Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа… DNN.mn

“Нэг жуулчинд нэг хонь” аян юм уу, акц юм уу, аялал жуулчлалыг өндөр түвшинд авч ирэх хөтөлбөр юм уу… за ямар ч байсан нэг ийм зүйлийг нийгэмд явуулаад эхэллээ. Жуулчин бүрд нэг хонь бэлэглэх, зүслэх нь маниусын найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдэгтэй агаар нэг зүйл биш байх. Мал, амьтны талаарх гаднынхны ойлголт огт өөр. Хүний эрхтэй адил түвшинд амьтны эрхийг дээдэлдэг соёлт нийгмийн иргэд. Манайхан бол мал амьтан дээр таваарлаг хандана. Зарна, борлуулна, алж иднэ, шөл ууна. Өөр ер нь ямар ойлголттой гэж…

Ийм л хоёр өөр ойлголт, хандлага, соёлын асар том зөрүү дээр манай УИХ-ын суудал мөрөөдөгч нэгэн залуу “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг ярьж эхэллээ. БОАЖЯ-ны бодлого болгох бололтой.

Хожмын үр дагаврыг нь шулуухан харж бичмээр байна. Гаднын жуулчин гэдэг бол ядуу хүмүүс биш. Нийгмийн тодорхой түвшинд хүрсэн, мэдлэг боловсрол, хүмүүжил, ёс зүй, хандлага… бүх талаар тогтсон давхаргынхан аялж жуулчилдаг. Тэдгээр жуулчин бүрд нэг хонь бэлэглэх юм байна. Зүсэлж өгөх юм байна. Энэ нь гаднынханд, тэр дотроо барууныханд амьдралд нь тохиолдсон нэгэн баярт, содон үйл явдал болно. Зураг хөргийг нь авна, удмын бичгийг нь нэхнэ. Ер нь Монголын жирийн малчдын хувьд бол “Юун сүртэй юм бэ” гэж дуу алдахаар үйл явц өрнөнө дөө. Бэлгэнд авсан хониндоо насан туршдаа анхаарал халамж тавих тухай бодно. Бодох ч үгүй, ерөөсөө тийм үүргийг хувьдаа хүлээцгээнэ. Өдөр бүр зүсэлсэн хонио харъя гэж интернэтээр холбогдох боломжтой цаг үе, нийгэм, технологийн эрин зуун шүү дээ.

Хариуд нь Монголын малчид ямар байр сууринаас хандах бол. Орой бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа бэлгэнд авсан хониных нь бэлчээрт явааг, хотолж байгааг үзүүлж чадах уу. Тийм соёл хөдөөд байгаа бил үү. БОАЖ-ын яамнаас зохион байгуулаад эргэх холбоог бий болгоё гэж мөрөөдье. Ингэлээ гэхэд бөөн “гай” л болно. Яагаад гээч, өвлийн тачигнасан хүйтэнд, хөр цасан дунд бээвийж зогсоо хонийг харсан гаднын жуулчид ямар сэтгэгдэл төрөх вэ. Санаанд нь багтамгүй дүр зураг, шууд эмзэглэнэ. Шууд л амьтны эрх ярина даа. Үүнийг нь Монголын эрс тэс цаг агаарын дүр зураг, ингэж байгаад нар ногоотой залгадаг юм… гэхчлэн ярьж, сурталдаж түр зууртаа анагааж болно. Аягүй бол Монголын нөхцөлд малаа тэжээдэг юм гээд соёлтой барууныхнаас өвс тэжээлийн зардал ч авч болно. Энэ цааш явах зүйл мөн үү. Ер нь бэлэглэсэн хонь бүхэн өвөл, хаварт зуун хувь амь насны эрсдэлтэй. Тал нь үхэж эндэж л таарна. Үүнийг нь жуулчдад мэдэгдвэл яаж хүлээж авах вэ. Тэд өөрсдийн өмч, хайртай амьтан нь гэж бодож байгаа шүү дээ.

Мэдээж жуулчдыг хулхидах байх. Шууд л харьцалгүй хаяна байх. Үүнийг гаднынхан хаях уу. Нэхэл дагуул болно. Энэ хэрээр гаднын жуулчдын итгэл алдарна. Айна түгшинэ, өрөвдөнө. Бүр нэг өөрсдөө амьтан тамлаад хаячихсан юм шиг болцгооно. Монголын нэр хүнд ямар түвшин рүү явна гээч. Зүгээр л амьтан тамлагч орон гэж нэрлэгдэнэ. Гэхдээ үхэл хагацлаас наана их юм болно шүү…

Цас зуданд бээвийсэн, өвс тэжээлгүй, хашаа хороо нь гэж хачин юмнууд байхыг гаднынхан хараад шууд л амьтны эрх ярьж, ОУ-ын байгууллагуудад хандана. Америкт амьдардаг монголчуудын нэг яриа их бодитой. Эхнэр нь төрөх болж, нэг зарын сайт дээр “Хонь авна” гэсэн зар тавьжээ. Хүмүүс шуугиад л ороод ирсэн. Тэр дотроос нэгэн эмэгтэйг сонгож хонийг нь авахаар очиход нөгөөх нь бөөн баяр хөөр болж “Монголчуудыг малчин хүмүүс гэж мэднэ. Мал амьтны орон гэж сонссон. Та нар бол гайхалтай. Миний хонь хөгширч байна. Би бас

ядарч байна. Хоёр зүйлийг та нар сайн анхаараарай, Миний хонь чихрэнд дуртай шүү, би чихэр өгөөд сургачихсан юм. Орой бүр шүдийг нь угаадгийг бас анхаараарай…” гэсэн гэдэг.

Манай нөхөр бол эхнэртээ шинэ шөл уулгах тухай л бодож очсон хэрэг. Ерөөсөө монголчуудын малын талаарх үндсэн зорилго бол хоол. Махыг нь идэх. Шөлний юм гаргах. Өвлийн идэш шүү дээ. Харин гаднынхны малын талаарх ойлголт бол гэр бүлийнх нь нэг гишүүн. Үр хүүхэд шигээ хайрлана, халамжилна.

Тэгэхээр америк эмэгтэй шиг хүмүүст хонь бэлэглэх гэж байгаагаа Их хурлын суудал мөрөөдсөн тэр залуу бодож үзсэн үү. Эцсийн үр дагаврыг нь бодитой тооцож харсан уу.

Тэгэхээр ирээдүйд ирэх хоёр том зовлон, хойшид юунд хүрэхийг хэлж мэдэхгүй үр дагаврыг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр дагуулж байна. Нэгдүгээрт малчдад зовлон болно. Үхүүлэх эрхгүй, зарж үрж болохгүй, идэш уушиндаа хэрэглэх нь бүр хориотой тийм хэсэг хоньтой, малтай болох нь. Хоёр дахь нь амьтны эрх ярьсан гаднынхны тэмцэл, тийм мэдээллийг анаад отоод сууж байдаг гаднын том ТББ-ууд шууд өлгөж авна. Үр дагавар нь “Азийн цээжин дэх Монгол гэдэг улс нь улаан ярагчид, амьтныг утгаар нь тамлагчид байна. Олон улсын хоригт оруулъя” гэж. Монгол Улсад, монголчуудад бөөн төвөг чирэгдэл учруулна даа. Ер нь монголчууд дэлхийд харгисаараа дуудуудлах, овоглуулах эхлэлийг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр эхлүүлж байна. Хэдэн жилийн өмнө Өвөрмонголд ийм явдал өрнөж, эцэстээ ийм хүнд байдалд орж гялс арга хэмжээ авч зогсоосныг та бүхэн мэдэх үү. Диктатуртай, хагас хаалттай нийгэм учраас олон улсад намжаасан гэж судлаачид үздэг.

Тэгэхээр Их хурлын гишүүн болохыг мөрөөдсөн нөхрийн бодож олсон санаа Монгол Улсыг, монголчуудыг хорлосон үйл явдал болох нь. Ийм ажил хийх чинь буруу. Монголчуудын малд хандах хандлага нэг өөр. Хонь бэлгэнд авах гаднынхны малд хандах философи, үзэл санаа огт өөрийг тунгаана уу. Бид бол малаа зуданд нэг үхүүлнэ, зун нь алж иднэ. Ер нь бол ямар нэг байдлаар л хорооно. Гаднынханд бол энэ тухай ойлголт огт байхгүй. Жуулчинд “За шөл уугаарай” гэж өгч байгаа биш биз дээ. Эсвэл шөлний юм өгөх гээд байгааг нь би буруу ойлгоод байна уу…

Б.Нямаа

 

2 replies on “Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа… DNN.mn”

Ямар ч судалгаагүй өөрийн таамгаа нийтлэл болгоод байх юм. Технологийн шийдэл гаргаад, малчид бүртгүүлээд яваа шүү дээ. Гадныханд зориулсан апп нь хүртэл гараад эхнээсээ аваад эхэлчихсэн байгаа шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *