Categories
гадаад мэдээ

Риши Сунак: Украин хэзээ ч ганцаардахгүй DNN.mn

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Киевт айлчилж, Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэх болсныг зарлав.

Ерөнхий сайд энэ тухай Киевт ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, “Их Британи Украины аюулгүй байдлыг хангах тухай” шинэ гэрээнд гарын үсэг зурж “Хэрэв Владимир Путин Украинд ялалт байгуулбал тэр үүгээр зогсохгүй гэдэг нь тодорхой байгаа учир бидний Украинд үзүүлэх дэмжлэг маш чухал зүйл юм” гэж мэдэгдэв. Харин Даунинг Стрит энэ айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргаж “Тус дэмжлэгийн багц нь Украин, Их Британийн хооронд зуун жил үргэлжлэх, хөдөлшгүй бат түншлэлийн эхний алхам болно” гэж онцлов.

Украины ерөнхийлөгч Зеленский “Риши Сунакийн Украинд үзүүлж буй “хувийн манлайлал”-ыг сайшааж, “Украиныг НАТО-д элсэх хүртэл энэ гэрээ бидний аюулгүй байдлыг хангах болно” гэж мэдэгдээд үүнийг “урьд өмнө огт байгаагүй шинэ, бодит аюулгүй байдлын гэрээ” гэж нэрлээд “Бид Их Британитай жинхэнэ аюулгүй байдлын анхны гэрээ байгуулсандаа баяртай байна… Энэ бол бидний хувьд бусад түншүүдтэйгээ байгуулах гэрээний үндэс болж байна” гэж мэдэгдэв. Харин Сунак “Энэхүү гэрээ нь өнгөрсөн жил Вильнюст болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 30 улс Украинд амласан хоёр талын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрүүдийн эхнийх нь юм” гэж мэдэгдээд “Хэрэв Орос Украинд дахин халдан довтолсон тохиолдолд энэхүү гэрээний дагуу Их Британи газар, далай, тэнгэрт орчин үеийн техник хэрэгслээр хангаж, Оросын эдийн засагт хориг арга хэмжээ авч, Украиныг холбоотнуудтайгаа хамтран хамгаалах болно” гэж Их Британийн ерөнхий сайд тайлбарлав.

Энэхүү “Аюулгүй байдлыг хангах гэрээ”-нд батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаа, далай дахь аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, дэд бүтцийн чухал хамгаалалт, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах, мэдээллийн аюулгүй байдал буюу Оросын хуурамч суртал ухуулгатай тэмцэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, улс төрийн хамтын ажиллагаа (Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн сэргээж, Украины олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн дагуу шударга энх тайвныг тогтоох хүртэл Украин ч, Европ ч аюулгүй байх боломжгүй гэдгийг энд талууд хүлээн зөвшөөрч байна), Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүний эдийн засгийн чадавхыг сэргээн босгох, нурсан хот суурин, үйлдвэрийг шинээр сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, Украины Европын холбоо, НАТО-той нягт хамтран ажиллахад шаардагдах шинэчлэлийг хамтран хийх гэх мэт үндсэн чиглэлүүд багтсан юм байна.

Их Британийн ерөнхий сайдын араас шинээр байгуулагдсан Францын Засгийн газрын Гадаад хэргийн сайд Стефан айлчилж ирэх сарын эхээр болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар Украинд санхүүгийн шинэ тусламж үзүүлэхэд бүх хүчин чармайлтаа гаргаж, манай улс Украины дэд бүтцэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа сэргээх ажилд нь туслах болно гэж хэлэв. Түүний араас Польшийн шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайд Украинд айлчлахаар болов.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *