НЗДТГ-ын санаачилгаар “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.
Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна. Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлах, орон нутаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих, шууд борлуулалтыг нэмж эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Монголчууд Сар шинийн баярын бэлтгэлд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зориулдаг аж. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцон, түрээсийн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан билээ. Тодруулбал, 45 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчлэн, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.