Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед болзошгүй эрсдэл, золгүй тохиолдлоос сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цөөн хором ярилцлаа.
-Шинэ жилийн баяраар ер нь ямар төрлийн зөрчил, гэмт хэрэг гардаг вэ?
-Шинэ жилийн баяр бол гэмт хэргийн гаралтанд шууд нөлөөлдөггүй. Гэхдээ архидан согтууралтаас үүдэлтэй золгүй тохиолдол, санаатай болон санамсаргүй гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тухайлбал, согтуугаар осгох тохиолдол гардаг. 2023 оны нэг, хоёр дугаар сар болон арван нэгдүгээр сарын хэмжээнд 65 хүн осгож эндсэн байна. Тиймээс албан байгууллагууд шинэ жилийн баяраа зөв зохион байгуулж хиймээр байгаа юм. Ажилчдаа бүгдийг нь автобусаар, таксигаар хүргэж өгч болно шүү дээ.
Шинэ жил бол гэр бүлийн баяр болохоос архидан согтуурах зорилго биш. Хамгийн харамсалтай, эмзэглэмээр нь шинэ жилийн үеэр хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Учир нь ямар нэгэн байгууллагын, анги хамт олныхоо шинэ жилээс согтуу ирсэн хүн гэр бүлийн бусад гишүүддээ агсардаг, хүч хэрэглэх тохиолдол элбэг байдаг.
-Хоёрхон хоногийн өмнө гацуур мод шатаж гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ тал дээр юуг сэрэмжлүүлэх вэ?
-Барууны орнууд ойгоос зулзаган гацуур мод авч ирж гэртээ тавьдаг соёлтой. Харин манайхны хувьд хиймэл, галд шатамхай материалаар хийгдсэн импортын модыг засдаг. Тиймээс айл өрхүүдийг гацуур модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаагаар асаахгүй байхыг анхааруулж байна. Мөн цахилгааны уртасгагчинд олон залгуур залгахаас зайлсийх ёстой. Энэ нь галын аюулаас сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга юм.
-Шинэ жилийн баяраар эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгддэг үү?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг ар гэрт нь хүргэж өгхийг үүрэг болгодог. 50 хувиар нэмэгддэг. Орон гэртээ хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг бол эрүүлжүүлнэ.
Н.Нарванчин