Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын 40.734 иргэнд Монгол Улсын виз олгожээ DNN.mn

Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ) 2023 онд гадаадын 44,831 иргэнд визийн зөвшөөрөл, 40,734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ.

Үүнээс 31,242 визийг цахимаар олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав дахин, цахим виз олголт дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.

Мөн гадаадын 23,555 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 19,488 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 12,658 иргэний бүртгэлд хасалт хийлээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

ГИХГ нь 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 34,992 оршин суух үнэмлэхийг шинээр хэвлэж, 4,664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгалаа.

Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа ирдэг болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болгов. Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115,211 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.

 

Эх сурвалж: Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *