Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын камержуулалт, Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлжээ. “ST Engineering” компанийн 25 мянга орчим ажилтны 17 мянга нь дээрх чиглэлүүдийн инженер юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Манай улсад 2000-аад оноос камержуулалт эхэлсэн ч одоогоор нийслэлд байгаа камеруудын 50 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, хоорондоо уялдаагүй байна. Иймд хууль тогтоомжийн хүрээнд камержуулалтыг бүрэн шийдэж, хотын бүх камерыг холбосон Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах шаардлагатай. Ингэхдээ нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хувийн хэвшлийн камерыг ч мөн холбоно. Энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.
Сингапур Улсын Аюулгүй байдал, тагнуул, эрсдэл судлалын академийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дерик Динг “Манай байгууллага 2002 оноос Улаанбаатар хоттой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах, Замын цагдаагийн газрын дэргэдэх Шуурхай удирдлагын төвийг шинэчлэхэд хамтран ажиллахад таатай байна. Богино хугацаанд олон төрлийн шийдлээс санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллана” гэжээ.