ЛУВСАНДАШИЙН ДАШДОРЖ
(1961-2024)
Бидний хайрт аав, халамжит хань, өвөө, ах, дүү, дотнын найз, эрхэм хүн, төрийн зүтгэлтэн, эдийн засагч Лувсандашийн Дашдорж 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Дашдорж нь 1961 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Сэдгочоогийн Лувсандаш болон Цагааны Дуламсүрэнгийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрээр 1969-1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж төгссөн. 1979-1984 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцан хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, 1994-1995 онд Японы Сайтамагийн Их сургуульд суралцаж эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. Л.Дашдорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Сангийн яамнаас эхлүүлсэн бөгөөд 1984-1992 онд тус яамны Улсын нэгдсэн төсвийн газарт мэргэжилтнээр, 1992-1994 онд тус яамны Валют, эдийн засгийн газарт эдийн засагчаар, 1994-1996 онд Төрийн сангийн газарт ахлах эдийн засагчаар, 1996 онд Төсвийн бодлогын газарт Төрийн сангийн хэлтсийн даргаар, 1996-2000 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. Тэрээр 2000 оноос “Галт Гарьд” санхүүгийн зөвлөх компанийн ерөнхий захирлаар ажиллажээ. Л.Дашдорж нь 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга батыг сахиулах, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжсэн томоохон хууль, санаачилгуудыг хариуцан ажилласан юм. Үүнд, 2011 онд шинэчлэн батлагдсан Төсвийн тухай хуульд иргэдийн оролцооны талаар тусгайлан тусгаж, Орон нутгийн хөгжлийн сан байгуулах тогтолцоог бий болгосноор иргэд төсвийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад шууд оролцох, улмаар төсвийн төвлөрлийг бууруулах, иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй байв. Мөн улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг ил тод болгож, олон нийтийн хяналтыг тогтоох зорилготой Шилэн дансны тухай хуулийг санаачлан 2014 онд батлуулж байсан бол Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг ахалж, байгалийн баялгаас үүсэх орлогыг хуримтлуулах замаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх тогтолцоог бий болгосон уг хууль нь 2016 онд батлагдсан юм. Талийгаачийн Монгол Улсын хөгжил дэвшил, төсөв, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр, шулуун шударга, эелдэг нөхөрсөг, хошин зан чанар, гэр бүл, найз нөхдөө эрхэмлэсэн амьдрал нь бидний сэтгэлд үүрд санан дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон
One reply on “ЭМГЭНЭЛ”
Ум мани бад ми хум