Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш  буюу 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Цаашид  буюу 20-нд  баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд  Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-ны өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Замд гарах шаадлагатай үед тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаатай зам, гүүрээр гарах,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх_

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *