Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал, судлаач Б.Лакшмитай шатахууны хомсдол, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал нь шатахуун, түлшний хомсдол болчихлоо. Олон цагаар дараалалд зогсож байж хэдхэн литр бензин авч байна. Тэгвэл өнөөдрийн энэ нөхцөл байдал чухам юунаас болж үүссэн гэж та харж байна вэ?
-Монгол Улс шатахуунаар ОХУ-аас бүрэн хараат байдаг. Тэр утгаараа өмнө нь ч бид бага зэргийн хомсдолтой явж ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг урт хугацаагаар биш. Энэ удаа нэлээд удаан хугацаанд үргэлжилж байна. Хоёрдугаарт, өмнө нь энэ мэтийн хомсдол намар, зуны цагт болж байсан. Харин энэ удаагийнх 12 дугаар сард, удаан хугацаагаар үргэлжилж байгаа учраас иргэд бухимдаж байна.
-Энэ оны эхэнд шатахууны захиалгаа өгөхдөө хэтэрхий багаар өгсөн. Дээрээс нь түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс гаргаж байгаа нь ч нөлөөлсөн гэж зарим хэсэг нь үзэж байна?
-Захиалга бага өгснөөс болсон гэж би үзэхгүй байна. Яагаад гэхээр ОХУ олон улсын хоригт байгаа энэ үед манайх захиалгаа нэмэхэд асуудалгүй байх учиртай гэж бодож байна.
Дээрээс нь манайх ч тийм том хэмжээний зах зээл биш шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдал бол дотоодын үл ойлголцлоос болж үүссэн юм болов уу гэж харж байгаа. Ер нь төр засгийн зүгээс шатахуун, түлшний үнийг тогтмол барих, өсгөхгүй байх тал дээр л анхаарч ирсэн нь ажиглагддаг. Ингэснээр иргэд арай хямд үнээр авах боломж бүрддэг. Харин зөрүүг нь томоохон уул уурхайн компаниуд илүү өндөр үнээр худалдан авч төлдөг юм. Энэ жилийн хувьд манайхыг есдүгээр сард шатахууны хомсдолд орно гэж байсан. Тиймээс 10 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж, харьцангуй гайгүй болсон.
өн УУХҮ-ийн сайд урд хөршөөс шатахуун худалдаж авсан гэсэн мэдээлэл хийж байсан. Нэг зах зээлээс шатахуун дээр хараат байдлыг бууруулах бодлого явуулж, хоёр дахь эх үүсвэрээс татах гэж оролдсон учраас ийм хүндрэл үүсч байна уу гэж бодож байна.
-БНХАУ-аас авдаг шатахууны хэмжээгээ манайх нэмсэн учраас ОХУ-аас ийм арга хэмжээ авсан гэдэгтэй та санал нэг байна уу?
-Би яг л тэгж бодож байна. Бид 100 хувь баталгаатай өөрсдийн эх үүсвэрүүдийг бий болгож байж л ОХУ-аас худалдаж авдаг байдлаасаа гарна. Түүнээс биш шууд л багасгана, огт авахаа болино гэсэн асуудал байхгүй.
-Шатахуун импортлогч хэдэн том компани хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдол өмнө нь гарч л байсан. Тийм болохоор ОХУ, БНХАУ-аас компани оруулж ирэх тухай яриа гарсан. Ийм боломж бий юу?
-Монголын хэдхэн компани тусгай зөвшөөрлийн дагуу шатахуун, түлш оруулж ирдэг. Өмнө нь ОХУ-аас ч гэсэн хамтарсан компани байгуулж, түүгээрээ арай хямд үнэтэй шатахуун нийлүүлдэг байя гэсэн санал тавьж байсан. Харин үүнийг би зөв шийдэл гэж бодохгүй байна. Мэдээж үнэ нь жаахан бууж таарна. Гэвч хараат байдлаас гарах шийдэл энэ биш. Үр дүнд нь Монголын хэдэн компани л дампуурна. Ингэх юм бол ОХУ-аас нийлүүлэхгүй л гэвэл манайх өөр газраас худалдаж авах ямар ч аргагүй болно.
-Шатахууны хараат байдлыг багасгах, хомсдол үүсгэхгүй байх тал дээр өнгөрсөн дөрвөн жилд төр засгаас ямар бодлого хэрэгжүүлсэн гэж та харж байна вэ. Тэдгээр нь үр дүнтэй байж чадсан болов уу?
-Шатахуун, түлшний асуудал дээр нэг их томоохон өөрчлөлтүүд, шинэчлэл хийгээд байдаггүй л харагддаг. Харин аль болох л үнийг тогтворжуулах тал дээр ажиллаж ирсэн. Хэдэн жилийн өмнө Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг болно гэж үзсэн шүү дээ. Гэтэл манай улсын худалдаж авдаг үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн савлагаатай уялдаагүй байдаг. Дэлхийд шатахууны үнэ унаж байхад ч гэсэн манайд нөлөөлдөггүй. ОХУ-тай тохирчихсон үнэ байдаг учраас тэгдэг шиг байгаа юм. Нэг талаасаа бид өөрсдөө олборлогч улс биш. Мөн худалдаж авдаг эх үүсвэр нь ганцхан. Тийм болохоор төр засгаас томоохон бодлого, шийдвэр гаргаж оролцоод байх боломж тааруу.
-Нэг улс орны хараат байдлаас гарах, багасгах ямар нэгэн боломж бий юу?
-Энэтхэг улстай хамтраад Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байх шиг байна. Харин олборлосон газраасаа зөөж, үйлдвэртээ боловсруулна гэдэг дээр хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Уг нь Үндэсний аюулгүй байдал талаас нь авч үзсэн ч ингэж нэг улсаас хараат байх нь буруу. Ямар нэгэн эрсдэл үүсэхэд тодорхой хугацаанд дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг байх л хэрэгтэй. Яагаад гэхээр шатахуун гэдэг чинь стратегийн гол бүтээгдэхүүн, эдийн засгийн амин сүнс нь байдаг. Монгол Улсын хувьд газрын тосны нөөц бол байгаа. Хамгийн гол нь өөрсдөө боловсруулж чадахгүй, түүхийгээр нь урд хөрш рүү өгчихөөд байна. Дээрээс нь худалдан авдаг эх үүсвэрийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Харамсалтай нь энэ бол хүндрэлтэй асуудал. Яагаад гэхээр өөр бусад улс орноос шатахуун, түлш авлаа гэхэд хоёр хөршийнхөө газар нутгаар л дамжуулж тээвэрлэнэ. Гэтэл үүнийг хөршүүд маань зөвшөөрөхгүй шүү дээ.
-Шатахууны нөөцийн сав барина гээд 10-аад жил болж байна. Шатахуун хомсдож, үнэ нэмэгдэхээр иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шүү дээ?
-Улс орны хувьд 30 хоногийн хэрэглээг л нөөцөлдөг. Уг нь томоохон үйлдвэр, газруудынхаа дэргэд нөөцийн сав бий болгох хэрэгтэй. Шатахуун инфляцийн сагсанд нэлээд жин дарж ордог. Тийм болохоор шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шууд нэмэгдэж, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлдэг.
Т.Дарханхөвсгөл