Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий нэг хэсэг байт харвааны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр эхэллээ. Байтын УАШТ-ий түүхэнд хамгийн олон оролцогчтой тэмцээн болж байна. Энэ 16 дахь удаагийн заалны УАШТ-д 17 байгууллагын 352 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь түүхэн дээд амжилт болов.
2023 оны тэмцээнд 307 тамирчин орсон нь өмнөх рекорд байжээ.Тамирчид “U-12”, “U-14”, “U-18”, “U-21” болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 24 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Өмнөх хоёр УАШТ зөвхөн бага, өсвөр насны ангиллаар зохиогдсон бол энэ жил анх удаа насанд хүрэгчид онч сорих болно.
Тэмцээнд 2023 оны шилдэг тамирчны “Бөртэ чоно” цомын эзэн, Азийн наадмын аварга Б.Отгонболд, олимпын наадмын оролцогч Б.Урантунгалаг, Ж.Гантөгс, “Парис-2024” паралимпын эрхээ аваад буй Б.Оюун-Эрдэнэ зэрэг шилдгүүд бүгд оролцож байгаа юм.
Мөн “Токио-2020” олимпын шүүгч Э.Саруул тэргүүтэй 10 шүүгч тэмцээнийг шүүн явуулж байна. Өчигдөр бүх төрлийн урьдчилсан харваа болсон бөгөөд өнөөдөр хасагдах шат, маргааш буюу баасан гарагт финалын харваа явагдах хуваарьтай байна.