Европын холбооны гишүүн улсуудын удирдагчдын нэгдсэн чуулганаар Украин, Молдавтай Европын холбоонд гишүүнээр элсэх хэлэлцээг эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель сэтгүүлчдэд мэдэгдэв. Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтаас гарсан энэхүү шийдвэрийг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ бол Украины ялалт. Бүх Европын ялалт.
Бидэнд шинэ урам зориг өгч, улам хүчирхэгжүүлж буй ялалт” гэж олон нийтийн Х сүлжээндээ бичжээ. Европын зөвлөл Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гаргах санал хураах үеэр энэ асуудлыг эсэргүүцдэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан танхимыг орхиж, Европын холбооны аль ч гишүүн хориглоогүй тул энэхүү шийдвэр хууль ёсны болсон юм. Харин Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооноос Украинд өгөх 54 тэрбум еврогийн эдийн засгийн тусламжаас гадна 24 тэрбумын цэргийн тусламж үзүүлэх асуудалд хориг тавьж энэ асуудлыг он гартал хойшлуулж чадсан байна.
Г.АМАРСАНАА