Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.
-Энэ өвөл монголчуудын хувьд чанга байна. Оны өмнө шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалтад орлоо. Стратегийн бүтээгдэхүүн нэг улсаас хараат байх нь ийм аюултайг харж байна. Харин та бодит нөхцөл байдлыг хэлж өгөхгүй юу?
-Аюулын зах зух нь мэдрэгдсэн. Мэргэжлийн биднээр зогсохгүй бүх монгол чууд л анзаарах шиг болсон. Өвлийн их ачаалалтай зэрэгцээд л бага багаар хязгаарлалт хийж эхэлсэн. Манай суурилагдсан хүчин чадал дээр ОХУ-ын импорт нэмээд хэрэглээний өсөлтийг дийлэхгүй байна. Сүүлийн жилүүдэд шөнийн хөнгөлөлт хэрэгжүүлснээс болж цахилгаан халаагуур их нэмэгдсэн байдал харагдаж байна. Халаалтаа цахилгаанаар шийдчихсэн хэрэглэгчид ийм хүйтэн өвөл 17-22 цагт халаагуураа таслахгүй л дээ.
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хэдэн хувиар өсч байна вэ. Нөгөө талд эрчим хүчний үйлдвэрлэл маань өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ гүйцэж чадах нь уу?
-Жилд ойролцоогоор долоо орчим хувь өсч байгаа. 2023 оны албан ёсны тоог энэ хавар Эрчим хүчний зохицуулах хороо зарлах байх. Түрүүлж хөгжих ёстой салбар гүйцэх байтугай одоо моодонд орсон хэллэгээр “улных” болсон юм биш үү.
-Сэргээгдэх эрчим хүч нийт чадлын хэдэн хувийг эзэлдэг юм бэ?
-Эх үүсвэрийн бүтцийг авч үзвэл импорт 21 хувь, сэргээгдэх эрчим хүч долоон хувь. Үлдсэн 72 хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц байна гэдгийг судлаачид 2022 оны түвшинд гаргасан.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хэрнээ энэ салбар ерөөсөө дорвитой хөгжихгүй юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байна гэдэг. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?
-Сэргээгдэхийн үнэ өн дөр гэхээсээ дулааны цахилгаан станцуудын үнэ тариф хэт доогуур байгааг анхаарах ёстой. Эрчим хүчний салбарыг өнөөгийн хүнд байдалд оруулсан гол шалтгаан бол уламжлалт эх үүсвэрүүдийн үнэ тариф бага байгаагаас болж байна шүү дээ.
Үүнийгээ засч залруулж чадвал сэргээгдэх эрчим хүчний үнийн нөлөө тийм ч их биш. Яваандаа алга болох асуудал.
-Ингэхэд сэргээгдэх эрчим хүчний үнийг бодлогоор өндөр байлгаад байна уу. Оросын цахилгааныг авахаас өөр сонголтгүй болгох гээд байдаг юм уу?
-Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж нар, салхины станц олноор баригдах үеийн сэргээгдэх эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн үнэ өндөр байсан нь үнэн. Тэр үед сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан худалдах, худалдан авах гэрээнүүдийн үнэ ч дагаад өндөр хийгдсэн. Нөлөө нь одоо хэр дуусаагүй л байна. Харин шинээр гэрээ хийгдвэл нэгд, тоног төхөөрөмжийн үнэ хямдарсан хоёрт, хуримтлууртай байх ёс той гэх мэтээр илүү сайн болох ёстой. Ер нь суурь болон оргил чадлын дутагдлыг нар, салхины эрчим хүчээр нөхдөггүй юм. Суурь ачааллыг төрөл бүрийн ДЦС, АЦС, оргил ачааллыг УЦС, хийн турбинт станц, за ирээдүй яривал устөрөгчөөр л хангана даа. Ногоон устөрөгч үйлдвэрлэж эхэлбэл нар, салхины эх үүсвэрүүд хязгааргүй хөгжих боломжтой.
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Энэ төсөл хэр хурдтай явж чадах бол?
-Саяхан Б.Чойжилсүрэн сайдад гэрээнд гарын үсэг зурах эрх өгсөн байна лээ. Ач холбогдол нь манайд нүүрлэсэн суурь болон оргил хэрэглээг хөнгөлөх боломж гарах учир хаана хаанаа хичээх биз. Баруун бүсээр тогтохгүй нийт эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудлууд нэг хэсэгтээ хөнгөрнө шүү. Гэхдээ Монгол Улс сайн ч, муу ч хөгжсөөр байгаа тул эх үүсвэр нэмэх асуудал байнга байсаар байх болов уу.
-Эгийн голын УЦС-ын хувьд Оросын тал хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Өмнөх хамтарсан ажлын хэсэгт та нэлээд олон жил ажилласан байх аа. Энэ ажлын хэсгийн үр дүн нь юу болсон юм бэ. Эгийн голын УЦС-ыг оросууд явуулах нь үнэн болов уу?
-Өмнөх ажлын хэсгийн ажлыг дахиад л эхлүүлнэ биз. Өмнө нь би Шүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч, Сэлэнгэ мөрний сав газар баригдах УЦС-уудын асуудлаар байгуулагдсан Эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг, Хилийн усны комиссын гишүүн гээд олон чиглэлээр ажилласан.
Хамтран судалъя л гэдэг юм. Судлаад тайланг ЮНЕСКО-д явуулсан шүү дээ. Тэндээс хариу өгсөн эсэх талаар мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл ЮНЕСКО ямар хариу өгөхийг харж байж оросуудтай ярих хэрэгтэй байх. Гэтэл Оросын мэр гэжлийн байгууллагууд нэлээд дээд түвшинд барих талаар хөөцөлдөөд л байдаг юм билээ. Бүтэх эсэхийг мэдэхгүй. Тэдэнд яаж хандах нь ОХУ-ын төр, засгийн л асуудал. Миний хувьд оросууд УЦС барихад татгалзах зүйлгүй. Манай Засгийн газар ч дургүйцэхгүй байх.
-Байдрагийн УЦС-ын ТЭЗҮ боловсруулагдаж дууссан гэл үү?
-Байдраг гэлтгүй ТЭЗҮ гэх цаас маш олон байдаг. Нэг их хөөрөөд байх асуудал биш. ТЭЗҮ дуусахаар ажил эхэлчихдэг ч юм биш л дээ. Санхүүжилтийн загвар, төсөл хэрэгжүүлэх механизм гээд л ярвигтай асуудлууд бий.
-Гайгүй хурдтай явж байгаа нь Бөөрөлжүүтийн УЦС-ын бүтээн байгуулалт байх шив. Энэ станц ашиглалтад орвол манай эрчим хүчний чадал яаж өсөн нэмэгдэх билээ?
-Суурь ачааллыг хангах суурь чадал 300 МВт-аар нэмэгдэнэ. Эхний 150 МВт нь 2024 оны сүүлээр ашиглалтад орно гэж байсан. Одоогийн байдлаар 2025 он гаргах байх гэж сонссон. Гэхдээ явц нь тун гайгүй санагддаг. Зарим төслүүд 20-30 жил зөвхөн яригддаг биз дээ.
-Манай улс Францын цөмийн эрчим хүчний компанитай хамтран ажиллахаар боллоо. Манай улс атомын цахилгаан станцтай болох тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Зөв зүйтэй асуудал. Шар нунтагийн асуудлыг тэнгэрт хадаасан монголчууд бид станц барина гэвэл яах л бол доо. Гэхдээ одооноос анхаарах хэрэгтэй. Бас техник технологийн хөгжлийг тооцох ёстой.
-ОХУ манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьсан шүү дээ. Энэ саналыг бид хүлээж авах нь зөв үү?
-Сайтар тунгааж тооцох ёстой. Гадаадын өндөр мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд 60 МВт-ын таван блоктой станц яг тохирно гэж үздэг. Бага оврын гэж 2030 Мвт-ын АЦС-ыг л хэлдэг. Яг албан ёсоор санал тавьсныг бол дуулаагүй. Росатомын хүмүүс яваад байгааг мэднэ ээ.
-Дэлхий дахинд халуун цөмийн технологиор эрчим хүчээ шийдэх боломжуудыг ярьж эхэллээ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?
-Одоохондоо яг нэвтрүүлсэн туршлага байхгүй. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжиж байгаа нь үнэн. Халуун цөмийн синтез гэдэг чинь цөмийн урвалаас өөр зүйл. Монголчууд энэ талаар дэлхийг харна уу гэхээс өөр юу ч хийж чадахгүй.Цөмийн том гүрнүүд асар үнэтэй, аварга төхөөрөмжүүд дээр туршилт хийдэг. Үе үе ахиц гарч байгаа мэдээ гардаг л юм.
-Тавдугаар цахилгаан станцын төсөл ямар шатандаа яваа бол?
-Бидний ойлгож байсан Улаанбаатарын тавдугаар цахилгаан станц бол зогсчихсон. “ДЦС-3”-ыг өргөтгөнө гэдэг нь оросуудтай хэлэлцээрийн шатанд байгаа болов уу. Багануурын станцын ажил үргэлжлэх бололтой сонсогдсон.
ДЦС-4 дээр нэг зуух нэмэх дэмжүүштэй санаа яагаад ч юм зогсонги байгаа бололтой.
-Юунаас болсон юм бол?
-Өмнө нь хэрэгжсэн зарим төсөл Хөгжлийн банктай холбоотой юм билээ. Түүнтэй л холбоотой болов уу. Гэхдээ төсөл амжилттай хэрэгжээд цахилгааны үйлдвэрлэл нэмэгдээд 700 гаруй МВт чадлаар ажиллаж байна шүү дээ, “ДЦС-4”. Үнэ тарифыг нэмээд өгчихвөл бүр богино хугацаанд ч зээлээ төлөх боломжтой. Нэг зуух нэмчихвэл 800 МВт дөхүүлчих гээд бас бэлтгэл тоноглолтой болох гээд байгаа юм.
-Тавантолгойн ДЦС-ын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Шүүхийн маргаантай байгаа л гэсэн. Харж л суухаас.