Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш өнөөдөр буюу энэ сарын 2-нд “Ice Marathon – 2024” хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлэв.
Эверестийн ноён оргилд хоёр удаа гарсан туршлагатай уулчин эр өнгөрсөн жилээс хэт холын зайн марафон гүйлтээр хичээллэж, Улаанбаатар-Хэнтий-Улаанбаатар маршрутаар 608 км гүйж байв. Тэгвэл энэ жил хэт холын зайн өвлийн гүйлтээ Улаанбаатар хотоос эхлүүлж, ОХУ-ын хойд хил хүртэл 355 км гүйхээр төлөвлөжээ.
Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед монгол залуусын дунд залхуурал их ажиглагдаж байна. Эрүүл монгол хүн байхын тулд их спортоор, тэр тусмаа гүйлтээр хичээллэж байх ёстой. Залуусыг идэвхжүүлэх зорилгоор өвлийн марафоноор гүйхээр шийдсэн” гэж онцолжээ.
Б.Цэвээндаш 2012 онд Балбын талаас Эверестийн оргилд гарч байсан бол дөрвөн жилийн дараа Төвөдийн талаас авирч, дэлхийн дээвэр дээр өмнөд, хойд замаар авирсан Монголын хоёр дахь уулчин болж байв.