Categories
гадаад мэдээ

Башкортостаны иргэдийн жагсаал DNN.mn

ОХУ-ын Башкортостаны Баймакийн дүүргийн шүүх энэ сарын 17-нд байгаль хамгаалагч, идэвхтэн Фаил Алсыновыг 2023 оны хавар алт олборлогчдын эсрэг жагсаал дээр үндэстэн, ястны хооронд үзэн ядалт өдөөсөн үг хэлсэн гэж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, Фаил Алсыновыг дэмжсэн жагсаалд оролцсон есөн хүнийг 8-15 хоногийн хугацаагаар баривчилсан нь тодорхой болжээ. Иймээс Башкортостаны нийслэл Уфа хотод энэ сарын 19-ний баасан гаригт эрх чөлөөний тэмцэгч, ардын баатар Салават Юлаевын хөшөөний өмнөх талбайд 2000 орчим хүн оролцсон Фаил Алсыновыг дэмжсэн жагсаал болжээ. Цагдаа нар жагсаалд оролцогчдоос баривчилсан тул олон хүн автобусны замыг хаасан ч цагдаа нар жагсагчдыг талбайгаас шахан гаргаж чадсан байна. Баривчлагдсан хүмүүсийн нарийн тоо тодорхойгүй байна. Энэ бол Алсыновыг дэмжсэн гурав дахь зөвшөөрөлгүй жагсаал юм. Эхний хоёр нь энэ сарын 15, 17-нд Баймак хотод болсон билээ. Цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэргээр долоон хүнийг торгож, найман хүнийг баривчилжээ.

Хэргийн учир нь, олон улсын улс төр судлаачид нэгэн дуугаар “Одоо ОХУ-д сөрөг хүчний, ард иргэдээ нэгтгэх улс төрийн нам байхгүй болсон тул олныг хамарсан ямар ч жагсаал цуглаан болохгүй” гэж үзэж байсан нь ийнхүү няцаагдсанд байгаа юм.

ОХУ гэгдэх шинэхэн бас залуу улсын түүхийг “харахад” М.Горбачевын төрийг ЗХУ-ын тусгай хүчний гол байгууллага болох алдарт КГБ сулруулан ЗХУ-ыг задлан СССР-ийн коммунист намын гадаадын банкинд байсан асар их хөрөнгийг өөрийн болгосон байна. Дараа нь КГБ ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельциний төр, засгийг мөн л сулруулж түүний оронд өөрийн хүнийг тавьсан нь тодорхой байна. Харин В.Путин КГБ-г бие даасан таван байгууллага болгон “өргөжүүлэв”. Энэ нь В.Путин КГБ-г хүчирхэг болгож буй хэрэг бус олон хэсэг болгон хооронд нь өрсөлдүүлэн сөргөлдүүлэх замаар өөрийг нь авч хаях аюулыг зайлуулж буй хэрэг юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн суудалд КГБ-ын дэд хурандаа гарснаар Чечень, Гүрж, Украинд дайн дэгдэв. Харин дайныг дайн гэж нэрлэвэл В.Путин төдийгүй түүний төр, засгийнхан бүгд НҮБ-ын дүрэм журмаар дайны гэмт хэрэгтэнгүүд болох учир Украины дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй хэрэг. ОХУ-д нэгэнт дайн болоогүй байгаа учир ээлжит ерөнхийлөгчийн сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Иймээс В.Путин дуртайдаа энэ гуравдугаар сард дахин сонгогдох гээд байгаа юм биш. Гэтэл энэ сонгуулийн өмнө олон улсын судлаачдын дүгнэлтийг зөрчин Кремль “Башкирстан” гэдэг байсан ч харин өөрсдөө Башкортостан гэх болсон ОХУ-ын захын мужид олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагч эмэгтэй “Эх нутагт чинь Росгвардынхан болон цагдаа нар эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүсийг чинь бороохойдон зодож, баривчлан хорьжээ. Украины фронтод байлдаж байгаа эрчүүд минь ирж биднийгээ авраач!” гэж олон нийтийн сүлжээгээр уриалав.

Башкортостаны иргэдийн жагсаал ингэсхийгээд дарагдах байх. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал орон нутагт хаа сайгүй өрнөх биз ээ. Үүний шалтгаан нь олон зуун жилийн турш орон нутгийн бүх эрх мэдэл, мөнгө хөрөнгийг Москва дангаараа эзэмшиж, Украины дайнд Москва, Питербург хотын иргэд бус бага үндэстэнүүд амь үрэгдэж байгаа явдал байх болно. Тэр цагт Оросын олон үндэстэн төдийгүй орон нутгаас татагдсан орос цэргүүд ч зэвсэгээ барин Украины фронтын шугамыг орхин эх нутаг руугаа буцах болно. Яг л дэлхийн I дайны үе шиг. Энэ нь Кремлийн гэгдэж буй “КГБ-ын засаглал”-ын төгсгөл байх болно.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *