Categories
гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA дуунаас хурдан X-59 нисэх онгоцоо нийтэд үзүүллээ DNN.mn

Баасан гаригт АНУ-ын сансар судлалын төв байгууллага NASA дууны хурднаас хурдан нисдэг X-59 шинэ онгоцоо анх удаа олон нийтэд үзүүлжээ.

30 метр урт эх бие, 10 метр урт далавчтай энэ онгоцыг АНУ-ын батлан хамгаалах салбарын гэрээт үйлдвэрлэгч Lockheed Martin компанийн Калифорни дахь эзэмшлээс үзүүлж, NASA өөрийн сувгаар шууд дамжуулсан байна.

Онгоцны анхны нислэгийг энэ оны сүүлээр АНУ-ын дотоодын аль нэг чиглэлд турших гэнэ.

X-59 онгоцны гол онцлог нь нисэхдээ ямар нэг чанга дуу чимээ гаргахгүй юм. Аливаа биет дууны хурднаас хурдан нисэх үед “sonic boom” гэгддэг асар чанга чимээ гардаг.

Ийм шалтгаанаар АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) одоогоор тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дууны хурднаас хурдан онгоцоор зорчигч тээвэрлэхийг хориглоод байгаа.

X-59 онгоцны хувьд 16,000 метрийн өндөрт цагт 1,500 км хурдтай нисэх юм байна.

Энэ үедээ зөвхөн автомашины хаалгыг хаахад гардаг шиг чимээ гаргах гэнэ.

Уг онгоцыг зохион бүтээхэд зориулан Lockheed Martin компани NASA-гаас $250 саяын санхүүжилт авсан байна.

Хамгийн сүүлд 20 орчим жилийн өмнө домогт Concorde агаарын хөлөг Парис, Лондон, Нью-Йоркийн хооронд зорчигчдыг дууны хурднаас өндөр хурдаар тээвэрлэж байв.

Гэвч 2000 онд Парист гарсан 100 гаруй хохирогчтой ослын дараа нислэгийг нь 2003 оноос эхлэн зогсоосон юм. NASA-гаас гадна өөр компаниуд ч бас дуунаас хурдан зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: DPA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *