Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс бол ардчилсан улс. Хааж, боож биш нээж байж улс орон хөгжинө DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг та УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор уг төслийг эсэргүүцэх улстөрчид цөөнгүй байна. Тэр дундаа гадаадынханд газар нутгаа 100 жилээр өгөх эрх зүйн зохицуулалт орж ирж байна гэх юм. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд газрыг ашиглуулах хугацаа 60, нэмдэг нь 40 жилээр яаж туссан байсныг эхлээд хэлье. Тухайлбал, 1993 оны хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжид 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан байсан. Харин 2013 оны хуулийн “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заасан байдаг. Мөн 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуульд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна. Харин миний өргөн барьсан хуулиар “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.

-Тэгвэл таны өргөн барьсан уг хууль батлагдсанаараа ямар ач холбогдолтой вэ?

-Тус хууль батлагдсанаараа гадаадын банкууд орж ирэх боломж бүрдэнэ. Тэгвэл Монголын банкуудын монопол задарч зээлийн хүү буурч зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Дэлхийн нэртэй их сургуулиуд орж ирнэ. Тэгвэл залуучууд эх орондоо дэлхийн боловсролыг эзэмших болно. Том эмнэлгүүд орж ирнэ.

Тэгвэл гадаадад эмчилгээ, оношилгоонд зарцуулагдаж буй олон зуун сая доллар хэмнэгдэж, өвчин эмгэгтэй олон хүнд учрах санхүүгийн дарамт буурна. Арьс ширний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингэснээр жалгаар нэг хаягдаж, хог болж буй арьс шир борлогдож малчдын маань орлого нэмэгдэнэ. Түүхийгээр нь шахам экспортолж буй уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд орж ирнэ.

Ингэснээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтууд нь ажлын байрыг олноор бий болгож, мянга мянган монголчууд гадаадад биш эх орондоо ажиллацгаах болно. Монгол Улс хөрөнгө оруулалтыг татаж, дэмжиж, хамгаалж байж хөгжинө. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж буй АН-ыг хараад би харамсаж байна. Уг нь би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан юм. Монгол Улс бол ардчилсан улс. Хааж боож биш нээж байж Монгол Улс хөгжинө.

-100 мянган ам.долларын босгыг алга болгож, нэг сая төгрөгөөр л компани байгуулчихаад хөрөнгө оруулагч болох боломж бүрдлээ гэх юм. Яагаад энэ босгыг байхгүй болгосон юм бэ. Босго байхгүй болсоноороо Монгол Улсад оршин суух гадаадын иргэд их хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг нь бодитой юу?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд оршин суух зөвшөөрөл, визийг хэрхэн авдаг талаарх мэдээллийг товчхон өгье. Гадуур явж байгаа шиг машин авмагц виз өгдөг болно, байр авмагц виз өгдөг болно, нэг сая төгрөгтэй бол виз өгдөг болно зэрэг нь бүгдээрээ мушгин гуйвуулалт, тархи угаалт, айлгах тактик, гүтгэлэг гэдгийг баттай хэлье. Яг бодитоор бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь гурван жилийн хугацаанд төлсөн татвар, НДШ зэргийг нь хардаг л юм байна. Гадаадын иргэн харьяатын газраас гадаадын хөрөнгө оруулагчдад виз, оршин суух зөвшөөрлийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Виз олгох журам”, 2021 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ”Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”ыг тус тус үндэслэж олгодог. Тэгэхээр энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Нөгөөтэйгүүр энэхүү босгыг байхгүй болгосноороо гадаадын хөрөнгө оруулагч Монголд орж ирэх үүд хаалгыг нээж өгч байгаа явдал.

-Намрын чуулган хаах гэж байна. Тэр утгаараа тус чуулганаар хэлэлцэгдсэн гол хуулиуд юу байна. Мөн та энэ намрын чуулганыг дүгнэж хэлбэл…?

-Хэд хэдэн онцлох зүйлтэй чуулган боллоо. Юуны өмнө улс орны төсвийн асуудлыг шийддэг, төсвийн бодлогыг УИХ хэлэлцэж баталлаа. Мөн хамгийн том асуудал болох сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгээ тодорхой болголоо. Тэр утгаараа энэхүү намрын чуулган асар том өөрчлөлтүүдийг шийдэж чадсан онцгой чуулган болсон гэж хэлмээр байна. Миний хувьд улс орны хөгжлийг хурдасгахын тулд ямар шийдэл хэрэгтэй вэ гэдгийг маш их бодсон. Ингэж бодсоны үндсэн дээр бүсчилсэн тойргоор сонгууль явуулах асуудлыг гарган ирсэн. Монгол Улсын хувьд өөрөө тийм ч баян улс биш. Тиймээс байгаа санхүүгийн боломж, хүн хүчний нөөцийг гол гол асуудал дээрээ төвлөрүүлж явах боломжийг энэхүү тогтолцоо нээж өгнө гэж ойлгож байгаа. Үүнийг УИХ-ын тогтоол болгон гар гуул сандаа тодорхой хэмжээнд талархалтай явдаг.

-Монгол Улсын төсөв ашигтай гарлаа гэдгийг Засгийн газраас зарлаж байна. Тэгвэл төсөв мөнгө ашигтай гарсных нь үр өгөөж, ач холбогдол иргэдийн амьдралд бодитоор яаж нөлөөлөх вэ?

-2018 оноос өнөөг хүртэл төсөв дандаа алдагдалтай гарч явсан нь үнэн. Харин энэ жил төсөв ашигтай гарлаа. Тэгэхээр ашиг нь дотроо хуримтлагдаад үлдчихвэл өмнөх төсвийн алдагдлуудаа нөхсөн байгаасай л гэж бодож байна. Хоёрдугаарт, төсөв ашигтай гарсан гэдэг нь эдийн засгийн төлөв байдал бидний тооцоолж байснаас илүү сайн гарсаныг л хэлээд байгаа юм шүү дээ. Монгол Улсын эдийн засаг 6-7 орчим өсөлттэй гарчих болов уу гэж бодсон. Экспортын хэмжээ бол түүхэн өндөр амжилтад хүрсэн. Энэ утгаараа хэлбэл бүс нутагтаа эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байна.

Гэхдээ эдийн засгийн гол өсөлт бол уул уурхайн салбар байх, тийм үү?

-Мэдээж хэрэг эдийн засгийн гол өсөлт уул уурхай болон тээврийн салбарт гарч ирсэн. Харин бусад салбарт буюу тухайлбал хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг уналттай явж байна. Бүхэл бүтэн 800 мянган хүний амьдрал ахуйг шийддэг салбарт эдийн засаг найман хувиар унасан. Тэгэхээр салбараа дагаад эдийн засгийн өсөлт айл өрх бүрд янз бүрээр нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Дунджаар аваад үзвэл Монгол Улсын өрхийн эдийн засгийн үзүүлэлт долоон улирлын турш тасралтгүй уруудаж байсан бол одоо буцаад өсч эхэлсэн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт гарлаа л бол тэр дороо айл өрхийн хаалгаар орно гэж байхгүй. Мэдээж үр нөлөө нь сайжирна. Тэр хүртлээ тодорхой цаг хугацаа шаардлагатай.

-Та хэллээ, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үзүүлэлт найман хувиар буурсан гэж. Энэ юунаас болов. Салбарын бодлого алдагдсаных уу?

-Энэ салбар олон жил урсгалаараа явж ирсэн. Гэтэл уг салбар маань өөрөө ингэж урсгалаараа явдаг салбар биш шүү. Арай шинэлэг, арай илүү зөв бодлого, зөв хандлага л хэрэгтэй. Ийм хандлага орж ирээсэй гэж хүсдэг салбарын нэг бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн салбар бол уул уурхайн салбараас дутахааргүйгээр эдийн засагт нөлөөлөх голлох салбар шүү дээ. Тиймээс бид хүссэн хүсээгүй энэ салбараа л босгож ирэх хэрэгтэй байна.

-Сонгууль дөхсөн байна. Улс төр айхавтар явагдаж харагдах юм. Тэр утгаараа зарим улстөрчид, эдийн засагчид төсөв ашигтай гарч, эдийн засаг өслөө гэдэг бол эрх баригч намын сонгуулийн шоу. Бодит байдал дээр өсч байгаа зүйл огт байхгүй гэдгийг хэлж байна. Та үүнийг ямар байдлаар хүлээн авч байна?

-Төсөв өөрөө ил тод, шилэн байгаа. Яах аргагүй орж ирсэн орлого нь гарч байгаа зарлагаасаа илүү байна. Энэ бол төсвийнхөө гүйцэтгэлээр ил тод гараад ирэх зүйл. Төсөв ашигтай гарсан гээд худлаа яриад явах зүйл ер нь байхгүй. Бид ямар тоог худлаа зохиогоод тавилтай биш дээ. Энэ бол хуулийн хариуцлагатай болчихсон асуудал. Мэдээж улс төр хийж байгаа хүмүүс олон л байна. Гэхдээ сонгууль дөхсөн эсэхээс үл хамаараад Монгол Улсын төсвийн бодит мэдээллийг бид гаргаж танилцуулж байгаа нь л энэ шүү дээ.

-Төсөв ашигтай гарна гэдэг бол эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаагийн шинж гэж та хэллээ. Тэр утгаараа валютын нөөц нэг үеэ бодоход хэвийн түвшинд очтол нэмэгдлээ. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш яагаад сулрахгүй байна вэ?

-Миний хувьд жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон. Яг тэр үеийн байдлыг хоёулаа эргээд нэг саная. Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байсан. Тэр үед ОУВС-гийн суурин төлөөлөгч надтай орж ирж уулзсан. Тэрбээр “өнөөдөр 2.4 байгаа чинь оны төгсгөл гэхэд 1.4 болж буурна шүү. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт орох ёстой. Өөрөөр танай улсад ямар ч гарц байхгүй” гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед төгрөгийн ханш өдөр болгон 6-9 төгрөгөөр унаж байлаа. Нэг ам.доллар 3560 төгрөг. Тэгсэн атлаа ам.доллар олддоггүй байлаа шүү дээ. Харин одоо бол ам.доллар 3410 байна уу даа. Тэгэхээр жил гаруйхны өмнөөс одоо бол төгрөг чангарсан гэсэн үг. Мөн сая төгрөгийн хязгаартайгаар гүйлгээ хийдэг байсан нь одоо больсон. Монгол Улсын валютын нөөц өнөөдөр таван тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг харьцангуй тогтвортой байна гэсэн үг. Тэр чинээгээрээ төгрөг чангарна. Цаашид яахыг би хэлж мэдэхгүй. Ямартай ч энэ ондоо улс төрийн янз бүрийн тооцоолоогүй зүйл болчихгүй л бол Монгол Улсын экспорт, эдийн засаг сайн хэвээрээ байна гэж харж байгаа. Төгрөг цаашдаа чангарна.

-Яагаад чангарна гэж. Та арай дэндүү өөдрөг төсөөлөлтэй байгаа юм биш үү?

-Учир нь энэ онд болон ирэх онуудад ямар нэгэн томоохон бондын төлбөр гэж байхгүй. Сая бид маш олон бондын төлбөрийн ард гарч чадлаа. Бондын төлбөр байхгүйгээс гадна Эрдэнэс Тавантолгой дээр хийгдсэн оффтейк гэрээнүүдийн ихэнх нь энэ 2024 ондоо багтан дуусна. Ингээд бодохоор 2024, 2025 онуудад нэг цээж дүүрэн амьсгаа авч болох нөхцөл бүрдсэн гэж ойлгох хэрэгтэй. Үндсэндээ бид хамгийн амаргүй жилүүдийг ийнхүү маш сайн амжилттай дуусгаж байна.

-Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах парламент, Засгийн газрын хувьд эдийн засгийн боломжтой нөхцөлийг хүлээн авна гэсэн үг үү?

-Мэдээж тийм. Бидний хувьд чанга, сайн үзүүлэлттэй эдийн засгийг хүлээлгэн өгнө гэсэн үг. Төрийн сандаа үлдэгдэл ихээхэн хэмжээний мөнгөтэй. Валютын нөөцтэй, инфляци нэг оронтой тоо дээр тогтлоо. Хүзүүнд тулчихсан гадаад төлбөр тооцоо гэж алга. Ийм л эдийн засгийг бид хүлээлгэн өгөх гэж байна.

-Эдийн засгийн хувьд амьсгаа авах боломж гарч ирлээ гэлээ. Тэгвэл энэхүү сайн үзүүлэлтээ улам сайжруулах, цаашлаад жил бүр төсвөө ашигтай гаргах боломж бий юу. Нөгөөтэйгүүр амьсгаа авах болсон дээрээ томоохон үйлдвэрүүдээ барих ажилдаа орохгүй юм уу?

-Үйлдвэрүүдийг хувийн хэвшил барина. Төрийн хувьд үйлдвэр барина гэдэг бол бараг л худлаа зүйл. Тэгэхээр үүнийг хувийн хэвшлүүд манлайлан хийж таарна. Хувийн хэвшлүүд үйлдвэр барихын тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардагдана. Харин хөрөнгө оруулалтыг нь оруулж ирэхэд нөлөөлөх хамгийн чухал эрх зүйн өөрчлөлт бол одоо хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль шүү дээ. Уг хуулиа батлаад залгаад хөрөнгө оруулагчид орж ирээд хувийн хэвшлүүд үйлдвэрүүд бариасай, бүтээгээсэй л гэж хүсч байна. Хэзээ хүртэл бид танкны үлгэрт итгээд үйлдвэрлэлээ, бизнесийн салбар бүрээ хөгжүүлэхгүй явах ёстой юм бэ. Одоо үүнд цэг тавих хэрэгтэй. Монгол Улс хөгжих болсон.

-Үйлдвэрлэгч орон болох чиглэл рүүгээ бид явах ёстой. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын хувьд Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгох цаг хугацаа хэдийнээ болчихсон юм биш үү. Гэтэл бид одоо ч эрчим хүч, шатахууны хараат байдлаасаа салаагүй л байна шүү дээ…?

-Эрчим хүчний хамгийн чухал шийдэл бол тус салбарыг либералчлах. Энэ либералчлах бодлогыг л бид хийх ёстой байсан. Миний хувьд сайд болсон цагаасаа эхлээд эрчим хүчнийхээ либералчлалыг хурдтай хийгээч гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа. Гэтэл бид энэ салбарт урагшаа биш хойшоо алхчихсан нь үнэн л дээ. Үнэхээр харамсалтай. Нэг жишээ бий. МИАТ-ийг либералчлах асуудлыг ярьдаг байсан. Гэтэл үүнийг маш олон хүн эсэргүүцдэг байлаа. Иргэний агаарын тээврийг либералчилж болохгүй. Тэгвэл МИАТ дампуурна гэж эсэргүүцдэг байсан. 2016 оны үед Солонгос Монголын хооронд 17 нислэг үйлддэг байв. Одоо хоёр улсын хооронд долоо хоногт 80 нислэг үйлдэж байна. Тийзийн үнэ нь хямдарсан. Нислэгийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр аливаа салбарыг либералчлах нь ийм сайн үр дүнг бий болгож чаддаг. Тэгвэл үүнтэй адил бид эрчим хүчний салбараа либералчлах шаардлагатай. Нөгөө дампуурна гэж айлгаад байсан МИАТ-ийн ашиг өнөөдөр 70 гаруй тэрбум төгрөгт хүрсэн болов уу гэж бодож байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр өрсөлдөөнөөс монголчууд айх хэрэггүй гэдгийг л тодорхой илтгэж байгаа юм. Өрсөлдөөн байгаа газарт л хөгжил явагддаг.

-Бодлогын хувьд ийм байж. Яг энэ онд ашиглалтад орох эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд юу байна вэ?

-Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцуудын ажил үргэлжлээд явах ёстой. Харин үүнээс Багануурын цахилгаан станцыг баахан жагсаал цуглаан хийдэг нөхөд очиж жагсаж байгаад л ажлыг нь зогсоочихсон. Ер нь манай иргэд энэ худлаа үнэн лоозогнож жагсдаг бүлэг хүмүүсийн цаана ямар зорилго явж байгааг ойлгох цаг нь болсон. Юутай ч энэ ондоо багтаад дээрх хоёр цахилгаан станц ашиглалтад орчих болов уу гэж бодож байна. Харин Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын зээлийн гэрээ хийгдээгүй байгаа. Үүнийг зарим хүмүүс хийгдсэн мэтээр их ярьсан. Энэ гэрээ хийгдээгүй байгаа шүү. Гэхдээ тус гэрээг тун ойрын үед хийгдэнэ. Хэрэв тэгвэл Эрдэнэбүрэнгийн УСЦын ажил эхэлнэ. Эгийн голын хувьд Байгал нуурт нөлөөлөх экологийн үнэлгээг гаргасны дараа ярих асуудал. Эхлээд энэхүү үнэлгээ, дүгнэлт нь гарах ёстой.

Таны хувьд ирэх сонгуулиар тойрогт нэр дэвших үү?

-Тэгнэ. Миний хувьд анх 2008 онд УИХ-д нэр дэвшиж байхдаа Увсын ард түмэнд “Би тойрог солихгүй” гэдгээ хэлж байсан. Увс нутгаасаа л сонгогдоно. Тухайн үед би “Увсын ард түмэн намайг дэмжихгүй бол би улс төрөөс эргэлт буцалтгүй гарна” гэдгээ хэлж байсан. Дараа нь 2012 онд намын жагсаалтаар гарч ирэх боломж бүрдсэн. Гэхдээ тэр үед жагсаалтад орохгүй гэдгээ хэлээд л тойрогтоо үзсэн. Энэ зарчмаараа цаашдаа ч тууштай явна гэж бодож байгаа. Миний өөрийн хүсэл, зарчим бол энэ. Гэхдээ шийдвэрийг нам гаргана байх. Тэр дундаа намын бага хурлаас гаргах болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *