Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Гадаадын хөрөнгө оруулагчдад хэр таатай орон бэ гэдэг нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа төр яаж хандаж байгаагаар тодорхойлогдоно DNN.mn

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын хууль орж ирээд л хойшилж байна. Хуулийн шинэ, хуучин зохицуулалтын талаар таны байр суурь ямар байна вэ?

-Хуулийг шинэчлэх нь хөрөнгө оруулалтын орчноо л сайжруулах гэж хийж байгаа ажил. Энэ зорилгоос нь харвал өргөн баригдсан  төсөл болон хамт өргөн барьсан хуулиудад бүхэлдээ хөрөнгө оруулалтын орчныг хамгийн их муутгаж байгаа авлига, хулгай, хууль бус үйлдлүүд, төрийн дайчилгаа, булаалт, дээрмийг дахин гаргахгүй байх, хулгайтай тэмцэж байгаа үр дүн муутай ажлуудыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөнгө угаах, хууль бус зүйлийг санхүүжүүлэх асуудлаас сэргийлсэн зүйл, заалт дутуу орсон харагдаж байна. Хөрөнгө оруулагчдын гомдлыг хянаж, барагдуулах Зөвлөл байгуулж байгаа нь сайн хэрэг. Төр анхааралдаа авч байна аа гэсэн үг. Гэхдээ гомдлыг шийдэж байна гээд хуулийн байгууллагуудынхаа урдуур ороод УИХ гишүүд,  Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нь өдөр бүр нэг хэрэг ярьдаг болчихвол энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээх нэг том фактор гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тиймээс хийх ажлаа өөрт ногдсон үүргийнхээ хүрээнд хийдэг эрх, үүрэг, хариуцлагыг л тус бүрийнх нь хуулиудад нь баталгаажуулах, боловсронгуй болгох асуудал.

Улсын зэрэглэлээ өсгөх хэрэгтэй. Төрийн өмчийн үйлдвэрүүдийн монополийг задалж, хувийн салбар дахь төрийн хэт оролцоог бууруулах, инфляци, зээлийн хүүгээ бууруулахад бүх анхаарлаа чиглүүлж, “зөв” ажил хийх хэрэгтэй. Тодорхой ажлууд хийж байгаа гэх байх. Найман жил хөрөнгө оруулалт татна гэж хурал, зөвлөгөөн хийсэн л дээ. Төрийн ордон нэг ч өдөр сул чөлөөтэй байгаагүй. Энэ өнцгөөс дүгнэвэл зорилтоо биелүүлэхэд дутуу ажилласан төсөл байна лээ. Зөвхөн нэг хууль гаргаад бүх асуудал шийдэгдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын бодлого, үйлдэл их чухал үүрэгтэй.

Ер нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа төр хэрхэн хандаж байгаа үйлдлээр гадаадын хөрөнгө оруулагчдад хэр таатай орон бэ гэдэг тодорхойлогддог. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ялгаагүй тэдний ашиг сонирхол нь, оруулсан хөрөнгө нь өгөөжтэй, бизнес нь үр ашигтай, ажлаа эхлүүлэхэд дамжлага багатай, төр хөрөнгийг ху раагаад авчихдаггүй, зайлш гүй шаардлагаар авбал нөхөн олговрыг нь олгож хохиролгүй болгодог баталгаа л хэрэгтэй шүү дээ.

-Яагаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалт ялгаатай яригдаад байна вэ?

-Хөрөнгө оруулалт гэж хуулийн нэр томьёо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд нь туссан биет болон биет бус хөрөнгийг хэлдэг. Хувьцаа, үнэт цаас авах, зээл, санхүүжилт өгөх, бусад санхүүгийн нэгдэл үүсгэх гээд янз бүрийн хэлбэрээр л хөнгө оруулалт биеждэг. Хөрөнгө оруулагч гэдэг нь  хуульд заасан хэлбэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, иргэн. Ялгаагүй л хамтад нь хөрөнгө оруулагч гэж үзэх ёстой юм.

Улс орнууд өөр улсаас хөрөнгө оруулалт татаж, дотоодын эдийн засгийн өсөлтөө дэмжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын барилга байгууламжаа ирээдүй цагаас урьдчилан барьж байгуулахын тулд өөрөө боломжтой болох тэр цаг хугацааг хүлээлгүйгээр бусад орны хөрөнгө санхүүгийн чадавхтай хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдад тэдний сонирхлыг татахуйц бизнесийн таатай орчин нөхцөл амлаж, санхүүгийн эх үүсвэр олж авах арга хэрэгсэл гэж ерөнхийд нь ойлгоход болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд илүү таатай нөхцөл бүрдүүлэх  тухай л яриа явагдаж байна. Яагаад тэдэнд илүү боломжтой нөхцөл өгөх хэрэгтэй гэж. Та түрүү нь дотоодын хөрөнгө оруулагчдыг ч төр дэмжих тухай ярилаа л даа?

-Тийм ээ. Дотоодын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг дэмжих асуудал бүхэлдээ төрийн бодлогын үндэс. Тэр утгаараа нэг хууль бус бүх л бодлого, үйл ажиллагаа, институцээр дэмжих ёстой. Энэ ажлын ерөнхий түвшин хир байгааг эдийн засгийн бүтэц, төрөлжилт, экспорт, импортын зөрүү, орлого бүрдүүлэлтийн оролцооны байдлаас илт харагдаж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд ярихад л хувийнхаа хөрөнгөөр, эсвэл хувийн хөрөнгөө барьцаалж олж ирсэн зээл, санхүүгийн хамаг эх үүсвэрээ 100.0, 500.0 тэрбумаар нь дотоодын эдийн засагт нэмэр болох дэд бүтцийн төслүүдэд оруулчихсан дотоодын ах ахуйн нэгжүүдийн хэдэд нь татварын хувь хэмжээг нь тогтворжуулж өгсөн бол. Төсөл хэрэгжүүлэд шаардлагатай газрыг нь тэр хуульд заасныг 40, 60 жилээр нь саадгүй эзэмшүүлж, ашиглуулж өгч байгаа юу. Бизнесийг нь дэмжсэн татварын бус хуульд заасан дэмжлэгүүд үзүүлж, гэрээ хэлэлцээрүүдийг нь тэдэнд ашигтай байх нөхцөлөөр байгуулж өгч байгаа юу. Бодох асуудлууд их байна. Үндэсний хөрөнгөтнүүд цөөхөн байна. Олон болгож байж, тэр тусмаа гадаад зах зээл дээр өрсөлдөж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулдаг том аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн улсууд хөгжиж байна. Төрд гол шийдвэр гаргаж байгаа улстөрчид өөрт нь холбоотой, сонирхол нэгтэй компаниудаа биш ийм хэмжээнд потенциалтай, ач холбогдолтой үндэсний аж ахуйн нэгждүүдээ олж дэмжиж чадвал цэвэр өрсөлдөөний үр дүнд нь дотоодын эдийн засаг чадавхтай болно.

Одоогоор дотоодын хөрөнгө оруулалт хангалттай бус учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр улс орныг хөгжүүлэх боломжгүй байна. Санхүүгийн нөөц, хуримтлал алга байна шүү дээ. 1990-2022 оны хугацаанд Монгол Улсад 39.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 72 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний, үлдсэн 17 хувь нь бусад салбарт орж иржээ. 72 хувь  буюу 28.5 тэрбум ам долларын 50 хувийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлдэг байна. Оюу толгой төслийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, засч сайжруулах гэж оролдсон бүх хүн л нийгэмд ямар нэг хэмжээгээр шүүмжлүүлж, яллуулж, буруутгагдаж ирсэн. Гэхдээ энэ төсөл хэрэгжээгүй, өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан бол манай эдийн засаг өнөөдөр хоёр дахин бага хэмжээнд л байх байсан нь гарцаагүй үнэн.

Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай 14.836 аж ахуй нэгж бүртгэгдсэнээс 2022 оны байдлаар 5486 нь татан буугдаж, 9350 аж ахуйн нэгж нь үлдсэн байна. Эдгээр 9350 аж ахуйн нэгж нь 2021 онд Монгол Улсын нийт төлсөн татварын 23 хувь буюу 2.63 их наяд төгрөгийн татварыг төлж байсан бол 2022 онд энэ хэмжээ 16 хувь болж буурч, 2.4 их наяд болсон байна. Бусад улс орнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.0 триллион ам.долларын хэмжээнд байдаг бол 2020 оны байдлаар Ковидоос шалтгаалан энэ хэмжээ эрс буурч, 860.0 орчим тэрбум болсон байна гэсэн тоо мэдээлэл байна. Хөрөнгө оруулалтын орчин улам хумигдсан байна. Монгол Улсын хувьд мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсч байгааг дээр дурдсан статистик тоо илэрхийлж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас бодлогын болон бусад зохицуулалтын өөрчлөлт хийж, төр, төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, иргэд, аж ахуй нэгжүүд бүгдээрээ л дэмжих шаардлагатай.

-Босго 100.0 ам.долларыг байхгүй болгох нь зөв гэсэн үг үү?

-100.0 ам.доллар зөв, буруу гэж зөвхөн нэг өнцгөөс дүгнэх боломжгүй. Ямар зорилгоор босго тавих аргыг ашиглах гэж байгаа билээ гэдэг зорилгодоо нийцүүлж, өөрчлөх, эс өөрчлөхөө шийдэх хэрэгтэй. Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хөшүүрэг,  баталгаатай байдлыг хангах, эсхүл дотоодын зах зээл, үндэсний аюулгүй байдлын үүднээс хөрөнгө оруулж буй салбар, хэрэгжүүлэх төслийн хэрэгжих бүс нутаг, мөн хөрөнгө оруулж буй улстай тогтоосон эдийн засаг, гадаад хамтын ажиллагааны түвшин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан хөрөнгө оруулах хэмжээг ялгамжтай тогтоож болдог. Жишээлбэл, Тайландад газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах зориулалттайгаар боловсруулж, ашиглах хөрөнгө оруулагчид 50.0 сая ам.долларын босго, үндэсний зах зээлд мэдрэмтгий  бизнест оруулах хөрөнгийн доод хэмжээг 330.0 сая ам.долларын, бусад бизнест хөрөнгө оруулахад ямар ч босго тавьдаггүй байх жишээтэй.

Хэрвээ хөрөнгө оруулалтыг баталгаажуулах доод хэмжээ гэдэг утгаар нь авч үзвэл энэ хуульд энэ дүнг урьдчилан байршуулахыг хөрөнгө оруулагчаас шаардах нь хууль эрх зүйн ач холбогдолгүй. Хуулийн бүх зүйл, заалтуудыг уялдаатайгаар ойлгож хэрэглэхгүй, зөвхөн нэг зүйлийг нь, эсхүл нэг өгүүлбэрийг нь авч уншаад тийм, ийм гэж хэлж болдоггүй. Хөрөнгө оруулагчид олгодог Тогтворжуулалтын гэрчилгээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу заасан түүнд заасан хугацаанд хөрөнгө оруулагч  оруулах ёстой хөрөнгөө оруулах үүргийг угаасаа энэ хуулиараа хүлээдэг. Үүнд эрх бүхий байгууллага хяналтаа тавьж ажилладаг. Тиймээс оруулна гэсэн хөрөнгөө оруулаагүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын дэмжлэгийг авах боломж хуулийн хувьд үүсдэггүй учраас ямар нэгэн хөрөнгө оруулж байж л энэ хуулиар үзүүлэх гээд байгаа урамшуулал дэмжлэгт хамрагдах эрх нээгдэнэ.

Хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг шинэчилсэн хуулийн төслөөр бүрдүүлэх гэж байгаа бол “хуулийн этгээдийн хувьцааны 25 хувиас дээш хувийг эзэмших” хуулийн шаардлагыг бууруулж тогтоож ч болно. Хөрөнгө оруулалт маш чухал байгаа манай улсын нөхцөлд энэ хэмжээ өндөр байж болзошгүй. OECD орнуудад 10 хувийг хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх доод хувь хэмжээ (босго)-ний бенчмарк болгосон байна лээ.

-Та өөрийн твиттер хуудастаа энэ хуулийн төсөлд гадаадын төрийн өмчийн хуулийн этгээдийн  хөрөнгө оруулалтад тавьдаг шаардлагыг алга болгосон байгааг жиргэсэн байсан, энэ  үү?

-Банк, санхүү, уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарт нийт гаргасан хувьцааных нь 33-аас дээш хувийг гадаадын төрийн өмчийн хуулийн этгээд эзэмшихээр бол тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулдаг байсан. Үүнийг хялбаршуулж, зургадугаар бүлгийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байх ч Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэгэнт хүчинтэй байгаа болохоор ”гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлогын хүрээнд энэ гурван салбарт төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зохистой хэмжээнд байлгах зохицуулалттай. Тэгэхээр энэ шаардлагатай л зөрчилдөхөөр байна гэж сануулж, жиргэсэн. Яагаад гэвэл хуулийн төслийг дагалдуулж, энэ зохицуулалтад өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн бариагүй байна лээ.

Хөгжингүй орнууд ч энэ төрлийн хөрөнгө оруулалт дээр болгоомжтой ханддаг. Тухайлбал, Хятад улсын Бүс ба зам санаачилга нь Ази, Африк, Европын зарим улсуудыг хамарсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөр үндсэндээ Хятад улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон байгууллагуудаас санхүүждэг учраас тус улсын Засгийн газартай гүнзгий холбоотой болгодог. Европын холбоо, Япон, АНУ зэрэг орнуудад ч ийм төрлийн хөтөлбөрүүд бас хэрэгжүүлдэг. Тиймээс хуулийн зохицуулалтыг бүхэлд нь байхгүй болгож байгаа нь эрсдэлтэй л гэж үзэж байна. Дээр хэлсэн дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин хумигдсан нөхцөлд манай орны хувьд хөрш орнуудын төрийн өмчийн санхүүжилттэй шууд хөрөнгө оруулалтын боломж  бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтаас илүү байх магадлалтай учраас энэхүү нөхцөл байдлыг анхаарахгүй орхиж болохгүй л болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *