Categories
мэдээ нийгэм

Т.Төрбат: Монголын нийт уяачдын хууль ёсны эрх ашгийг улстөрчид болон ммсух-ны албан тушаалтнуудын ашиг сонирхлоос дор үзэх нь зохимжгүй DNN.mn

Монголын морин спорт, уяачдын холбооны ээлжит VIII Их хурал зохион байгуулагдах эрхзүйн орчин үүсээд бүтэн 10 сар өнгөрөөд байна. Өмнөх хурал нь мөн л адил жил тойрон сунжирч явсаар Улсын Их Хурлын сонгуулийн өмнөх жилийн эхэнд зохион байгуулагдаж байсан. Энэ удаад одоогийн нөхцөл байдлаас дүгнээд төсөөлөхөд ирэх 2024 он буюу сонгуулийн жил, тэр тусмаа сонгуультай ойрхон буюу өмнөхөн болох магадлалтай байна. Миний харж байгаагаар энэ нь юуг илтгэж байна вэ гэхээр тус холбоон дах улстөрийн нөлөө, оролцоо улам бүр л гүнзгийрч байгаа, цаашилбал эрх барих дээд байгууллага болох Их хурал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь түүнээс гарсан шийдвэрийн ач холбогдол, үр дагаварыг уяачид үнэлэхээ больж холбоонд итгэл үзүүлэх, эвлэлдэн нэгдэх үндсэн зарчим алдагдах гэх мэт ноцтой сөрөг үр дүнд хүрч болзошгүй юм. Иргэд олон нийт, тэр дундаа ялангуяа нийт уяачид тус холбооны хурлыг хүлээж, анхаарал тавьж байгаатай ижил зарим нэг нэр бүхий улстөрийн өндөр албан тушаалтан өөрийн биеэр “анхааралдаа авна” гэж мэдэгдсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж тус холбооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдах хүртэл нөлөө үзүүлсэн нь өнөөдөр болж буй бодит үйл явдал. Энэ бүхнийг нэгтгээд дүгнэхэд өнөөгийн нийгмийн тусгал тус холбоон дээр түрүүлж илрээд байгааг зориуд дурдах нь зүйтэй.

Яг одоо уяачдын дунд хамгийн ихээр яригдаж буй сэдэв бол хаврын хурдан морины уралдаан. Энэ асуудал дан ганц уяачид ч биш өргөн хүрээг хамардаг. Зөвхөн хурдан морины уралдааны зохион байгуулалтын хүрээнд оролцогчид гэлтгүй хурдан морийг уралдуулах, уяж сойх үндэс болсон тэжээж арчлахаас эхлээд олон сарын турш болж өрнөдөг үйл явцын урьдчилсан бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг дагасан эдийн засгийн асар том салбар үндсэндээ бүхэлдээ уначихаад байна. Дээрээс нь хурдан морины уралдаан бол манай улсын адууны аж ахуйн үржил селекцийн бодлогод голлох нөлөөг үзүүлдэг, түүний үр дүнг илтгэдэг үндсэн шалгуур байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд гадны үүлдэрийн адуугаар эрлийзжүүлэх болсон энэ цаг үед хаврын хурдан морины уралдааныг хорьсноор тухайн адуунуудад сонгон шалгаруулалтыг оновчтой явуулах, манай орны нөхцөлд тохирохгүй хэлбэрийг олж тогтоох, хариу арга хэмжээ авах гэх мэтээр уяачид, малчид нь бодит амьдрал дээр турших нөхцөл бололцоог хязгаарласан учир цаашдаа манай улсын адуун сүргийн бүтэц уралддаг нэртэй хэдэн байшингийн адуутай, бэлчээрээр чүү ай онд ордог буюу зөвхөн идэшний зориулалтын давжаа нутгийн адуутай болох төсөөлөл харагдаж байна. Бидний өнөө цагт ирсэн түүхэн замнал, өвөг дээдсийн захиж үлдээсэн уламжлал, соёлын өв гэх мэт үнэт зүйлс маань бага багаар алсарсаар байгаагийн үндсэн нэг том шалтгаан бол хаврын хурдан морины уралдааныг хорьсон шийдвэр гэдэг нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд, цаашилбал жил ирэх тусам мэдрэгдэж, нотлогдсоор байна. Мөн богино зайн уралдаануудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж хардаг. Энэ нь уяачдын дунд их маргадаг сэдэв болох эрлийзжүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нэг нөхцөл болох магадлал бас бий.

Хүүхдийн эрхийн тухайд ярьвал манай уяачид нийгмийн зарим нэг хэсэг бүлэг хүмүүсийн хэлж ярьдаг шиг бус, эсрэгээрээ хүүхдийн эрхийг хамгаалагчид байх нь дийлэнх олонх. Хэзээнээсээ монголчууд хурдан морины хүүхдийг хүчээр мордуулж байсан түүх үгүй. Морь, хүүхэд, эзэн гурвын өм нэг цэгт очиж байж морь айрагддаг гэсэн итгэл үнэмшилтэй. Энэ нь хүүхэд хэрвээ дургүй л байвал морь сайн давхихгүй гэж үздэг хэмээн шууд ойлгож болно. Хэдийгээр харамсалтай явдал тохиолдсон тоо баримт бий хэдий ч энэ нь шууд хурдан морины уралдааныг үгүйсгэх шалтгаан болох ёсгүй. Хатуухан хэлэхэд төрөх, үхэх бол бидний оршин буй хорвоогийн мөн чанар, жам. Бид орчлонгийн гай түүтгэр бүхний өөдөөс хүчин мөхөсдөнө гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэсэн ч хүн төрөлхтөн үүний эсрэг тасралтгүй сөрж тэмцэж ирсэн, тэмцсээр ч байгаа. Морин уралдааны орчинтой холбож ярьвал үндсэн суурь хэм хэмжээ болох эрхзүйн орчин, чадамж, эвлэлдэн нэгдсэн хэлбэр, дүрэм болон уралдааны дүрэм, журмууд нь хурдан морины хүүхдийн эрхийг хамгаалах суурь юм. Миний хувьд холбооны Тэргүүлэгчээр ажилласан өнгөрсөн хугацаанд аливаа эрхзүйн үр дагавартай баримт бичиг боловсруулах гэх мэт ажилд хамгийн түрүүнд Үндсэн Хууль, хууль тогтоомжийг баримтлахыг хичээж ирлээ. Товчхон хэлэхэд хүний эрх, тэр дундаа уралдаанч хүүхдийн эрх, хурдан морины уралдаан зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох, учирч болзошгүй эрсдлийг арилгах хүртэл хандлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийг хичээж байна. Гэтэл эрх баригчдын зүгээс үүнийг улстөржүүлэхээс айдаг, улмаар уламжлалт соёлоо уландаа гишгэдэг харалган бодлого явагдсаар байна. Аливаа зүйлийг хүчээр шийддэг арга барил нь өнөөгийн нийгмийн тогтолцоотой уялдахгүй байгааг тун оновчтой олж харж, цаашид хамтын ажиллагаан дээр тулгуурласан хүүхдийн эрхийн хамгааллын асуудлыг тодорхойлохгүйгээр удаан явбал тэр бүр биднийг аз ивээхгүй байх магадлалтай. Үүний хохирогч нь хүүхэд байх ёсгүй гэдэг дээр бүгд санал нийлдэг хэдий ч хэт хувиа хичээх үзэл, ашиг хонжоо, нэрээ хоохойлсон эс үйлдэхүй зэргээс шалтгаалж эмгэнэлт тохиолдол дахин гарахвий гэдэг дээр үзэл бодлын хувьд нэгдэж, эрсдэлээс сэргийлэх урьдчилсан нөхцөл байдлыг бүрдүүлж ажиллах тал дээр анхаарах нь зүйтэй юм. Нэг үхрийн эвэр доргиход… гэдэг зүйл орчин цагийн мэдээллийн хурд болон эх сурвалжууд их болсон энэ үед бол нийцэхгүй гэж би үздэг. Одоо бол хүн сургаар, дам яриагаар мэдээлэл авах биш, олон эх сурвалжаас мэдээ мэдээллийг авч дүн шинжилгээ хийх боломжтой. Энэ утгаараа цэрэг үхэхэд армиийг бүхэлд нь, өвчтөн нас барахад эмч нарыг, хүүхэд уйлахад багш нарыг нийтэд нь харлуулдаг гэх мэт нийгмийн сүлжээний үзэгдэл цаашдаа багасах, арилах жамтай. Бид аливаа учрал тохиолдол бүхэн шалтгаантай, түүний үүрэг хариуцлагын асуудал яригддаг, хэрэгждэг, бас асуудлын цаана мянга, мянган хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг гэдэг дээр удахгүй нэгдмэл байр сууринд хүрнэ гэдэгт би итгэдэг. Тэр хүртэл хүүхдийн асуудал хурдан морины уралдаантай холбоотойгоор харлуулах, гүтгэх хэлбэрээр байсаар байна гэдгийг хүлээн зөвшөөрнө, оновчтой шүүмжлэлийг хүлээж авна л гэж боддог. Харин үүн дээр нэмж хэлэхэд хүүхэл хамгаалагч нар маань яагаад уяачидтайгаа хамтарч ажилдаггүй вэ гэдгийг гайхахын сацуу яг үнэхээр хүүхдийн төлөө юу гэдэгт эргэлзэх хүртэл харилцаа үүсгэдэг тохиолдол цөөнгүй байдгийг зориуд дурдъя. Уяачид бол хамгийн чухал энэ асуудал дээр хэзээд хамтрахад бэлэн.

Холбооны VIII Их хурлын тов одоогоор тодорхой болоогүй байна. Уг нь тус холбооны удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчдийн хурал хавар 3 сард хуралдаад товыг тогтоосон. Гэвч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүргэсэн явдал бол ямар ашиг сонирхолд үйлчлээд байгааг ойлгоход бэрх санагдуулж байна. Бид нэг зүйлийг бодолцох нь зүйтэй. Энэ холбоо бол Төв аймгийн Баян сумын нутагт адуучны отрын гэрт үүссэн түүхтэй. Одоо удахгүй 30 жилийнхээ ойтой золгоно. Бид өнгөрсөн хугацаанд ямар түүх бичсэн, цаашид яаж ч гажуудсан байлаа ч анх эхэлсэн цэг дээрээ л очно. Өөрөөр хэлбэл ямар ч зүйлд хэм хэмжээ гэж бас бий гэдгийг л хаа хаанаа тунгаамаар санагддаг. Өнөө цагийн дэлхий нийтийн технологийн хөгжил, даяаршлын эрин үед жам ёсоор биднээс аажим холдож буй эрийн гурван наадам, тэр дундаа морьтны соёлын өв бол монголчуудын мөн чанар, гарал үүсэлтэй холбоотой гэдгийг толгойдоо хадаж, хүндэтгэлтэй хандаж байгаасай гэж туйлын их хүсдэг хүмүүсийн нэг бол би. Нөгөө талдаа хүний хүсэл зориг, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, үзэл бодлын болон зарчмын зөрүүтэй ойлголтуудыг харилцан буулт хийх байдлаар алтан дундажийг олох, хязгаарласан болон хориглосон агуулгыг зөвхөн хууль зүйн үндэслэлтэй гаргаж тавих гэх мэт цаг үеийн болон нийгмийн шаардлага байгаа гэдгийг тун бодолцох нь зүйтэй.

Холбооны VIII Их хурлын төлөөлөгч нартаа хандаж уриалахад бид энэ холбоонд реформын шинжтэй өөрчлөлт хийх цаг нь болсон. Эс бөгөөс цаг үеэсээ улам л хоцорсоор байх төлөвтэй байна шүү гэдгийг л анхааруулмаар байна. Аливаа этгээд ч юмуу, цаг үеийн тухай шүүмжлэлтэй хандах арга барил хоцрогдсон. Одоо бид цаашаа хол харж, урт удаан хугацаанд түүхээ бичих зорилго өвөрлөх нь соёл, уламжлалаа нандигнан өвлөж буй тусгаар улсын иргэн байхын эх үндэс юм. Үүнтэй холбоотойгоор Др. Г.Төмөрхадуур гуайн “Уламжлал нь цаг үеийнхээ оюуны түвшин, ололт амжилтаар баяжигдан хөгжиж байж уламжлагдан үлддэг” гэсэн мэргэн үгийг нийт уяач нартаа хандаж хэлмээр байна. Та бүхэнд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *