Categories
мэдээ спорт

Жокович: Надаль тэгэхэд намайг албаар айлгах гэж тэгсэн байхгүй юу DNN.mn

Сербийн агуу теннисчин Новак Жокович 36 насандаа газрын теннисний оргилд ганцаараа зогссон хэвээр. Тун саяхан 2023 оны теннисний улирал дуусч тэр Уимбилдоноос бусад бүх том тэмцээнд түрүүлэн өөрөөсөө хорь орчим насаар дүү өрсөлдөгчдөө “дарамтлан дарласан” хэвээр оныг үдлээ. Их Дуулгын дөрвөөс гурвыг нь, хоёр том Мастерс, Үр дүнгийн тэмцээн гээд бүгдийг нь хамж долоо дахь удаагаа дэлхийн номер нэг теннисчин эрэмбэлэлээр оныг дуусгаж буй түүний CBS Sports-д өгсөн ярилцлагаас товчлон хүргэе.


-Та яг одоо бараг таны хүүхэд байхаар насны залуучуудыг өндийх боломж өгөлгүй нухаж байна. Ямар нууц байна вэ. Ийм байх нь танд таалагддаг уу?

-(инээв) За байз, яавал зөв хариулт хэлэх вэ. Залуучууд мэдээж намайг ялах юмсан гэдэг асар их оргил тэмүүлэлтэй байгаа нь ойлгомжтой. Энэ нь надад илүү хүч, чадал өгдөг гэх юм уу даа. Бас миний сэтгэл дотор байгаа араатныг сэргээж өгдөг.

-Тэр хүрээд зогсоно гэх өөрийн амжилтын хязгаар, хэмжээсийг бидэнд хэлээч?

-(бас инээв) Бутархай мөнгөний хэмжээтэй. Үнэн шүү. Хэнтэй хэзээ ямар тактиктай тоглож байгаагаасаа шалтгаалаад. Заримдаа би тийм жижигхэн амжилтын төлөө л тоглодог. Ер нь теннис бол халз тулаад тоглодоггүй спорт боловч өрсөлдөгчөө тувтан хянаж болдог наадгай юм. Үе хооронд амраад сууж байхдаа тэр ус их уух нь уу, жигд амьсгаалж байна уу үгүй юу, дасгалжуулагчаасаа юу асууж байна вэ гээд жижигхээн зүйлсийг анзаарах хэрэг гарна аа.

-Танай спортод хамгийн чухал нь юу вэ. Булчин шөрмөс, хурд, уян налархай чанар гээд аль нь чухал вэ?

-Хамгийн чухал нь өөрийгөө ялах. Ялж ялагдаж явахад дотор талд шуурга шуурч байдаг. Түүнийгээ л зөв зохицуулах хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөж чадвал хэн ч бусдыг нь олоод авч чадна.

-Заримдаа та өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байсан тул хожлоо гэх. Харин заримдаа аз ивээсэн байх гэхээр тоглолтууд байдаг. Жишээ нь 2019 оны Уимбилдоны финалд Федерерийг хождог тэр мөчийг санаач?

-Би тэгэхэд тавдугаар үед 14:12 гэсэн нэмэлт геймээр тэр урт буухиаг дуусгаж байлаа. Рожэр бүхий л талаараа надаас илүү байсан. Тэр хоёр ч удаа матчбол(сүүлчийн бөмбөг) хийсэн шүү дээ. Энэ юуг хэлнэ вэ гэхээр өөртөө итгэлтэй бай, чамд боломж олдоно гэдэг үгийг санаж бай гэх гээд байгаа юм.

-Залуу байхдаа Надалиас айдаг байв уу?

-Нэг удаа Ролан Гаррост Надальтай тоглох боллоо. Тэнд хувцас солих өрөөнүүд нь хоорондоо их ойрхон бас түүний хувцасны шкаф минийхтэй зэрэгцээ байж таарсан. Надаль талбайд гарахын өмнө тэр өрөөнд гүйгээд л харайгаад л. Чихэвчнийх нь цаанаас сонсож байгаа дуу нь хүртэл надад сонсогдоод л. Миний уурыг аймаар хүргэсэн. Надаль албаар намайг айлгах гэж тэгсэн байхгүй юу. Залуу байхдаа энэ бүгд нь урдаас төлөвлөсөн заль байсан гэдгийг яаж мэдэх билээ. Би талбайд гараад шууруулаад өгье гэж шатаад дууссан даа, тэгэхэд.

-Тээр жил Австралиас хөөгдсөн түүхийг жаахан сөхөх үү?

-Тэгэхэд намайг бараг Дэлхийн тэргүүн эгнээний дайсан, хортон амьтан гэж зарлах дөхсөн шүү.

-Австраличуудад хэн нэгнийг онцгойлон үзэх үзэл таалагддаггүй. Тэр тивийн хүмүүс тэгэхэд бүгд коронавирусийн эсрэг тарилгад хамрагдаж байхад та тэр журмыг нь зөрчсөн шүү дээ.

-Би ямар ч хууль зөрчөөгүй. Намайг анхнаасаа нутаг руугаа оруулахгүй ээ гэсэн бол би гэртээ үлдэх л байсан шүү дээ. Гэтэл тусгай зөвшөөрөл, виз, тэнд байхдаа биеэ хэрхэн авч явах зөвлөмж, дүрэм журам гаргаж авчраад…

-Та хэзээ нэгэн цагт Серб улсын ерөнхийлөгч болох байх аа.

-Та хаанаасаа ийм мэдээлэл авчихав аа. Би өөрөө энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна.

-Нутаг дахь нэр хүнд тань өөрийг чинь Австралийн тэмцээнд түрүүлэхээс ч илүү хялбарханаар ерөнхийлөгч болгоно гэж бодоод л…

-Уучлаарай, надад улс төрийн ямар ч амбиц байхгүй. Би тэр орчинд “цэцэглэх” хүн биш.

 

Орчуулсан

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *