В.Путин төдийгүй төр, засгийнхан нь бүгд дайны гэмт хэрэгтэн болж, гадаадад айлчилсан албан тушаалтнууд нь олон улсын хууль, журмын дагуу баривчлагдах болоод байгаа учир Кремль худалдааны захыг өөрсдөө буудаж 27 хүний аминд хүрч, хоригдол бүхий онгоцыг хэргээр устгуулан үүндээ Украиныг буруутгах арга ядсан арга хэрэглэж байна” гэж үзэж байгаа юм.

Иймээс Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Оросын Белгород мужид осолдсон Ил-76 цэргийн тээврийн нисэх онгоцны ослын нөхцөл байдлын талаар олон улсын мөрдөн байцаалт явуулахыг Украин улс шаардаж байна” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Үндэсний стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “АНУ-ын засаг захиргаа энэ асуудлын талаар илүү тодорхой, илүү мэдээлэл авахын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэж Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Харин олон нийтийн сүлжээгээр “Оросын сөнөсөн Ил-76 онгоцны зургаас харахад Украины олзны цэргүүдийн шарил огт харагдахгүй байгаа учир Оросын ээлжит худал мэдээлэл” гэсэн мэдээ явж байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *