СЕХ-ны гишүүн, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд “Хуурамч хаягийг нэг цагийн дотор илрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нь байвал тухайн хаягийг нэгээс гурван цагийн дотор хаах бүрэн боломжтой” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Энэ тухай бид Программ хангамжийн инженер Д-тэй цөөн хором ярилцлаа.
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуурамч хаягийг хаах боломжтой юу?
-Нэгдүгээрт Фэйсбүүк Монгол, Америк болоод аль ч Засгийн газрын мэдэлд байдаггүй Meta Platforms-ийн эзэмшдэг олон нийтийн сүлжээ үйлчилгээ юм. Ямар ч Засгийн газар хуурамч, худал мэдээлэл тараасан ч бай цахим хаягийг фэйсбүүкийн зөвшөөрөл, тусламжгүйгээр хаах боломжгүй. Хувь хүний цахим хаягийг хөндлөнгөөс хаах ямар ч боломжгүй. Харин Фэйсбүүк өөрсдийнх нь “COMMUNITY STANDART” зөрчөөгүй л бол хувь хүний хаягийг хаадаггүй. Зөвхөн хувь хүн өөрөө мөн Фэйсбүүк компани тухайн хаягийг хаах эрхтэй. Тухайлбал нүцгэн зураг дүрс бичлэг нийтлэх, оюуны өмчид халдах, их хэмжээний report авсан гэх мэт шалтгаанаар таны хаяг хаагдах боломжтой.
-Хуурамч хаягийг хэрхэн таньдаг вэ?
-Фэйсбүүк өөрөө ч хуурамч хаягтай тэмцэж чадахгүй байна шүү дээ. Та google-ээс how many fake accounts on facebook? гэж хайвал, 1.3 тэрбум гэсэн тоо байгаа. Монголд 400 мянган хуурамч хаяг байгаа нь их тоо биш юм.
-Ямар төрлийн тоног төхөөрөмж байвал цахим хаягийг хаах боломжтой вэ?
-Тийм боломж байхгүй. Жишээ нь манай оронд “Mongol Chat” гэж байдаг шүү дээ. Монголд ирсэн Америк иргэд түүнийг ашиглаж, хаяг нээлээ гэхэд түүнийг нь Америкаас хаах боломжгүй шүү дээ. Магадгүй бид Хятад улс шиг Фэйсбүүк огт ашиглах боломжгүй байх л арга байна.
-Фэйсбүүк хаягийг нэгээс гурван цагийн дотор хаах боломжтой юу?
-Та өөрийнхөө фэйсбүүкийг хаах гэж оролдож байсан бол мэдэх байх. 14 хоног хүлээгддэг шүү дээ. Тэр хугацаандаа тухайн хүн мэдээж өөрийнхөө хаягийг ашиглах ёсгүй байдаг. Мөн хуурамч цахим хаягийг хаасан ч нээж байгаа хүнийг нь олж тогтоохгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Жишээ нь шинээр цахим хаяг нээхэд тав хүрэхгүй минут зарцуулагдана.
Н.Нарванчин