Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна.
Зам, даваа, гүвээ хаагдаж, мал, малчин цасанд боогдож, тээвэрчид төөрөх эрсдэлүүд үүсэж буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.
Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Сүхбаатар аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна.
Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар анги, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Хэнтий аймгийн Галшир суманд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан суманд Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Архангай аймгийн Тариат, Цахир зэрэг 11 суманд Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бүлгүүд буюу нийт 70 орчим цэргийн алба хаагч 30 гаруй нэгж техниктэйгээр зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон малчин өрхүүдийг нүүлгэх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна.