Украины зэвсэгт хүчний командлагч Валерий Залужный, Агаарын цэргийн хүчний командлагч Николай Олещук нар Украины арми Азовын тэнгис дээр Оросын алсын зайн радарын А-50 онгоцыг буудан унагаж, командлалын Ил-22М онгоцыг гэмтээсэн гэж мэдэгдэв. Энэ нь Украины Зэвсэгт хүчин түүхэндээ анх удаа Оросын армийн “нүд, чих” болдог А-50 онгоцыг сөнөөсөн гэсэн үг.
Эдгээр онгоцыг ЗСБНХУ-д 1970-аад оны сүүлчээр Ил-76 тээврийн онгоцонд тулгуурлан бүтээсэн бөгөөд дээр нь байрлуулсан том эргэдэг дискээрээ амархан танигддаг. ОХУ-ын Агаарын сансрын хүчин энэ төрлийн арав орчим нисэх онгоцтой бөгөөд орчин үеийн загварууд болох А-50U 2011 онд, дараагийнх нь 2023 онд үүрэг гүйцэтгэх болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. 2023 оны хоёрдугаар сард Беларусийн нисэх онгоцны буудалд нэг А-50 онгоц нь дронд өртөн гэмтсэн юм. НАТО-гийн орнууд ийм онгоцыг AWACS гэж нэрлэдэг. Тэдний гол үүрэг бол эсрэг талын гүнд тагнуул хийж, цэргийн хөдөлгөөн, гол байнуудыг илрүүлэх явдал юм. Харин Ил-22М онгоцыг оросууд агаарын командын пост болгон ашигладаг. Яг ийм онгоцыг 2023 оны зургадугаар сард Воронеж мужид болсон бослогын үеэр Вагнерын хөлсний цэргүүд буудаж унагасан юм.Хэргийн учир нь эдгээр онгоцууд ихэвчлэн байлдааны бүсээс хэт хол зайд буюу хэдэн зуун километрийн зайд нисдэгт байгаа юм.
Иймээс олон улсын цэргийн шинжээчдийн дунд Украины арми ямар зэвсгээр Оросын эдгээр онгоцыг сөнөөж бас гэмтээсэн байж болох талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна.
Харин Киевийн Үндэсний нисэхийн их сургуулийн мэргэжилтэн Валерий Романенко, “Defense Express” сэтгүүлийн ерөнхий редактор Олег Катков, Австрийн цэргийн түүхч, хурандаа Маркус Райснер нар “Энэ явдал ОХУ-ын эдгээр болон бусад цэргийн нисэх онгоцуудын ашиглах тоог бууруулж, Оросын сансрын хүчнийхэн А-50 онгоцыг фронтын шугамаас 100 орчим километрт холдуулахаас өөр аргагүйд хүрч, Украины Зэвсэгт хүчин Крымд цохилт өгч, эзлэгдсэн бусад нутаг дэвсгэрийн гүн дэх Оросын бай руу цохилт өгөх явдлыг хөнгөвчилж бас барууны улсуудын зүгээс цаашид Украинд холын тусгалын зэвсгийн дэмжлэг үзүүлэхэд дэм болно гэдэгт санал нэг байна” гэж мэдэгдлээ.
Г.АМАРСАНАА