Баянзүрх дүүргийн онцгой комисс БЗД-ын 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж галд өртсөн Эдү хотхоны 63 айлын оршин суугчидтай холбогдож шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
63 айлаас нэг айл эзгүй, нэг айл гадаадад зорчиж байгааг тодруулж одоогийн байдлаар 61 айлын 198 иргэнийг болон 46 өрхийн 133 иргэнийг аюулгүй бүс рүү шилжүүлж, интернэйшнл зочид буудалд 15 өрхийн 48 иргэнийг, 133-р сургуулийн түр байранд 2 иргэнийг байрлуулжээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 21 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байна.
Нийт 198 иргэнээс өндөр настай 12 хүн, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөнгөж төрсөн сар хүрээгүй хоёр нярай, дөрөв болон найман сартай жирэмсэн эмэгтэй, хоёр болон зургаан настай гурван хүүхэд угаартсан байсныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж, мөн угаартсан зургаан том хүнийг Цэргийн төв эмнэлэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүргэж хэвтүүлэн эмчилж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.